Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэв
Шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглүүлж, хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг нарийвчлан тусгасан Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ц.Сэргэлэн, Ц.Мөнх-Оргил, Б.Жаргалмаа нар ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгээс өнөөдөр (2022.11.07) Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол Улсын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, Шүүх шинжилгээний тухай хуулийн төсөлд дурдсан “Сэтгэцэд учруулсан хор уршиг, нөхөн төлбөрийг тогтоох” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олон нийтэд нээлттэй зохион байгуулсан бол энэ удаа эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байгаагаа дурдав.
Иргэний хуулийн 228, 229, 230 дугаар зүйл болон Тавин хоёрдугаар бүлгээр гэм хорын асуудлыг зохицуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл сэтгэл санааны хохирлыг тооцон нөхөн төлбөр олгож байгаагүй аж. Монгол Улсын шүүхийн практикт гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохиролд буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр авсан кейс бусад хохирлыг нэхэмжилж шийдвэрлүүлсэн тохиолдол цөөн байдаг байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох талаар зохицуулсан. Тодруулбал, 14 бүлгийн 86 гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоохор заасан байгааг Э.Бат-Амгалан гишүүн хэллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл дэх сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцох зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулав. Сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулах гэж нийтээрээ ярьж хэвшсэн ч хуулийн төсөлд “сэтгэцэд учирсан хор уршиг” хэмээх нэр томьёог хэрэглэсэн нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль дахь нэр томьёоноос үүдэлтэйг тэрбээр онцолж тайлбарласан. Сэтгэцэд учруулсан хор уршгийг тооцох гадаад улс орнуудын туршлагыг судалсны үндсэн дээр хоёр аргачлал нийтлэг жишиг болсон байдгийг тэрбээр тайлбарласан. Тодорхой өгөгдлийн хүснэгт ашиглан мөнгөн хэлбэрээр эдийн бус хохирлын нөхөн төлбөрийг тооцох, эсвэл шүүгч эрх зүйн практик дээр үндэслэн нөхөн төлбөрийг тооцох гэсэн хоёр төрлийн аргачлал байдаг аж.
Бусад улс орны болон Монгол Улсын шүүхийн практикт сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг барагдуулж байсан туршлагын талаар П.Сайнзориг дарга дэлгэрэнгүй танилцуулсан юм. Эрүүгийн хуульд заасны дагуу эмчилгээ, оршуулга, тээврийн зэрэг бодит хохирлыг манай улсын цагдаа, прокурор, шүүхээс тооцож, барагдуулаг. Харин эрх зүйн орчин тодорхойгүйн улмаас сэтгэцэд учруулсан хор уршгийг тооцож, барагдуулдаггүй байна. Гэхдээ хэргийн нөхцөл байдал, хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалт зэргийг харгалзан шүүгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ашиглан сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон цөөн тооны тохиолдол байдаг аж.
Шүүх шинжилгээний тухай болон дагах хуулийн төсөлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах субьект, харгалзан үзэх нөхцөлийг тодорхойлсон байна. Түүнчлэн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтооход хамаарал бүхий Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг тодорхой заажээ. Хор уршгийг мөнгөн дүнгээр тооцох, нөхөн төлбөрийг авах этгээдийг нарийвчлан төсөлд тусгажээ.
Шинжилгээ хийлгэх шийдвэрийг шүүх, прокурор, мөрдөн байцаагч гаргах бөгөөд шүүх шинжилгээний байгууллага Эрүүл мэндийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтран баталсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргах юм байна. Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоосон шинжээчийн энэхүү дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхээс тогтоосон нөхөн төлбөр тогтоох жишиг аргачлалыг ашиглан шийдвэр гаргах юм байна.
Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 86 гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх; гэмт хэргийн улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон байх; хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх; сэтгэцэд учирсан хор уршиг нь шууд хохирогчид, эсхүл шууд бус хохирогчид учирсан байх; түр зуурын шинж, эсхүл байнгын шинж чанартай хор уршиг сэтгэцэд учирсан байх зэрэг нөхцөлийг харгалзсан үзэхээр төсөлд тусгажээ. Сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон тохиолдолд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтын жишиг, мөнгөн дүнгийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Шүүх шинжилгээний тухай хуулийг төслийн хүрээнд шинэчлэн найруулсан тохиолдолд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад оруулах зохицуулалтын талаар мөн П.Сайнзориг дарга танилцуулсан.
Танилцуулгатай холбогдуулан оролцогчид төслийн зохицуулалт, нэр томьёоны тайлбар, олон улсын туршлага, мэргэжлийн тайлбар, шүүхийн практикт шийдэгдэж байсан кейсүүдийн талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.