Зочны ярилцлагаОнцлох

А.Шартолгой: “Саран хөхөө” бол дээд амгалангаас хариу зөвшөөрөл нь ирсэн цорын ганц зохиол гэдгийг би бардам хэлж чадна

Даруу даруу гэхэд дэндүү даруу, олны нүднээс далдхан амьдардаг нэгэн эрхэм хүнийг энэ удаа зорьж уулзлаа. Тэр хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Авидын Шартолгой юм. Ноён Хутагтын ивээлд багтсан гэмээр энэхүү зохиолчтой өнгөрсөн-одоог холбосон ийм нэгэн ярилцлага бүтээлээ.

-Та энэ жил хэд хүрч байна даа?

-87-той л болж байна даа.

-Хийтэйгээ юу, төрд данслагдсанаараа юу?

-Төрд данстайгаараа. Гурван сарын дараа гэвэл насан сүүдэр 88-ны босго алхах нь. Билгийн тооллоор бол 89 гэсэн үг биз.

-Би таныг хийдгээ хийчихсэн, рашаан сувиллын газар ээрүүлдсэн шиг амар жимэр яваа юм бодож байлаа. Гэтэл дуулах нь ээ, та чинь шинэ номоо хэвлүүлсэн сурагтай. Ямар нэртэй хэд дэх номоо гаргачихав?

-“Ноён гэгээний тууж”-ийнхаа гуравдугаар дэвтрийг гаргалаа. Арван зургаа дахь ном байх, Түүний ес нь Говийн догшин ноён хутагттай холбогдолтой юм. Түүнээс гадна “Саран хөхөө” жүжгийн шинэтгэсэн хувилбар жүжиг, “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг бичжээ. Төвийн театрууд аль хэдийнэ тавигдсан. Чи лав үзээ байлгүй. Харин зарим судлаачдад таалагдаагүй юм уу, ач холбогдол өгдөггүй юм шиг байна билээ. Тэр ч нэг их хамаатай асуудал биш. Би хэн нэгэнд таалагдах албагүй юм. Би говь, Равжаа хоёроо өөрийнхөө хэмжээнд хэнээс ч илүү төсөөлнө. Хийе гэснээ л хийлээ, чадах хэрээрээ л бичиж үлдээлээ. Сүүлийн 20 жилийн хөдөлмөр юм байгаа юм.

-Та номоо яаж бичдэг юм бэ. Компьютер дээр шивэх үү?

Үгүй ээ, гараар биччихдэг. “Жиком пресс”-ийн Д.Ганболд, түүний эхнэр хоёр л ном болгодог юм. Тэр хоёр хүн байгаагүй бол би ном гаргах тухай саналтгүй.

-Хөөх, ямар буянтай хүмүүс гээч нь вэ?

-Би авьяастай чадалтайдаа энэ хэдэн номыг гаргасан юм биш. Эртний ерөөлөөр учирсан бурхны элч байх. “Жиком пресс” хэвлэлийн компанийн захирал, доктор Д.Ганболд, түүний гэргий Ш.Ариунтунгалаг хоёрын сайхан сэтгэл, нөхөрсөг ёсны тусламж дэмжлэгтэйгээр би өдий олон номыг энэ насандаа уншигчдадаа хүргэлээ. Тэд байгаагүй бол би эд бүгдийг хийж чадахгүй байсан. Одоо миний энгэр дээр МЗЭ-ийн шагнал, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон байна. Хэдийгээр төр засаг надад соёрхон хайрласан нь үнэн боловч санаагаар болдогсон бол энэ хоёр хүний энгэр дээр л очилтой шагнал. Төрийн хайр хишгийг би эс хүндэтгэсэндээ биш, журмын сайн нөхдийн сэтгэл зүтгэл, сайн санааны үүднээс над руу тэнийсэн алтан мутрын ач ивээл дор миний номууд уншигчдын гарт очих алтан боломж тохиосон юм. Эднийх зөвхөн ганц миний номыг ч биш цадиг түүх, шашны гүн ухаан, хэл шинжлэл, эртний уран зохиол, эрдэмтэн мэргэдийн гайхамшигтай цувралууд, дурсамжийн ховор нандин дурдатгал болоод залуу зохиолчдын анхны ном эндээс л ундран гарч байдаг буянтай хамт олон юм шүү.

