Д.Гансүх: “Гэр ба байгаль” төсөл нь малчдыг орлогожуулж соёлжуулах, байгаль орчноо хамгаалахад чиглэгдсэн
НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Гэр ба Байгаль” төслийн талаар тус төслийн судалгааны багийн ахлагч, рофессор, доктор /Ph.D/ Д.Гансүхтэй ярилцлаа.
-“Гэр ба Байгаль” төслийн үзэл баримтлалын талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?
-“Гэр ба Байгаль” төслийн гол ач холбогдол нь малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх, энэ хүрээндээ монгол зан заншил, ёс уламжлалаа хадгалах замаар байгаль орчноо хамгаалах, улмаар соён гэгээрүүлэх зорилготой. Өмнө нь манай улсад хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүд нь дотоодын аялал жуулчлалын салбарыг нийтэд нь хамруулан авч үзэж хөгжүүлэх буюу нэг сая жуулчин авах, тур оператур, бизнесийн байгууллагуудыг бэхжүүлэх зэрэгт чиглэгдэж байсан.
Энэ удаагийн төсөл нь малчин өрхийн амьжиргааг нэмэгдүүлдэг уламжлалт мах сүү, цагаан идээ зэрэг орлого олдог сувгийг өргөтгөж, аж ахуй эрхлэх арга барилыг нь салбарлуулах замаар гадаад дотоод зах зээлийг нээж өгөхөд чиглэж буй. Тэгэхээр энэ бүхнийг эхлүүлэхийн тулд хамгийн эхэнд орон нутагтаа нэр хүндтэй, зочломтгой, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх чадамжтай малчин өрхийг сонгох явдал юм. Үүний дараа жуулчин авахдаа тухайн өрхийн гэрт тавигдах шаардлага яригдана. Тухайлбал, ор дэр, унтаж амрах нөхцөл, ширээ сандал, тавилга, тэдгээрийн ариун цэвэр гэх мэт асуудал орж таарна.
Үүний дээр тухайн өрх нь сум орон нутгаа сурталчилж чаддаг, байгалийн тогтоц, түүх уламжлалтай холбоотой домог сэлтийг хүүрнэчихдэг, морин болон тэмээн аяллыг ойрын зайнд зохион байгуулах чадвартай байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, заавал мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоогүйгээр аялал жуулчлалын үйлчилгээг газар дээр нь үзүүлээд, түүнийхээ төлбөр хөлсийг шууд гар дээрээ авдаг болно гэсэн үг. Ингэснээр малчин өрхийг дагаж зах зээл нь хөгжих юм.
Өмнө нь аялал жуулчлалын салбарын ихэнх ашиг орлого тур опературууд руу ордог байсан бол одоо ногоон эдийн засгийг бий болгох замаар малчин өрх, орон нутаг руу чиглэж байгаагаараа онцлогтой. Мөн энэхүү төслийн нэг гол зарчим бол байгаль хамгаалал. Нийгмийн хөгжлийн дагаж юм уу, эсвэл жуулчдын нөлөөг дагаж байгаль орчин өөрчлөгдөх бус харин ч эсрэгээрээ бидэнд өвлөгдөж ирсэн тэр янзаараа хойч үедээ эх дэлхийгээ үлдээхэд малчид өөрсдийн хувь нэмрээ оруулдаг байх юм.
-Төслийн хүрээнд саяхан Архангай, Улаанбаатарт хоёр ч ойрхон танилцуулах сургалт болж өнгөрлөө. Төсөл хэдийнээс малчдын суурьт албан ёсоор хэрэгжиж эхлэх вэ. Төслийн хамрах хүрээг хэрхэн тодорхойлсон юм бол?
-Одоогийн байдлаар төслийн гол үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрчихлөө. Одоо тавигдах шаардлага, стандарт ямар байх, яаж малчин өрхийг хамруулах вэ, хэрхэн орон нутаг болон үндэсний хэмжээний сүлжээнд бүртгэх вэ гэх зэрэг бүтэц, зохион байгуулалт ба төлөвлөлтийн ажлыг эцэслэж байна. Үүнд оролцогч талуудын санал хамгийн чухал. Саяхан Архангай аймагт малчдыг оролцуулсан сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод аялал жуулчлалын байгууллага, тур опературуудын төлөөллийг оролцуулсан дараагийн сургалтыг явуулж, хэлэлцүүлэг зохиож тэдний санал хүсэлтийг сонслоо. Дараагийн удаад төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан сургалтыг хийнэ. Ингээд үндсэндээ ирэх оны 3 дугаар сар гэхэд албан ёсоор судалгааны төслийн баримт бичиг эцсийн байдлаар боловсруулагдаж, БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төвд хүргүүлнэ.
