ЯрилцлагаОнцлохОрон нутаг

Д.Жамбалсүрэн: Сэтгэлзүй бэлтгэгдэж, хүнд туслах үйлдэл дадал болж хэвшдэг

“Онцгой мэдээ” сонины “”Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч Доржсүрэнгийн Жамбалсүрэнг урьлаа. Тэрбээр Онцгой байдлын албанд 2006 оноос хойш 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

– Онцгой албанд үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөсөн түүхээс нь яриагаа эхэлье?

2006 оны улсын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнийг Улаанбаатар хотод болж байхад нь үзэж таараад энэ спортоор хичээллэх сонирхол төрж байлаа. Онцгой байдлын байгууллагын аврагч-гал сөнөөгчдийн мэргэжлийн спорт гэдгийг судалж, мэдээд орох хүсэлтээ анх өгсөн. Албандаа орсон үеэс  2015 он хүртэл есөн жил энэхүү спортоороо хичээллэн, 2009 онд Хэнтий аймагт зохион байгуулагдсан бүсийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд спортын мастер цолны болзол хангаж, 2019 онд цол тэмдгээ гардан авсан түүхтэй. Баг, хамт олноороо 2010 оны  улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2011 онд Говьсүмбэр аймагт болсон бүсийн аварга шалгаруулах тэмцээний 4х100м, байлдааны тархалтын төрлөөр алт, саадтай 100 м-ийн төрөлд мөнгө, 2012 онд Өмнөговь аймагт болсон улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний довтолгооны шатны төрөлд шигшээ багт шалгарсан амжилтуудыг үзүүлсэн байна.

-Сонирхолтой сонголт байна. Гэхдээ анхны дуудлага албаны онцлогийг илүү мэдрүүлсэн болов уу?

 2007 онд Дорноговь аймгийн Даланжаргалант суманд хүн төөрсөн гэсэн дуудлагаар анх үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр үед ахлах ахлагч А.Оч-Эрдэнэтэй хамт явсан юм. Хүйтэн, ширүүн уур амьсгалтай. Хүний араас хүн хайж явах тийм ч амар байгаагүй. Онцгой байдлын аврагч гэдэг тэсвэр хатуужилтай байж, бие сэтгэлээ маш сайн бэлтгэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Түүнээс хойш алхам тутамдаа өөрийгөө бэлтгэж, хамтран зүтгэгчдээсээ суралцаж, зэмлэлээс сургамж авч өнөөг хүрсэн. Шинэ, залуу аврагч нартаа анх ажилд орж байсан тухайгаа, анхныхаа дуудлагын талаар сургамж болгон ярьдаг тийм л цаг үедээ ирсэн байна. /инээв/ Бүс, нутгийн онцлогоос шалтгаалан шороон шуурганы улмаас сураггүй алга болсон, төөрсөн болон босоо тэнхлэгийн авто замтай учраас зам тээврийн ослын дуудлагаар зонхилон үүрэг гүйцэтгэдэг.

– Үүрэг гүйцэтгэж байгаа дуудлага бүр онцлогтой. Өөрөөрөө бахархаж байсан аврах ажиллагааны талаар сонирхуулаач?

Дуудлага бүрийн цаана хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал байдаг. Цаг алдалгүй газар орон дээр очиж үүрэг гүйцэтгэх нь бидний үүрэг шүү дээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөгт хоёр автомашин мөргөлдөж, есөн хүн бэртсэн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн юм. Осолд орсон хүмүүсээс хоёр хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан. Аврах ажиллагаа явуулж,  иргэдийг эмнэлгийн байгууллагад нь шилжүүлж өгсөн юм. Маргааш өглөө нь эмнэлэг рүү ярьж, хүнд байсан хоёр хүүхдийн биеийн байдлыг эмчээс асуутал цаг алдалгүй хагалгаанд орж амжсан, аюулгүй гэж хэлэхэд нь хамгийн их баярлаж, бахархаж байсан. Ажлынхаа бус цагаар, амралтаараа явж байгаад төөрсөн, автомашин эвдэрсэн, шавар, цасанд суусан хүмүүст тусалж л байдаг. Мэргэжлийн өвчин гэхээс илүү сэтгэлзүйн хувьд бэлтгэгдэж, хүнд туслах үйлдэл дадал болж хэвшдэг онцлогтой гэж боддог. Мөн хүн байхыг илүүтэй сургадаг шүү дээ ажил, алба маань.