Дорноговийн гурав

-Таны багад Дорноговьд Ухна, Ухнаа гэсэн нэртэй хүн олон байсан гэдэг. Шартолгой гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ. Таны хүүхэд нас хаагуур хэрхэн өнгөрөв?

-Та миний бага насны амьдрал, ам бүл, Авидын Шартолгой гэсэн нэрийн тухайд асууж байх шиг байна. Би чинь айлын өргөмөл хүүхэд. Тэглээ гээд энд нууцлаад байх этгээд онцгой зүйл байхгүй. Энэ талаар бичвэл бэсрэгхэн туужийн дайтай юм бичиж болохоор. Ганц та ч биш, өөр ганц нэг хүмүүс асууж шалгааж байсан удаа ч бий. Тодорхой түүх намтар ярьвал юм байлгүй яах вэ. Гэлээ гэхдээ миний амьдрал бол хүмүүний амьдралд байдаг ердийн л нэг амьдрал. Би бусдын адил эгэл жирийн амьдралыг туулж ирсэн нэгэн. Зовлон зүдгүүрт унаж шаналах өдөр хоног байхад жаргалтай, сэтгэл тэнүүн явсан өдрүүд олон байсан.

-Сургууль соёлын мөр хаанаас эхэлж хөөсөн бэ?

-1950 оны үед аймагтаа бага сургууль төгсгөсөн. 1954 оноос Зүүнбаян дахь. Нефтийн үйлдвэрт Авто техникийн мэргэжлээр 10 жил ажилласан. 1975 оноос хойш хот, хөдөөгийн соёл урлагийн байгууллагуудад ардын ердийн ажилчин хийж байгаад, 1990 онд насны чөлөөнд гарсан. Одоо хүртэл уран бүтээлдээ хөтлөгдөж сууна. Би ер нь хомсхон намтартай хүн дээ.

“Ялалт” сонины хайриуцлагатай нарийн бичгийн дарга Д.Намжилдорж, сэтгүүлч Л.Сандуй, зохиолч Б.Догмид нарын хамт.

-1969 онд Дорноговь аймгийн театрын тайзнаа “Намын даалгавраар” жүжиг тань тавигдаж байж. Тэгэхээр та түүнээс ч өмнө үзэг цаас нийлүүлж байсан болоод байгаа юм?

-1957 оноос шүлэг зохиол сонирхож, эхлэн бичигч болсон. Дорноговийн соёл урлагийн байгууллагад ажиллаж байхдаа таван жүжиг тайзнаа тоглуулсан байдаг. Одоо эргээд бодоход үзэл сурталд автсан цаг үеийн номлол байж. Бүгдийг нь устгаад галд оруулчихсан. Тухайн цаг үедээ болж л байсан юм байлгүй. Зарим нь зүүн гурван аймгийн Соёлын ордны урлагийн үзлэгт тэргүүн байр эзэлж байж билээ.

-Та чинь Л.Ванган гуайн шавь гэгддэг байх аа?

-Тайз дэлгэцийн бүтээлд намайг Л.Ванган багш маань эргэлтгүй хөтөлсөн хүн дээ. Гэвч би одоог хүртэл олигтойхон юм бүтээж амжаагүй л явна. Бодож санаж яваа юм нэлээд бий. Чөтгөр чөлөө өгч, бурхан насны авшиг хайрлах болтугай гэхээс өөр хэлэх юм алга.

-Та Зохиолчдын эвлэлийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож явсан байх юм?

-Монголын Зохиолчдын Эвлэлийн 2, 4, 5, 6, 7 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож байлаа. Тэгсэн хэрнээ бүр сүүлд 2002 онд гишүүнээр арай гэж элсүүлсэн. Энд бусдын буруу гэж байхгүй. Мөрөн голын мөсөн цөн шиг урсгалаараа л болсон явдал.

