Уул уурхай

Уурхайн инженер

Арав гаруй жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрт сэтгүүлчээр ажилд ороод Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд “төөрсөн амьтан” хаанаас эхлэхээ мэдэхгүй будилж явахдаа Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандахтай анх уулзсан юм. Тэр үед Уулын ажлын хэсгийн дарга байсан санагдана. Хөдөлмөр хамгааллын ялимгүй гандсан хувцас нь биерхүү түүнийг улам даацтай, мэргэжлийн харагдуулж байсан. Эрс шулуун, энгүүн түвшин яриатай түүний үг бүхэн үнэ цэнэтэй, нухацтай цэгцтэй. Уурхайчин гэж хэн байдгийг би тэгэхэд Д.Уламмандах даргаар баримжаалсан. Одоо түүнийг харах үнэлэмж улам лавширсан.

Дашбалжирын Уламмандах долоон хүүхэдтэй айлын хоёр дахь хүү болон Сэлэнгэ аймгийн Бугант хороонд мэндэлжээ. Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэгчлэн Барилгын цэргийн ангийн улс төрийн орлогч аавтайгаа хамт эх орны тушаал биелүүлэн Сэлэнгэ, Дархан, Чойбалсан, Улаанбаатар, Завхан, Булган, Эрдэнэт гээд олон газар дамжин өссөн. Тэрсхэн зургаан хүү цэрэг хүмүүжлээр хүн болсон нь өнөөдрийн Д.Уламмандахыг бүтээх суурь байсан ч байж мэдэх. Бага байхад нь Ж.Лхагвасүрэн генерал тэднийд зочлоод гарахдаа толгойг нь илээд, аавд нь хандан “Монгол цэрэг олныг бэлдээрэй” гэж ерөөжээ. Аав нь их бэлгэшээсэн болохоор тэр үү, Д.Уламмандах хүүхэд байхдаа цэргийн дарга, офицер болно гэж мөрөөддөг байв. Ахлах ангиа төгсөөд цэргийн сургуульд ярилцлага шалгалт өгч байсан удаатай. Уг нь материал дутна гэх биш, сайхан хурандаа, генерал болох байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ хүний амьдрал баялаг, хувь зохиол гэдэг таашгүй. Уул уурхайн мэргэжилтэй болно гэж ярьдаг байсан ах нь цэргийн хүн болж, харин Д.Уламмандах уулын инженер болж солигдсон түүх 34 жилийн өмнө. 

Тэрээр арван жилийн ангийн охинтойгоо 1987 онд гэрлэж, ирэх жил нь Политехникийн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, жинхэнэ ажил, амьдралын гарааг зэрэг эхлүүлжээ. Тэр үед Уул уурхай, эрчим хүчний яамны томилолт өвөртлөн аав, ээжийнхээ нутаг Завхан аймгийг зорихдоо алдрай наснаасаа ижилдсэн ханийнхаа хүслийг дагасан хэрэг. Уулын инженер мэргэжил хөрвөх боломжтой, өөрөө чадвартай бас сэтгэлтэй байхад өгсөх зам саадгүй. Тус аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дизель зуухны засварчнаас зуухны механик, нүүрсний конвейерийн тээврийн мастер хүртэл дэвшин ажиллажээ.  

1994 оны өвөл. Цэргийн алба хаагч аав, ээж нь Эрдэнэтэд үүрэг гүйцэтгэж байхад тэрээр гэр бүлийнхээ хамт Зууны манлай үйлдвэрийг зорин иржээ. Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай гүнзгийрээгүй, хүчин чадал нь нэмэгдээгүй, найман экскаватортой, жилд 16 сая тонн м3 уулын цул олборлодог байв. Харин одоо жилд дунджаар 37 сая тонн хүдэр олборлож байна. Ашиглалт явуулах доод түвшин 1355-ыг дөнгөж нээж байсан бол одоо 1190-д хүрчээ. Өөрөөр хэлбэл 3600 метр урт, 1800 метр өргөн Ил уурхайг 165 метр гүнзгийрүүлэх ажлыг тэр үндсэндээ удирдсан. 

