С.Баттүшиг: Монголын үнэ цэн улсын хилийн багана шиг босоо байгаасай
Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан уншигч та бүхэндээ Монгол улсынхаа төлөө, эх ороны энх амгалан байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хилийн цэргийн албанд үүрэг гүйцэтгэж яваа Завхан аймгийн Тэс сумын Арц суурийн боомт, Хилийн 0291 дугаар салбарын захирагч, хошууч Сэр-Одын Баттүшигтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна. Түүнтэй “Тэсийн голын Монголчууд” төслийн /2022.08.01-09/ аялалын маршрут гаргах арга хэмжээний үеэр уулзсан билээ.
-Эх орны дархан хилээ хамгаалах эрхэм хүндтэй үүргийг нэр төртэйгээр биелүүлж яваа танд юуны өмнө талархал илэрхийлж байна. Хилийн цэргийн албанд ажиллах болсон түүхээсээ хуваалцвал?
-Би Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат. Бугат суманд 8 жилээ төгсөөд, 10 жилээ Төгрөг суманд суралцаж төгссөн. 2006 онд өвөө эмээ дээрээ хотод очиж, цэргийн сургуульд нэг жил бэлдэж байгаад мөрөөдлөө биелүүлсэн. Учир нь манай суманд Алтай цэргийн анги байдаг. Тэндээс гоё гоё цэрэг хувцастай ах нар орж гарч байхыг харж өссөн болохоор том болоод цэргийн хүн болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Миний авга ах Баатар бас цэргийн хүн. Хааяа цэрэг хувцсыг нь томдуулаад өмсөж зогсдог байлаа. Тэгээд л мөрөөдлөө биелүүлж 2007-2011 онд Хилийн цэргийн дээд сургуулийг төгсөөд Дорноговь аймгийн Сүлэнхээрийн Хатанбулаг отрядад томилогдон ажлын анхны гараагаа эхэлсэн. Энд ирээд хоёр жил боллоо. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Миний хань Гантулгын Болормаа гэдэг. Завхан айгийн Цагаанхайрхан сумын хүн.
-Монгол улсын халдашгүй дархан байдал болсон Хилийн цэрэгт ажиллах нь танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Хилчиийн цэрэгт дөнгөж сургуулиа төгссөн 19-20той, аав ээжийнхээ гараас гарч байгаа залуучууд ирдэг. Бүх зүйлд сониуч залуусыг хүлээн авч сургаж, цаашдын амьдралд нь зөв алхам хийлгэж, чиглүүлж өгдөг хүмүүс нь бид. Бид цэргийн албанд ирсэн залуусыг хүүхэд шигээ л санаж хүмүүжүүлдэг. Яагаад гэвэл 10 жилээ төгссөн хүүхэд хилийн цэрэгт ирээд л буутай харьцана, морь унаж үзээгүй бол морьтой харьцана. Өөрсдийн хоол ундыг бэлдэж, гурил зуурна. Гурил зуурч үзээгүй залуус ч ирдэг. Заагаад л өгнө. Залууст хүнээс үг сонсож сураарай, тайлбар бага тавьж байгаарай гэж хэлж захидаг байсан. Цэргийн алба хаасан залуустайгаа эргэн уулзахад амжилттай сайхан явж байгаа нь харагддаг. Хилийн цэрэгт алба хаасан залуус маань аль ч салбарт амжилттай яваа нь үнэхээр бахархал төрүүлдэг. Энэ л миний ажлын хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг юм.
-Гэр бүлийн хамт амьдарч буй хилчдийн хүүхдэд боловсрол олгох, сурах нөхцөлд хэр анхаарч байна. Мөн гэр бүлийн гишүүдийн ажиллах боломж хэр байдаг вэ?