Яруу найрагч Ц.Чимиддорж, Д.Оюунбадрах нарын хамт. Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал авсаны дараа

-“Үлэмжийн чанар”, “Саран хөхөө”, “Ноён гэгээний тууж”, “Д.Равжаагийн амьдралын мөчлөг”, “Ноён Гэгээний нутгаар” гэхчлэн таны зохиол бүтээлийн цөм нь Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн тухайд юм. Би бодож байна л даа, танд хутагтын бүтээл туурвилыг дэлгэрүүлэхийг зөвшөөрсөн, адисласан ямар нэг далдын хүчний дохио, зөн, санамж сэрэмж мэдрэгдэж байсан удаа байна уу. Надтай нас ойролцоо нэг зохиолч хутагттай холбоотой томоохон туурвил хийюү гэтэл хориг тавьсан зүүд зүүдлээд, тэр санаагаа тэгсгээд орхисон гэж ярьж байсан?

-Нэг үеэ бодвол өнөө цагт өвгөдийн далд хүчний тухай болоод зургаа дахь мэдрэхүйн талаар их ярих болж. Хэрвээ үнэн бол сайн хэрэг. Хүмүүн төрөлхтний түүхэнд ер бусын сод ухаантан олон байсан гэх боловч ёр зөн хийгээд зургаа дахь мэдрэхүйн талаар амьдрал дээр ноттой батлагдсан нь Болгарын Ванга эмээгээс өөр хүн байна уу. Энэ талын эрэл сураг бүх цаг үед байсан. Гитлер Баруун Европыг донсолгож байхдаа Шамбалын орон байдаг эсэхийг олж тандуулахаар Энэтхэг, Төвөд рүү тусгай нууц экспедицийг илгээж байсан гэдэг.

Оросын суут эрдэмтэн Н.Рерих ч мөн адил Шамбалын орны үүд хаалгыг олж нээх гэж насныхаа хамаг ид ирмүүн үеийг цаст Гималайн орчинд хэрэн бэдэрч өнгөрүүлсэн. Энэ бүгдийг юу гэж хэлэлтэй вэ? Ер нь Шамбалын орон гэж байсан юм уу гэсэн асуултад хариу олоход хүрэх биш үү? Энэ л учир Н.Рерих “Гэгээн Шамбал” номоо бичиж үлдээхэд хүрсэн биз. Тэгтэл 1851-1853 онд ноён хутагт Данзанравжаа Хамарын хийдийн хойд дэнж Луутын цав газарт 108 суварга бүхий Шамбалын оронд зорчих үүд хаалгыг тэгчилэн бүтээсэн.  Энэ нь хойч үеийн хүмүүс болоод эгэл шавь нартайгаа уулзахын ерөөл тавьсан хэрэг юм.

Үүнийг үлгэр домгийн явдал гэж үзмээр байвч Н.Рерих эцэс төгсгөлгүй их эрлийн эцэст “Шамбалын орон Монголын говьд байна. Мөн Шамбалын нууц түлхүүрийг барьсан нэгэн хүн Монголын говьд байна” гэж 1928 онд бичсэн нэг бүтээлийг хүмүүс хэдийнэ мэдэх байх. Энэ мэт их үйлсийн үзүүр, зангилааг өчүүхэн над мэттэй холбогдуулан асуулт тавих нь хэтэрхий хэтийдсэн хэрэг болов уу. Надад дэндүү ахадсан асуулт юм даа.

-Яруу найрагч Р.Чойномтой холбоотой бүтээл таны бүтээлүүд дотор харагдана билээ. Та өөрөө ийм намуухан, дотогшоо хүн атал барьж авсан эзэн бие, сэдэв, хүрээ нь билиг танхай, таны эсрэг зүгт хандсан чигтэй байгаад байдаг. Үүнд ямар нэг сэжим байна уу эсвэл би холбогдуулж ойлгоод байна уу?