Хэрэгжүүлэх явц буюу туршилтын эхний алхам Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт эхэлчихсэн. Одоогоор хамрагдах боломжтой малчин өрхийг бүртгэж байна. Дараа нь орон нутгийн зохицуулагчдыг сонгох юм. Малчдын болон орон нутгийн зохицуулагчийн бүртгэл дээр үндэслэн, гүнзгийрүүлсэн сургалтыг тэдгээр аймагт хийнэ. Үүн дээрээ тулгуурлан үндсэндээ нэг аймагт доод тал нь 10-аад малчин өрхийг сонгон, төслийг эхлүүлэх зорилтыг тавьж байгаа.
Энэхүү бодлогын баримт бичгийн баталгаажилт, гурван аймгийн малчин өрхийг хэрхэн сонгож, тэд тавьж буй шаардлагыг хэр хангаж байгаа болон ирэх зунд дотоодын жуулчдыг хэрхэн авах бололцоотой байна вэ гэх зэрэг асуудлаас хамаарч, дараа дараагийн ажлыг хурдац шалтгаална. Судалгааны дүнгээс үзэхэд, ирэх жилүүдэд бүх аймагт төслийг танилцуулах, “Гэр ба Байгаль” төслийн шошгод хамрагдсан малчин өрхийн үндэсний сүлжээтэй болох, улмаар гадаадын жуулчдад танилцуулах марктенгийн сурталчилгааг эхлүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ.
-Малчин өрх аялал жуулчлалын салбарын гол оролцогч болох нь гэж ойлголоо. Гэхдээ ямар бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох вэ?
-Эдийн засаг талаасаа бол үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Үйлчилгээнд нь гэр хонуулах, хоол ундаар үйлчлэх, нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлыг бодитоор нь харуулах, ойр орчмын байгальд морин болон бусад аяллыг зохион байгуулах зэрэг багтана. Нөгөө талдаа эдгээр үйлчилгээг үзүүлэхийн тулд зохих мэдлэг чадамжтай байх хэрэгтэй. Тэгэхээр нэгдсэн зохион байгуулалттайгаар үйлчилгээний анхан шатны шаардлагад нийцсэн мэдлэг түгээх сургалтыг явуулна.
Үүний тулд эхний ээлжинд малчин өрхөд зориулсан гарын авлага хоёрыг бэлдээд байна. Энэ нь малчин өрхийн гишүүд гэр зуураа уншчих хэмжээний боловсруулалттай гарын авлага юм. Энэ бүх мэдлэг түгээх үйл ажиллагаа нь малчдыг соён гэгээрүүлэхэд чиглэгдэж байгаа гэж ойлгож болно. Ингэснээр хот хөдөөгийн ялгааг багасгах, иргэд хоорондын соёлын түвшнийг ойртуулах, 21 дүгээр зууныг иргэн болж төлөвших зэрэг олон давуу талыг бий болгоно.
НҮБ-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн гол зорилго бол ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, дэлхий нийтээрээ соён гэгээрэх гэсэн гурван үндсэн зорилтыг агуулж байдаг. Тэгэхээр энэхүү төсөл ч мөн ялгаагүй эдгээр зорилтыг багтаасан.
-Төсөл нь ер гараанаас гарчихлаа. Сонгогдсон гурван аймгаас гадна бусад орон нутгийнхан хамрагдах хүсэлтээ хаана хэнд гаргах вэ?
-Сургалт судлаач нарын баг буюу Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв ТББ сургалт, арга зүйн асуудал дээр ажиллана. Аялал жуулчлалын хөгжлийн төв гол зохион байгуулалтыг хангах юм. Ирэх оны 3 дугаар сар гэхэд тус төвийн дэргэд Үндэсний зөвлөл байгуулагдана. Тэнд үндэсний хэмжээний зохицуулалтын асуудал эцэслэгдэнэ.
Үүний өмнө мэдээлэл авах бол орон нутгийнхаа Аялал жуулчлалын мэргэжилтэнд хандах хэрэгтэй. Тэдгээр мэргэжилтнүүд бүгд сургалтад хамрагдаж, эхний ээлжийн мэдлэг мэдээлэлтэй болсон байгаа. Хэрэв нэмэлт мэдээлэл авах бол дээр дурдсан байгууллагуудад хандах боломжтой.
Б.Туул