-Хил хамгаалах байгууллагаас хилийн заставуудад төлөвлөгөөт ажлууд их хийж байгаа. Миний хувьд том хүүхдүүд маань Говь-Алтайн Бугат суманд аав ээжтэй минь хамт байж, тэндээ суралцаж, амралтаараа ирээд явдаг. Миний хариуцсан боомтын орчимд Сумын хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барьж, заставын 10-15 хүүхдийг сургаж байна. Бусад штабууд гэр цэцэрлэг болон өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглан байр танхимыг тохижуулаад цэцэрлэг болгодог. Өмнө нь үнэхээр цэцэрлэг, сургуульд хүүхдээ хэрхэн хамруулах вэ гэдэг нь тулгамдсан асуудал байлаа. Одоо бол тэр асуудал шийдэгдсэн. Нөгөө талаар эцэг эхээсээ 250 километрээс хол байгаа бол хүүхдэд нь цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож тэтгэмж өгдөг болчихсон. Энэ нь бидний хувьд маш том дэмжлэг. Миний ханийн хувьд томилогдож очсон газарт маань ажиллах боломж нээлттэй. Дорнодод байхад тогооч, эрүүл мэндийн зааварлагч зэрэг ажлууд хийж байсан. Харин одоогоор эхнэр маань одонгийнхоо хүүхдээ хараад гэртээ байгаа.
-Говь нутгийн хүн хангайд дасах хэцүү байв уу. Тэс сум зундаа халж, өвөлдөө их хүйтэрдэг газар шүү дээ?
-Тийм шүү. Өвөлдөө -45 хэм хүрч, 40-50 сантиметр цасан бүрхүүл тогтдог. Элс, хайрган хөрстэй, ой хээрийн бүс болохоор элсэн говь ч юм шиг, ой хээрийн бүс юм шиг. Говь-Алтай шиг минь санагддаг. Гэхдээ хаана ч томилогдсон эх орныхоо нэгээхэн хэсгийн хэсгийг манаж, хамгаалж аав ээжийнхээ бахархал болж байгаа минь л сайхан шүү дээ. Аав ээжтэйгээ өглөө нэг ярина, орой нэг ярина. Миний хүү гээд тэдний минь сэтгэл сайхан байгаа ч жилдээ нэг л уулздаг. Ээлжийн амралтаараа л нэг уулзана шүү дээ. Долоо хоног очиж эрхэлдэг. Хамгийн сүүлд цагаан сараар хүүхдүүдээ дагуулаад аав ээж дээрээ очсон. Хүүхдүүдээсээ илүү эрхлэх шахсан. /инээв/ Хилчин болсондоо үнэхээр их бахархдаг. Намайг хилчин болоход өвөө маань их нөлөөлсөн. Өвөө Балжинням маань хөдөө аж ахуйн мэргэжилтэн хүн байсан. Намайг цэргийн сургуульд конкурс өгөх гээд гүйж явахад 3 өдөр гадаа нь ус барьчихаад хүүхэд шиг хүлээж байж билээ. 2019 оны 7 сарын 16-нд “Монгол Улсын онц хилчин” цолыг авахдаа маш их бахархсан. Би хил зөрчигч ч барьж үзсэн. Хөдөлмөрөө үнэлүүлж чадсандаа үнэхээр их бахархаж байлаа.
-Цэргийн албатай холбоотой элдэв асуудлаас үүдэн залуучууд цэрэгт явахаа болих нь гэсэн яриа гарах болсон. Уг нь цэрэгт явж байж жинхэнэ эр хүн болдог гэдэг дээ. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн хардаг вэ?
-Сошиал дээр ”Цэрэг удирдахаасаа офицерууд айдаг боллоо” гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Хилийн цэргийн амьдралыг мэдэхгүй, ирж үзээгүй хүмүүс янз бүрээр л бичиж, бодож байгаа. Гэтэл бид дөрвөн дөрвөн зууг найман зовхист хилээ манаад явж байна. Мөрдөсөө зүүгээд цэргүүдээ удирдаад явж байгаа болохоор цэргийн алба хаах өнцгийг буруу харсан юм болов уу л гэж боддог хүмүүсийн өөрсдийнх нь л хандлага. Ер нь сошиалд хүмүүс мэдэх мэдэхгүй сэдвээрээ уралдаж, ямар ч хамаагүй зүйлсийг хольж, шүүмжилж байгаад үнэндээ их эмзэглэдэг.