-Та бас Чойномын тухай асууж байна. Би “Р.Чойном” уянгын өчил бүхий драмын жүжиг бичжээ. Тэрхүү жүжиг маань Улсын драмын эрдмийн театрт 2007 онд тоглогдож байжээ. Р.Чойном бол бидний дунд саяхныг хүртэл оршин байсан хүн. Тиймээс Равжаагаас их холгүй. Би энэ зохиолоо хувь хүний дүрийн сэтгэлгээний өргөн цар хүрээ, сэтгэлийн дотоод зөрчил дээр тулгуурлан дахин шинэчлэн бичиж байна. Одоо тэгээд хэн намайг тоож, түүгээр бүрэн хэмжээний кино хийх билээ, зардал төсөв нь ч дийлдэхгүй биз. Өөр төрөл жанрт буулгаж байгаа. Энэ талаар олныг ярихад эрт байна.

Гэргий Ц.Банзрагчийн хамт

-Таны үеийнхэн бүтээж туурвихын төлөө төрсөн хүмүүс. Уран бүтээл, мөнгө санхүү хоёрыг нэг саванд багтах юм гэж төсөөлөө ч үгүй явтал нийгэм солигдчихсон. Ганц зохиолч гэлтгүй олон уран бүтээлч хог дээр хаягдсан. Шилжилтийн гэх тэр үеийг хэрхэн даван туулав?

-Хань минь миний уран бүтээлийн хамгийн тулах төв цэг байлаа. Түүнийгээ бурхны оронд заларснаас хойш тархи байвч сэтгэл хоосорсон доо. Арай гэж хэдэн жил дамнуулж байж, туужийнхаа гуравдугаар дэвтрийг сая дуусгалаа. Сайхан хүүгийн түшиг, сайн нөхдийн дэмжлэгээр явж л байна даа. Нийгэм шилжилтийн үед би бусдын адил гудамжинд гарсан. Ном хэвлэл зарж, цагаан утас ажиллуулж төлбөртэй яриа яриулж, гар утасны карт зарж, ундаа, мөхөөлдөсхөн худалдаж, цагдаад баригдаж, ном сониноо хураалгаж, элдвийг үзэж явлаа. Тэр жилүүдэд хүү бид хоёрыг хань минь л эсэн мэнд авч гарсан даа. Үр, хань хоёроо тэжээж хувцаслах гэж хань минь өдөр шөнөгүй дээл оёж, түүнийгээ зарж борлуулах гэж бараан захын хөлдүү талбайд өвөл зунгүй зогсож байж биегүй болж, эрүүл мэндийн хувьд нэрвэгдэн урт наслаагүй гэж боддог. Ханийнхаа төлөө, хүүхдүүдийнх нь ач ивээлээр буяны суварганд чандарлуулсанаас өөр юу ч хийж чадаагүйдээ одоо хүртэл гансарч суудаг. Хань минь надад хэзээ ч гомдол, тунирхлын үг хаяж байсангүй. Эрүүл саруул болох гэж 46 жилийн ихэнх хугацаанд хоёулаа эмнэлгээр явж байхдаа бид хэн хэндээ тунирхах зав байсангүй. Тийм шалтаг ч гарсангүй, дөнгөн данган эв эрүүл, сав саруул болоод ирмэгцээ л хэдхэн хоногийн дараахан бурхны оронд явчихсан даа. Одоо хэдий сайн сайхан явлаа ч ханийг минь орлож тайтгаруулах юм энэ хорвоо дээр даанч алга. Уран бүтээл оролдож, өөрөө өөрийгөө аргадаж хуурч суух юм даа. Хааяа хэдэн ач дээрээ очихоор сэтгэл доторх далд нууцын бүх шаналан мартагдаж, сэтгэл минь саруусдаг.

-Найруулагч нь хэн байна, кино нь тийм байдаг гэлцдэг. Таны бүтээлийг би бүхэлд нь тодорхойлно гэж юу байх вэ. Гэхдээ нэг үгээр хэлвэл, ГЭГЭЭРЭЛ гэсэн ганц үг санаанд бууж байна. Та өөрийнхөө жүжиг, ном зохиол, судалгааны бүтээлээрээ уншигчдад ямар нэг зүйлийг хэлэх юм сан гэж боддог уу?

