Байгаль орчинЯрилцлагаОнцлох

Б.Батцэцэг: Хөвсгөл нуурын хамгаалалтын ажилд олон улсын анхаарлыг хандуулах боломж бүрдэнэ

Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэгээс Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн тухай болон түүний ач холбогдлын талаар тодрууллаа.

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Юуны өмнө та энэ талаар тодруулж өгнө үү?

Монгол Улсын цэнгэг усны 70 гаруй хувь, дэлхийн цэнгэг усны 1 орчим хувийг Хөвсгөл нуур дангаараа бүрдүүлдэг. Эрдэмтдийн олж тогтоосноор Хөвсгөл нуур нь дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай нэн эртний нууруудын нэг. Монголчууд бид Хөвсгөл нуурыгаа ‘’Далай ээж’’ хэмээн хүндэтгэн нэрлэж, тахин шүтэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус сав газрын бохирдол ихсэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас нутгийн агаарын дундаж температур сүүлийн 40 гаруй жилд 1.7°С хэмээр нэмэгдэж, цэвдэг гэсэж, мөнх цас хайлах үйл явц эрчимтэй явагдаж нуурын эко систем бүхэлдээ алдагдах аюул нүүрлээд байна.

Тиймээс Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, цаашид тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Шим мандлын нөөц газарт бүртгүүлэхээр 2021 онд нэр дэвшүүлсэн. Энэ оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотод болсон тус хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлаар Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газраар бүртгэн баталгаажуулсан шийдвэр гарлаа.

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиосон жил Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь миний хувьд бэлгэшээлтэй үйл явдал боллоо. ЮНЕСКО-д бүртгүүлэх үе шат олон хүний хүч хөдөлмөр шаардсан нарийн төвөгтэй, ажил байдаг, энэ үйлсэд гар бие оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан бүх байгууллага, хүмүүст ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын даргын хувьд гүн талархал илэрхийлье.

ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөр гэж та сая дурдлаа. Энэ хөтөлбөр нь ямар зорилготой хөтөлбөр бэ? Энэ хөтөлбөрийн Шим мандлын нөөц газраар Хөвсгөл нуурыг бүртгэсэн нь ямар ач холбогдолтой бэ?

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр (ХБШМ) нь Хүн ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг сайжруулах, байгалийн үр шимийг тогтвортой байдлаар ашиглах, экосистемийг байгалийн болон хүний оролцоотойгоор хадгалан хамгаалах шинэлэг арга барилуудыг дэмжин хөгжүүлэх зорилгоор 1971 онд байгуулагдсан олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм.

Өдгөө дэлхийн бараг бүх улс орон 2030 он гэхэд Тогтвортой хөгжилд хүрэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хөтөлбөр “Тогтвортой хөгжил” хэмээх түгээмэл ойлголтыг анх санаачилсан, эдүгээ дэлхийн 134 орны 738 газар нутгийг хөтөлбөртөө хамруулсан. Үндэсний төдийгүй дэлхийн болон бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөөтэй байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой газруудыг Шим мандлын нөөц газруудын нэгдсэн сүлжээнд бүртгэн авч, хамгаалалтыг сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг. Хөвсгөл нуурыг энэ сүлжээнд бүртгүүлснээр нуурын хамгаалалтын ажилд манай улс төдийгүй, олон улсын анхаарлыг хандуулах боломж бүрдэнэ. Бас Хөвсгөл нуурын хамгаалалтын талаарх ажлын тайланг гаргаж ЮНЕСКО-д байнга хүргүүлэх үүрэг хүлээж байгаа.

Үүнээс гадна ЮНЕСКО Шим мандлын нөөц газруудаараа дамжуулан аливаа газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм, эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг харгалзан аливаа тулгамдсан асуудлыг тэдний оролцоотойгоор хамтран шийдвэрлэхийг зорьдог. Тухайлбал Шим мандлын нөөц газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн иргэдийн ​​амьжиргааг сайжруулахад анхаардаг. Хөвсгөл нуурыг Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлснээр цаашид хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачилгад ЮНЕСКО-оос дэмжлэг хүсэх, энэ чиглэлд ЮНЕСКО-той хамтран ажиллах боломж бүрдэж байна гэсэн үг. Мөн Монгол Улсыг олон улсад сурталчлах, гадаадын жуулчид, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах таатай нөхцөл бүрдэнэ.

Хүн ба шим мандал хөтөлбөрийн хүрээнд олон улсын бүс нутгийн хэд хэдэн сүлжээ байдаг. Европын шим мандлын нөөц газруудын сүлжээ, Латин Америк, Ази, Номхон далай, Арабын орнууд, Зүүн Азийн сүлжээ гэж байна.

Манай улсын хувьд Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний үйл ажиллагаанд идэвхтэй оролцон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Зүүн Азийн сүлжээний ээлжит 5 дугаар хурлыг 1997 онд Богд-Хан Уулын дархан цаазат газарт, 8 дугаар хурлыг 2003 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт, 10 дугаар хурлыг 2007 онд Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт, 13 дугаар хурлыг 2013 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан, энэ жил 16 дугаар хурал Улаанбаатар хотод болно.

Бүс нутгийн эдгээр арга хэмжээ, хурал, сургалтуудад хамрагдсанаар олон улсын хамтын ажиллагаагаа идэвхжиж манай улсын байгаль орчны салбарын боловсон хүчний чадавхи нэмэгдэнэ. Манай мэргэжилтнүүд олон улсын байгаль орчны салбарын судлаач, шинжээчидтэй холбоо тогтоож, тэдний сайн туршлагаас суралцах боломж нээгдэнэ.

Хөвсгөл нуураас гадна өөр ямар газар нутаг ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг вэ? Цаашдаа манай улс бүртгүүлэхээр бэлтгэж байгаа газрууд бий юу. Тухайлбал?

Манай улс ЮНЕСКО-гийн хөтөлбөр, конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний 7 хороо байгуулж, дэлхийн өвийн жагсаалтад 5 байгалийн болон соёлын өвийг, шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 8 газар нутгийг, баримтат өвийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 4 өв, хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад 15 өвийг бүртгүүлж, хадгалалт хамгаалалтыг хариуцаж, олон улсад сурталчилан таниулж байна.

доогийн байдлаар “Алтайн өндөр уулс”, “Буган чулуун хөшөө, холбогдох дурсгалт газрууд” өвийг дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа. Цаашид “Хүннүгийн язгууртны булш”, “Говийн хадны зургийн цогцолбор”–ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг эхлүүлнэ. Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Нүүдэллэх Монгол зан үйл” болон “Уламжлалт анагаах ухаан”-ыг бүртгүүлэхийг зорьж байна. 2022 онд Онон, Балжийн байгалийн цогцолборт газрыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэр дэвшүүлэх ажлыг хийж эхлээд байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close