-Хил ер нь олон хүнтэй байснаар хамгаалагддаг уу эсвэл эмх цэгцтэй байснаар хамгаалагддаг уу. Таны хувьд?
-Хамгийн чухал нь удирдлагын бодлого. Яг тухайн цагийн нөхцөл байдалд хэнийгээ хаана ажиллуулах вэ? Олон жил ажиллачихсан хүмүүсийн туршлагатай дээр үндэслэн оновчтой зөв бодлого төлөвлөж чадвал хүн багадна гэж байхгүй. Хүний хүчээр биш бодлогоор хилээ хамгаалдаг. Би тэгж л боддог. Энэ хүн яг энэ дээр л ажиллаж чадна гэдгийг нь сайн мэдэж, мэдрэх нь чухал. Нөгөө талаар Хил хамгаалах байгууллага ч өөрчдөгдөж байна. Миний өмнөх үеийн хүмүүс ГАЗ-66 унаад л явж байсан. Сүүлийн үед техник технологи болон хүний сэтгэлгээ нь ч ондоо болж. Офицерууд ОХУ-д сураад мэргэжил дээшлүүлээд сурсан мэдлэгээ нь Монгол Улсынхаа хилд гаргаж байгаа нь их сайхан санагддаг. Ер нь сүүлийн үеийн залуучуудаас шинэлэг зүйл их харагддаг. Асуудлыг өөр өнцгөөс харж шийддэг болжээ.
-Хилчин хүн гэдэг нэг талаараа эх орноо маш томоор харж байгаа шүү дээ. Тиймээс ийм сайхан мэргэжлийг сонгосон би ямар азтай хүн бэ гэж боддог байх. Магадгүй эх орныхоо торгон хил дээр зогсох мөчид өөрийн эрхгүй сэтгэлээс ундарч хэлмээр зүйл байдаг уу?
-Байлгүй яахав. Өнөө цагт эх орноо хайрлахгүй байгаа хүмүүсийн үг хэл, үйлдлээс харамсмаар юм зөндөө л харагддаг. Тэр үед олон олон эрчүүд нь ингээд эх орноо хамгаалаад явж байгаа шүү гэж хэлмээр санагддаг. Бидний ажлын үнэ цэнийг “Хилийн хоног” мэдрүүлдэг. Энэ өдрүүдэд хоног тутам шийдвэр гаргаад тэрнийхээ үр дүнг ярьж, буулгаж, дараагийнхаа шийдвэрийг гаргаад явдаг. Хилийн манааны байруудаа шалгаж сэтгэл тайвширч, “Цагийн байдал болоод бие бүрэлдэхүүний маань сэтгэл санаа тогтвортой байна” гээд рапорт өгөөд явж байхдаа үргэлж огшдог. Хилчид бид өөрсдийн хүсэл сонирхлоор энэ мэргэжлийг сонгосон Монгол улсын иргэн. Эх орноо хамгаалдаг хилийн цэрэг гэдэг үе үеийн том тулгаралт дайнуудад оролцсон арвин түүхтэй. Манай энд 90-ээд оны үеэр маш их зөрчилтэй тулгарсан байсан гэдэг. Сүүлийн хоёр жилд нэг удаа л малын хулгай гарсан. Тэр нь намрын ажил эхлэхэд гарсан. Тэгэхээр хилчид бидний үнэ цэнэтэйгээр хайрлаж байгаа эх орондоо хайртай байгаарай. Монголын үнэ цэн улсын хилийн багана шиг босоо байгаасай гэж хэлмээр байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Хилийн тэнгэр цэлмэг байж, хилчдын алдар мөнхөд мандаг. Эх орон эндээс эхэлнэ …
П.Нарандэлгэр