-Би өөрийн зохиол бүтээлээрээ хэн нэгэн уншигчдад сургамжлал, айлдлал тулгахыг хүсэж явсангүй. Уншсан хүн хэрэгтэйгээ авна, хэрэггүйгээ хаяна. Тухайн үед сэтгэлд буусан бодол санаашрал, өчил үг, дүр дүрслэл, үйл явдлыг амьдралын үнэн, түүхийн үнэн, уран сайхны үнэн гуравт аль болохоор ойртуулж бичихийг хичээдэг. Энэ далимдаа говь нутгийнхаа намтар, түүхийн аль нэг хэсгийг шигтгэж үлдээхийг хичээдэг. Алтайн хасаг Агийн буриад нэгэн ирж, манай говийн амьдрал түүхийг бичих нь юу л бол.

Зохиолч Б.Догмид, Д.Цоодол нарын хамт

-Одоо та юу хийе гэж бодож байна даа?

-Хувийнхаа уран бүтээлийг л хийнэ дээ. Хөтлөгдөж явсан олон сэдэв одоо ч хөндөгдөөгүй цээжинд явна. Та түрүүнд асуусан даа, хутагтын тухай бичиж туурвих хүн бол би юм байна гэж. Би хэзээ ч тийм юм бодож явсангүй. Надад ямар нэг далд хүчний дохио, санамж, сэрэмж ирж байсан удаагүй. 1990 он гэхэд би чинь Равжаагаас ч хэн болохыг сайн мэдэхгүй амьтан явав шүү дээ. Нэг мэдэхэд “Саран хөхөө” жүжгийн шинэтгэсэн хувилбарыг бичээд, доктор Л.Хүрэлбаатараар “Чи түүнд гар дүрэх ямар жүд авсан эрхтэй хүн бэ. Ямар адис жанлав хүртсэн хүн юм” гэж зад загнуулж байлаа.

Гэхдээ тэр хүн бүтээлч сэтгэлээр хандаж, энэ замд намайг цааш нь хөтөлсөн юм шүү дээ. Адармаатай олон гацаанаас гэтэлгэж гаргаж өгсөн ачлалтай нэгэн. Бас тахилч багш З.Алтангэрэл маань байна. Жүжиг киноны эрхийг дээр үед Соёлын яамны уран сайхны зөвлөл, цаашлаад Улс төрийн товчооноос авдаг байсан. Харин ардчиллын буянаар миний бичсэн “Саран хөхөө” жүжиг минь номын багш нарт хөтлүүлсний ачаар дээд амгалангаас хариу зөвшөөрөл (Эрх) нь ирсэн цорын ганц зохиол юм гэдгийг би бардам хэлж чадна.

Ноён гэгээнээс авшиг болгож хайрласан эрх нь төвөд үсгээр ирснийг багш минь хөрвүүлж өгсөн. Үг үсэг нь одоо ч миний хувийн нууцад хадгалаастай байна. Би зохиолоо дутуу мөчид бичсэн байж болно. Тайзан дээр ямар нэг хэмжээгээр дутмаг тавигдсан байж болно. Орчин цагийн сэтгэлгээ, театр урлагийн урын санд хоцрогдол болон гологдож болохыг би үгүйсгэхгүй. Найруулгыг дахин шинэчлээд тавихыг ч бас үгүйсгэхгүй. Ямар боловч Монголын анхны театр, Монголын анхны драмын жүжиг болохыг хэн ч үгүйсгэхгүй нь ойлгомжтой. “Саран хөхөө” жүжгийн их хөшгийг 172 жилийн дараа дахин нээж, үзэгчдэд толилуулсан Улсын драмын эрдмийн театрын хамт олонд гүнээ талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлж, мэхийн хүндэтгэж ёслоё. Ах нь үүгээр яриагаа өндөрлөе, болох уу.

