Засгийн газарОнцлох

“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн батлав
 
“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмын шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, халдвар тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, орон нутгийн онцлог, амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай нийтлэг арга хэмжээг авахад чиглэгдсэн байна. Өмнөх журмаар батлагдсан хязгаарлалтын арга хэмжээг хуулийн этгээд, гэр бүл, хувь хүнд чиглэсэн хэлбэрээр халдвараас сэргийлэх дэглэм, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээг мөрдөн харьцангүй “сулруулсан” байдлаар шинэчлэн томъёолжээ. Шинэчилсэн журмаар,

-Халдварын тархалт, өвчний хүндрэл, нас баралт, хүн амын дархлаажуулалтын хамралт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхиас хамаарч халдварын тархалтын түвшинг тодорхойлох түр зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар

-Халдварын тархалтын түвшинг тогтоосон үнэлгээний тайланг ХӨСҮТ, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар долоо хоног бүр тогтоож, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Онцгой комисст хүргүүлэхээр

-Хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарлалтыг бүх шатны онцгой комисс орон нутгийн онцлогт тохируулан “ногоон”, “шар”, “улбар шар”, “улаан” түвшинд заагдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргахаар

-Стратегийн ач холбогдол бүхий салбар бүс нутагт хүн, хуулийн этгээдийн хэрэгжүүлэх арга хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисс тогтоохоор тус тус тусгажээ. 

Товч мэдээ
·  Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталлаа.
· Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа.
· Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
· Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав.
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close