-2017 онд Онцгой байдлын байгууллага “Эрэлч нохойн алба”-тай болж,  2018 оноос улсын хэмжээнд нохойн хөтлөгчийг бэлтгэж эхэлсэн. Энэ мэргэжлийн анхны суралцагчдын нэг та байх аа?

 Тухайн үед байгууллагынхаа удирдлагатай ярилцаад нохой хөтлөгч болох сургалтад хамрагдаж, нохойн хөтлөгчөөр үүрэг гүйцэтгэж байна. Маяа дуудлагатай нохойг  3 настай байхад нь сургаж, дадлагажуулж, хамтран үүрэг гүйцэтгээд 3 жил гаруй болж байна. Нохой маань одоо 6 настай.  Өнгөрсөн онд Шивээ сумын төвөөс зүүн зүгт хүн алга болсон дуудлагаар эрэлч нохойн тусламжтайгаар эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч байлаа. Байнгын дасгал сургуулилт хийж, дадлагажуулна. Нохойныхоо гаргаж байгаа үйлдэл, дохиог маш сайн мэддэг болохоор хамт үүрэг гүйцэтгэхэд хялбар байдаг. 

-Таны ажлын эрч хүчийг нэмдэг, өөрийгөө амраадаг хобби юу вэ?

Загасчлах дуртай. Гадаадын оронд гэхээс илүүтэйгээр Монголынхоо үзэсгэлэнт байгаль орчноор аялж, зугаалахыг хичээдэг. Гэр бүлдээ цаг заваа зарцуулж, өөрийгөө амраадаг даа. Манайх ам бүл дөрвүүлээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг маань Б.Отгончимэг гэдэг. Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажилладаг. Том хүү Ж.Тэмүүлэн гуравдугаар анги, охин Ж.Цэцэнгоо нэгдүгээр ангид суралцаж байна.

-Бид тэр бүр баярласнаа, хайртайгаа илэрхийлээд байдаггүй юм шиг санагддаг. Сэтгэл, зүрхэндээ л түүнийгээ тээж, “тэжээгддэг” шүү дээ. Энэ мөчид баярласнаа илэрхийлээч гэвэл хэнд хэлэх  бол?

Эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлсэн ээж, аавдаа, амаргүй албанд ажиллахад арыг минь найдвартай даадаг хань, хоёр сайхан үрдээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн өнөөг хүртэл ажиллахад дэмжиж тусалж байсан үе, үеийн удирдлагууд болоод одоо ажиллаж байгаа мөрдөст нэгт, дайчин нөхдөдөө талархлын үгээ дамжуулж байна.

– Танд ч гэсэн энэ бүх хүмүүсийнх нь өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна..?

Шантрах үе хүн бүрт л байдаг. Өнөөг хүртэл “Өөрт оноогдсон ажлыг ял биш өөрийгөө харуулах боломж гэж харж бай” гэдэг үгээр зоригжуулж, бас зарчим болгож ирсэн. Зүтгэлийн үр шимийг цаг хугацаа л харуулдаг гэж ойлгодог. 2012 онд Онцгой байдлын байгууллагын “Шилдгийн шилдэг аврагч”-аар шалгарч байлаа. Байгууллага маань өдрөөс өдөрт хөгжиж, ажиллах орчин нөхцөл болоод шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр үүрэг гүйцэтгэх боломж бүрдэж байна. Албанд үүрэг гүйцэтгэж эхэлж байгаа, үүрэг гүйцэтгэх зорилготой залуус дүү нартаа сэтгэл, зүтгэлтэй байгаарай л гэж захих байна. Хийж байгаа ажил мааь гэгээлэг, бусдын хайрыг татдаг болохоор албаараа бахархахгүй байхын аргагүй сайхан шүү дээ.  Дүрэмтээрээ гоёж, үүргээрээ ялгардаг Онцгой байдлын албаны яруу алдар мөнхөд бадрах болтугай.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close