Найз нөхдийн хамт

Товч намтар

-1935 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын (хуучин) нэгдүгээр багийн нутаг “Тоосгон” гэдэг газар төрсөн.

-1951 онд Дорноговь аймгийн төвд бага сургууль төгсгөсөн.

-1954-1964 он хүртэл Нефть үйлдвэрийн автобаазад жолооч механикч, их засварын мастераар,

-1964-1974 онд Аймгийн соёлын хэлтсийн зааварлагч, Соёлын ордонд жүжигчин, Музейн фондын эрхлэгчээр,

-1974-1985 хүртэл Улсын хүүхэд залуучуудын театрт төмрийн дарханаар,

-1985-1990 он хүртэл Монголын 3охиолчдын Эвлэлийн хороонд сантехникчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суусан.

-Монголын Зохиолчдын Эвлэлийн II, IV, V, VI, VII их хурлын төлөөлөгчөөр оролцсон.

-1993 онд Монголын Зохиолчдын Эвлэлд элссэн.

1997 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт.

1999 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан.

2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон.

2013 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал.

2018 онд Соёлын гавьяат зүтгэлтэн.

Тоглогдсон жүжгүүд:

  1. Намын даалгавраар Дорноговь аймгийн театр 1969 он
  2. Хүлээ намайг                       Дорноговь аймгийн театр    1970 он
  3. Тулгын чулуу                      Дорноговь аймгийн театр    1971 он
  4. Өөр үнэ хэрэггүй                Дорноговь аймгийн театр     1972 он
  5. Дуудлага                               Дорноговь аймгийн театр      1973 он
  6. Их говийн зоригтон         Дорноговь аймгийн театр    1983 он
  7. Саран хөхөө       Улсын Драмын Эрдмийн театр 2004-2016  он
  8. Р.Чойном   Улсын Драмын Эрдмийн театр   2007 он /Эрдэнэт, Хэнтий аймагт/   2007, 2010
  9. Үлэмжийн чанар  Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга  2008-2014

Хэвлэгдсэн ном

  1. Оргил (шүлгийн ном)                                                                     1990 он
  2. Сургүй мөнгөн хазаар (өгүүллэгийн ном)                               1991 он
  3. Одтой явах нас (өгүүллэгийн ном)                                             1991 он
  4. Цуврал №1. Дягваранз (роман)                                                  1999 он
  5. Цуврал №2. Домгийн цэнхэр говь (өгүүллэг)                          1999 он
  6. Цуврал №3. Маргааш дайн эхэлнэ (роман)                            1999 он
  7. Цуврал №4. Их хөлийн зарга (өгүүллэг тууж)                         1999 он
  8. Саран хөхөө (жүжиг)                                                                     2000 он
  9. Ноён Хутагт Равжаа (кино зохиол)                                            2001 он
  10.  Д.Равжаагийн амьдралын мөчлөг                                             2003 он
  11. “Равжаа-Театр-Саран хөхөө” (судалгааны ном)                    2005 он
  12. Р.Чойном (Драмын өчил жүжиг)                                                 2007 он
  13. Үлэмжийн чанар (Дуулалт жүжиг)                                             2011 он
  14. Ноён Гэгээний нутгаар (Равжаа судлалын ном)                    2011 он
  15. Туульсын цэнхэр хязгаар (яруу найргийн ном)                      2011 он
  16. Монолог зохиомж (Сургалтад зориулсан)                               2012 он
  17. Говийн Ноён гэгээний тууж – I (Равжаа хутагт)                      2015 он
  18. Бодол эргэцүүлэл (Равжаа судлалын ном)                             2015 он
  19. Говийн Ноён гэгээний тууж –II (Дадишуари)                           2018 он
  20. Говийн Ноён гэгээний тууж –III (Ноён гэгээний тахилч)     2022 он

Ярилцсан Б.Туул

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 Жил

Энэ агуу зохиолчийг цаг үе нь хайрласангүй гэж харамсаж байна.

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close