Оюутан байхдаа Эрдэнэт үйлдвэрт дадлагажсан болохоор экскаваторын туслах машинчаар анх ажилд ороход уурхайн ерөнхий зураглал, төсөөлөл сэтгэлд нь байсан. Экскаваторын машинч Түмэндэмбэрэл багш шигээ хүдэр гоё ачаад сурчих юмсан гэснээс эхлэлтэй хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, ур чадвар, өөрийн төлөвшил хандлага нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэлтэй. Хоёр аварга техник харьцаж, 20 тонн уулын цулыг нэг удаа хутгаад белазын тэвш дээр оновчтой, хазайлгахгүй тэгш ачна гэдэг экскаваторчнаас асар их ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг. Эргэлтээ зөв тааруулж, эгээ бүүвэйлж байгаа мэт намуухан ачдаг хүн байхад хатуу гартай, хамаагүй асгадаг нь ч бий. Д.Уламмандах инженер экскаваторчин байхдаа ширээ шиг тэгш, тэгсэн хэрнээ дунд нь том чулуу үлдээхгүй, шанагаараа цэвэрлээд аваад явчихдаг уран чадвартай байсан тухай журмын нөхөд нь дурсдаг. Зургаан сарын дараагаас тэр ээлжийн мастеруудыг орлон ажиллах болжээ. Даваа гарагийн өглөө бүр цехийн шуурхай хуралдаанд есөн ээлжийн ажлыг дүгнэн орос хэл дээр илтгэл тавих, эх орондоо сургууль төгссөн инженерт эхэндээ амаргүй байсан нь тодорхой. Монгол-Орос толь бичиг гараасаа салгахгүй бүтэн сар явсны эцэст илтгэлээ хүн ойлгох хэмжээнд цаас харалгүй ярьдаг болжээ. Үүний дараа тэр Уулын ажлын хэсгийн даргаар тасралтгүй 21 жил ажилласан. Оросууд буцсан, туршлага дулимаг, шинэ мастерууд үлдсэн, дэг журам алдагдахын ирмэг дээр түүнийг хэсгийн даргаар томилсон нь зөв шийдвэр байсныг өнгөрсөн цаг хугацаа харуулдаг. Тэрээр “Уулын ажлын хэсгийн дарга болоод миний толгойтой үс жилийн дотор цайсан. Одоо харин буцаад хар үс ургаж байгаа шүү” гэж хошигносон юм. Үнэндээ Д.Уламмандах инженер ашиглалтын гоо зүйгээрээ дэлхийд тэргүүлдэг Ил уурхайн өнөөдрийн төлөө нойроо умартан зүтгэснийг уурхайчид мэднэ. Хэдэн жилийн өмнө ОХУ-ын өвгөн доктор Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайг нүдээр үзээд “Уурхайг нэг ч нуралтгүй, доголгүй ийм гоё авч яваа Ерөнхий инженер танд баярлалаа” гээд түүний өмнө мэхийн ёсолсон гэдэг. Энэ том үнэлгээ, хүндлэл, урам хойч үедээ энэ хэвээр нь үлдээх чин хүслийг төрүүлсэн нь дамжиггүй. Д.Уламмандах инженер өглөө төрийн дуулал эгшиглэн Монгол дөнгөж сэрж байхад, уурхайгаа нар зөв бүтэн тойрч, ажлаа хэдийнэ шалгачхаад, “Генерал толгой” дээрээ нар угтаж зогсдог. Бүх ажил нь жин тан явааг харж сэтгэлийн таашаал авдаг гэх үү дээ. Арми гэлтгүй уурхайчид ч цэрэгжилттэй ажилладаг онцлогтой. Аль нэг тоног төхөөрөмж зогсоход дараагийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг учраас өндөр хариуцлагатай бас дэгтэй ажиллах шаардлагатай. Гэхдээ Ил уурхайн 500 ажилтныг мэргэжлийн удирдлагаар ханган зангидах хэцүү биш. Учир нь түүний багийнхан маш туршлагатай, өндөр ур чадвартай, дэндүү гэмээр бэлтгэгдсэн мэргэжлийн басхүү мэргэшсэн уурхайчид. Ийм хүмүүстэй ажиллах үнэхээр урамтай, гэж Д.Уламмандах инженер ам бардам хэлнэ билээ. Тэр заах биш, өөрсдөөр нь хийлгэх зарчим баримталдаг. Тиймдээ ч уурхайчид нь илүү хөгждөг биз. 

Тэрээр “Эрдэнэтийн-Овоо” ордын төвийн хэсгийг нээх хөрс хуулалтын ажлыг амжилттай эхлүүлсэн гавьяатай. Мөн төвийн хэсгээс хүдэр зөөх замыг хамгийн дөтөөр шийдсэнээр жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэж байна. Ордын баруун хойд хэсэг буюу үндсэн уурхайн 905 м-ийн үнэмлэхүй өндөрт ёроолтой байх төслийн дагуу уурхайн хилийг өргөтгөх, шинэ түвшин нээх, түвшин хоорондын шилжилтийн замын ажлыг чанартай хийхэд сэтгэлээ хэсэгтээ чилээсэн. Сүүлийн жилүүдэд эмульсийн тэсрэх бодисын өөрийн өртгийг бууруулахад анхаарлаа хандуулж амжилтад хүрлээ. Үр дүнд нь 590.7 сая төгрөг хэмнэсэн. Цаашид ч үүнээс илүүг хэмнэх боломжтойг баталсан. Ил уурхайн хөрсний тээвэрт Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр барих гээд хөгжлийн томоохон төслүүд энд амжилттай хэрэгжихэд түүний зөвлөмж, оролцоо нэн чухал. Уурхай гүнзгийрэхийн хэрээр ажлын талбай багасаж, хүдрийн агуулга буурч байна. Мөн ханын тогтворжилтод маш сайн анхаарч, геотехникээ зөв шийдэж явахгүй бол уурхай нурах эрсдэл өндөр гэхчилэн түүний оюун, сэтгэлээ чилээх асуудал мундахгүй. Саяхнаас ханын хүрээ гаргах тэсэлгээ шинээр нэвтрүүлжээ. Хоосон цооног өрөмдөөд наана нь тэсэлгээ явуулахад хоосон цооногуудын уулын цул хагарч хана болж тогтдог энэ аргачлал уурхай тогтвортой байх, хөрс хуулалтын ажил багасах, тэр хэмжээгээр эдийн засгийн үр ашиг авчрах олон талын ач холбогдолтой гэнэ. Д.Уламмандах инженер өөрийнхөө сул талыг зөрүүд гэж тодорхойлсон. Энэ зан нь ихэнхдээ зөв рүү чиглүүлдэг байж ч магад.  

Д.Уламмандах 10-аад жилийн өмнө Америк руу 14 хоног уурхайн ажлаар томилолтоор явж ирээд, гэртээ нэг хоноод Орос руу дахиад 10 гаруй хоног ажиллахаар явжээ. Буцахдаа уурхайнхаа тоосыг үнэрлэх гайхалтай мэдрэмжийг замын турш төсөөлж яарч явсан гэдэг. Уурхайгаа санах сэтгэлийг уурхайчин хүн л ойлгоно. Олон үггүй, ойворгон зангүй, цагийн аяс дагаж хувирахгүй, бат суурьтай, байгаадаа хангалуун уурхайчдын маань ажил, амьдрал улам мандах болтугай.      

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close