МИКОнцлох

Ипотекийн зээл хүссэн иргэд Засгийн газар шийдэл олтол хүлээх болох нээ

Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгох, иргэд банк санхүүгийн байгууллагатайгаа харилцан тохирч, эргэн төлөлтийн хуваариа уян хатан болгох боломжтой гэсэн дүгнэлт ч гарчээ. Тодруулбал, Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамны холбогдох төлөөлөл орж, ажилласан ажлын хэсгийн судалгаагаар 8 хувийн зээлтэй 64420, 6 хувийн зээлтэй 16440, 5 хувийн зээлтэй 4400 зээлдэгч байгаа гэсэн статистик гарчээ. Тэднээс 64420 иргэний 8 хувийн зээлийн хүүг 6 хувь руу буулгахад 330 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардаж буй аж. Өөрөөр хэлбэл, 2 хувийн хөнгөлөлтийн хүүгийн зөрүүнээс үүсэх 330 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар арилжааны банкуудад олгох шаардлага үүсч буй юм.

Шадар сайдын зүгээс улсын төсөвт дарамт учруулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа гэж мэдэгдсэн ч банкны төлөөллүүд “боломжгүй” гэж үзжээ. Иймээс Засгийн газрын өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаас ипотекийн 8 хувийг 6 хувь руу буулгах шийдвэр гараагүй юм байна.

Ипотекийн зээлтэй холбоотойгоор анхаарал татаж буй нэг асуудал нь арав гаруйхан хоногийн дараагаас Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлэхгүй болжээ.

Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан 2017 оны үеэс төв банкийг ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргахгүй байх анхааруулга өгч ирсэн. Гэвч Засгийн газраас тус зээлийн санхүүжилтийг гаргах эх үүсвэр байхгүй тул арга буюу Монголбанк анхааруулгыг зөрчин, санхүүжилтийг шийдвэрлэсээр ирсэн билээ.

Тэгвэл энэ удаад Дэлхийн банкнаас өгсөн зөвлөмжийн дагуу Засгийн газар Монголбанкнаас гаргаж байсан ипотекийн зээлийн эх үүсвэрийг цаашид хаанаас гаргаж, хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг асуудлыг Сангийн яам, Барилга хот байгуулалтын яамныхантай ярилцаж, шийдлээ Засгийн газрын хуралдаанд эргэн танилцуулахыг Ерөнхий сайдын зүгээс үүрэг болгожээ.

Цар тахлын нөлөөгөөр 2019 оноос эдийн засаг хүндэрч, ажилгүйдэл нэмэгдсэнээр ипотекийн зээлтэй иргэдэд хүндээр тусаж эхэлсэн юм. Энэ асуудлыг Засгийн газар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргаж зөөллөсөн. Дээрх шийдвэрийн хүрээнд 50 мянга гаруй зээлдэгч зээл төлөлтөө хойшлуулсан байдаг.

Гэвч зээл төлөлт хойшилсноос шинээр ипотекийн зээлийн хүсэгчдэд хүндрэл учирч эхэлсэн. Учир нь, зээлийн эх үүсвэр хангалттай бус байснаас арилжааны банкууд ипотекийн зээл олголтоо түр хугацаагаар хойшлуулах, шинээр зээл хүсэгчдийн хүсэлт хүлээн авахгүй байх зэрэг зохицуулалт хийж ирсэн.

Шинэ он гарангуут ипотекийн зээлийн санхүүжилт сайжрах болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байсан ч Монголбанк энэ төрлийн зээлийн санхүүжилтээ зогсоож, дараагийн шинэ эх үүсвэрийг хаанаас бүрдүүлж, гаргах вэ гэдэг шийдлийг Засгийн газар олтол  бас л иргэд хүлээх болж байна.

Хэдийгээр ипотекийн зээл төлөлт эхэлснээр арилжааны банкууд дээр эх үүсвэр бүрдэж эхлэх ч энэ нь шинээр зээл хүссэн иргэдэд хүртээмжтэй бус гэж үзэж буй юм. Одоогоор 20 мянга гаруй иргэн шинээр ипотекийн зээл хүсэн, арилжааны банкуудад хүсэлтээ гаргасан байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close