СурвалжлагаОнцлохФото сурвалжлага

Ө.Одхүү: Түгшүүр бол бидний амьдралд маш хэрэгтэй сэтгэл хөдлөлийн нэгэн хэлбэр

Уран барималаар хүний тухай, нийгмийн тухай өөрийн үзэл бодол, хэлэхийг хүссэн зүйлсээ багтаан урлана гэдэг асар их ур чадвар, бясалгал, цаг хугацааг зарцуулж байж бүтдэг гэлтэй. БНСУ-ын Сөүл хотын Күүкмин их сургуулийн Дүрсэх урлагийн тэнхимд докторантуртаар суралцаж байгаа уран барималч Ө.Одхүүгийн судалгааны ажлын үр дүнд бүтсэн тус үзэсгэлэнгийн үзмэрүүд өөрийн эрхгүй анхаарал хандуулж хармаар, утгыг нь ойлгох хүслийг төрүүлж байсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэнгээ уран барималч Ө.Одхүү ийн онцоллоо.

“Миний докторын судалгааны ажил бол “Түгшүүрээр дамжсан шинэ зам” гэдэг нэртэй. Энэ судалгааны ажлаар “Бидний амьдарч буй ертөнц II” уран бүтээлийнхээ үзэсгэлэнг Монголдоо гаргаж байна. Түгшүүр гэдэг сөрөг утгатай үг боловч түүнийг эерэг талаас нь бас харж болно. Хүн ямар нэгэн асуудалтай тулгарахаар түгшиж эхэлдэг, ямар нэгэн асуудал ойртож байна гэдгийг мэдрүүлдэг дохио шүү дээ. Түгшүүрээрээ дамжуулаад тулгарсан асуудлаа яаж шийдэх вэ гэж эргэцүүлж боддог, янз бүрийн сэтгэл зүйн үйлдэл гаргадаг.

“Их хот” нэртэй видео бүтээл

Хэрээс хэтэрсэн сэтгэл түгшилт нь өвчин болох аюултай ч гэсэн сайн сайхнаар ашиглаж чадвал эргээд бидний амьдралд маш хэрэгтэй сэтгэл хөдлөлийн нэгэн хэлбэр юм. Би танихгүй нийгэмд анх амьдарч эхэлсэн үедээ мэдэрсэн сэтгэл түгшилт, энэ нь хаанаас бий болж байгаа юм, нийгэмд хүмүүсийг түгшээж байгаа хүчин зүйлүүд нь юу юм бэ гэдгийг судалж эхэлсэн.

Нийгмийг түгшүүрт байдалд оруулдаг гол хүчин зүйл нь хүн төрөлхтөн өөрөө. Хүн төрөлхтөн амьдарч байгаа ертөнц, нийгмийг өөрөө муутгадаг. Шинжлэх ухаан, техник технологи хөгжихийн хэрээр дагаад маш том аюул дагалдаж байдаг. Энэ нь эргээд нийгмийг түгшүүрт оруулж байгаа том шалтгаан нь болдог юм байна, Хүн төрөлхтөний эцэс төгсгөлгүй шунал байгаль болон нийгэмд хор хөнөөл учруулж байна. Тиймээс нийгмийн түгшүүр болон тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн түгшүүрт байдлыг илэрхийлэхийг зорьсон.

Солонгост очсоноос хойш өөрөө өөрийгөө ялан дийлж, судалж мэдэх ёстой, би энэ нийгмийн гишүүн. Мэдрэгдэж байгаа бүхнээ өөрөөрөө дамжуулж илэрхийлбэл хүмүүст арай илүү, хурдан хүрэх юм байна. Маш энгийнээр хүнд хэцүү, ойлгогдохгүй уран бүтээл биш, маш энгийн бодит яг л хүн байгаагаараа байвал ойлгомжтой. Хүн бүр өөрийн гэсэн асуудалтай, амьдралын хүнд хэцүүг давж байгаа. Судлаад үзвэл түгшүүр шинэ замыг нээж өгч байгааг би ухаарсан. Сүүлийн 10 жил энэ чиглэлээр явж ирлээ, цаашид ч үргэлжлүүлнэ. Тиймээс “Түгшүүрээр дамжсан шинэ зам” гэж докторантурын  судалгааныхаа ажлаа нэрлэсэн.

Уушги амьдралыг тэтгэгч

Энэ удаагийн үзэсгэлэнд масктай дүр төрхүүд нилээн бий. Цар тахал дэлхий даяар хүмүүст цоо шинэ айдас түгшүүр төрүүлсэн. Мөн өөр улсад сурч буй 6 жилд  хоёр орны нийгмийн аж амьдралыг харьцуулсан судалгаа маш их хийж байна. Миний бүтээлүүд мөөгтэй их холбоотой байгаа. Солонгос дахь амьдралын туршлагаас үүдэлтэй. Дотуур байрнаасаа гараад оюутнуудтайгаа нийлээд байр түрээслэж амьдардаг байсан. Давхар дээшлэх тусам үнэтэй болдог тул бид хямд байрыг сонгож орно. Чийглэг уур амьсгалтай, жижигхэн өрөөндөө бид өөрсдөө хоолоо хийж идэхээр  хана нь их хурдан мөөгөнцөртдөг.

Монголчууд бид мөөгийг ойд ургадаг, сайн хүнс гэж бодож төсөөлдөг бол тэнд огт өөр муухайгаар мэдрэгдсэн. Тэгээд ч мөөгөнцөр үүсэх явц их муухай байдаг. Эхлээд хана нь  хөхрөөд, сүүлдээ хав хар болсноо хөвсийсөн замаг шиг юм үүснэ. Энэ утгаараа мөөгийг  нийгмийн муухай зүйлийг төсөөлж хийсэн. Гол нь тэр муу бүгдээс өөрийгөө сугалж, гаргаж ирэх хүч чадал, мэдрэмж хүн бүрт байдаг гэдгийг харуулахыг зорьсон” гэлээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close