УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, хуулийн төслүүд эцэслэн баталлаа. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, хууль тогтоолын төсөл, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 46 төслийг эцэслэн батлав.
Үргэлжлүүлэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хийлээ. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Саранчимэг, Х.Болорчулуун нар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан гэлээ.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 2 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу 3 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 72.7 хувийн саналаар тус тус дэмжсэн хэмээн танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.
Санал хураалтаар төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 30.1, 30.4, 30.5, 30.6, 30.7 дахь хэсгийг өөрчлөн найруулах санал дэмжигдсэн. Санал дэмжигдсэнээр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд тухайн ойн үрийн мужлалаас гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан үрийг ашиглах бөгөөд үржлийн материал бэлтгэх, үйлдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлах болов. Мөн итгэмжлэгдсэн лаборатори ойн үрийн улсын нөөцийн санд нийлүүлэх болон худалдан борлуулах ойн үрийн шинжилгээ хийж, чанарын гэрчилгээ олгох бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон үрийг худалдах, импортлохыг хориглох юм байна. Санал хураалтаар аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх санал дэмжигдсэн.
Түүнчлэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
Мөн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай жишиг хууль, түүний гарын авлагыг судалж, хуулийн төслөө боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл гэдгийг онцолсон.
Тэрбээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгож нийтийн зориулалттай дэд бүтцийн болон төрийн үйлчилгээний чиг үүргийг харилцан үр ашигтай нөхцөлөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх замаар улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн суурь нөхцөл болон төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан гэв.
Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, түншлэгчийг сонгох, гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэх зохицуулалт, түншлэгч талуудын чиг үүрэг, эрсдэлийн удирдлага, түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг болон бусад оролцогчдын чиг үүрэг, ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд салбарын яамны үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар нарийвчлан тусгасан бөгөөд цаашид “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох заалтыг тусгасан болно. Ингэснээр төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдал арилж, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байлаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хүрээнд түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, түншлэлийн төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг тусгаж, түншлэлийн ил тод байдлыг хангах, төслийн хэрэгжилтэд хяналтын тогтолцоог бүрдүүлэх, төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчлан оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх гомдол шийдвэрлэх асуудлыг тодорхой зохицуулах, үүссэн маргааныг гэрээнд болон хуульд заасан хэлбэрээр шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.
Хуулийн төслийг хэрэгжүүлснээр томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд тусгаснаар төслүүдийг хэрэгжүүлэх оновчтой эх үүсвэрийг хуваарилах, төслийг хэрэгжүүлэх арга зам, төрөл, хэлбэр болон гарч болох эрсдэлийг бодитой тооцож, авах арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлснээр төслүүдийг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дорвитой нэмэгдүүлж, сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орчныг сайжруулах, олон улсын байгууллагуудын хамтын дэмжлэг нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Д.Батлут, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Д.Бат- Эрдэнэ, Н.Ганибал, Ж.Ганбаатар нар эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төрөөс санхүүжүүлэх хэлбэрийн талаар, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд Засгийн газраас гаргах баталгаа, хувийн хэвшилд төрөөс үзүүлэх бодит дэмжлэг болон хуулийн төсөл бусад салбарын хуулиудтай хэрхэн уялдаж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн үндэслэлийг тодорхой болгож ач холбогдолгүй, үр ашиггүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх, мөн улсын төсвийн ачааллыг багасгах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийтийн эзэмшлийн зориулалттай дэд бүтцийг санхүүжүүлэхэд анхаарах, УИХ-ын гишүүн Т.Дорханд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төрийн үйлчилгээг гүйцэтгүүлэх нь зүйтэй бөгөөд хөгжлийн санхүүжилт биш гэдгийг анхаарах, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хуулийн төсөлд хувийн хэвшлийг хөгжлийн бүтээн байгуулалтад түлхүү оролцуулах зохицуулалтыг нэмж тусгах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцүүлэг УИХ-ын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, олон жил хөгжлийн гацаа болж ирсэн асуудлыг энэхүү хуулиар цэгцлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд энэ асуудлыг шийдэх ямар чухал заалтууд төсөлд тусгасныг тодруулсан. Тэрбээр нийтийн зориулалттай дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг илүү тодотгоод, гэр хорооллын газрыг чөлөөлөн орон сууц барих боломж төрд байхгүй болохоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төр дэд бүтцийг байгуулж, хувийн хэвшлийнхэн орон сууц барьж, ногоон байгууламжийг шийдээд явах боломжийг олгох нь чухал гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын түншлэлийн хүрээнд ямар хугацаанд, юу хийх бололцоо бий болох хийгээд сонгон шалгаруулалтын асуудлыг хөндсөн.
Сангийн сайд Б.Жавхлан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын стандартад нийцүүлэн, энэ салбарт шинэчлэл хийхээр Засгийн газраас сүүлийн жил гаруйн хугацаанд судалгаа хийн, НҮБ-аас баталсан жишиг хуулийг суурь болгож боловсруулсан хэмээсэн. Нийгмийн хэрэгцээ өсөн нэмэгдэж, эдийн засгийн суурь тэлж байгаа энэ үед тэрхүү хэрэгцээг хангахыг зорьсон гээд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр бизнесийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай дэд бүтцүүдийг бий болгосноор олон жилийн хугацаанд тухайн бизнес тогтвортой, баталгаатай, олон нийтэд хүртээмжтэй, үйлчилгээ нь бодитой байна хэмээн тооцож, олон талтай зорилтыг тавьсан гэлээ. Гадаад талдаа хөрөнгө оруулагчдын татах бодитой орчин үүснэ гэж төсөл санаачлагчид тооцжээ. Гадны хөрөнгө оруулагчид тухай орны хөрөнгө оруулалтын орчныг судалж үзэхдээ хамгийн түрүүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрх зүйн орчин ямар байгааг чухалчлан хардаг болсон. Тийм учраас олон улсын жишигт нийцсэн, эрх зүйн орчин нь маш сайн бүрдсэн, Засгийн газрын оролцоо нь тодорхой байх нь хамгаас чухал гэдгийг Сангийн сайд тодотгосон. Сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулиар бус хэлэлцэж буй энэ хуулиар зохицуулна гэж тусгасан гэсэн хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.