Шинэ мэдээ

Л.Энхсайхан: Цусны даралтаа хянадаг болчихвол харвалт буурна

Жилээс жилд монголчуудын тархинд цус харвах тохиолдол, нас баралтын тоо улам бүр нэмэгдэж, үхэлд хүргэх шалтгааны хоёрдугаарт ороод байна.  Учир нь хүн амын амьдралын буруу хэв маяг, стресс ихсэж, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдсэнээс монголчуудын дунд тархины харвалт нэмэгдэх хүчин зүйл болж байгаа юм. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Л.Энхсайхантай ярилцлаа.

-Тархины харвалтаас сэргийлэх дэлхийн өдөр энэ сарын 29 –нд тохионо. Энэ өдрийг угтан ямар ажлууд хийгдэж байна?

-Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд харвалт гэдэг өвчин нас баралтаараа, хөдөлмөрийн чадвар алдалтаараа, тахир татуу болох байдлаараа анхаарал татахуйц асуудлуудын нэг болсон. Манайд харвалтын өвчлөл ч их, нас баралт ч өндөр байдаг. Дэлхийн  бусад орнуудаас манайх хамгийн өндөр тархалттай орны тоонд ороод байна.  Өндөр нас баралттай харвалт гэдэг өвчнөөс сэргийлэх нь чухал учраас 2006 онд Дэлхий даяар харвалтын эсрэг өдрийг бий болгосон.

Манай улс 2009 онд анх удаа тэмдэглэж эхэлсэн. Энэ жилийн харвалтын өдрийн уриа нь “Та харвалтгүй байх ямар шалтгаан таньд байна вэ”. Харвалтгүй амьдрах нь таньд ямар хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл харвалтгүй байх нь таны эрүүл мэнд, гэр бүл үр хүүхдэд тань ямар хэрэгтэй юм. Харвачихвал яах вэ, харваад нас барчихвал яах вэ. Гэр бүл, үр хүүхэд чинь яах вэ. Ажлын хамт олон чинь яах вэ. Эхлүүлсэн ажил төрөл чинь яах вэ. Хохирох асуудал их байгаа учраас харвалтгүй явах боломж нь  юу юм бэ гэдгийг ярина.

Энэ жилийн хувьд харьцангуй өргөн тэмдэглэх гэж байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар харвалтаас урьдчилан сэргийлэх, харвалтийн эсрэг тэмцэх 14 хоногийн  аяныг орон даяар явуулахаар болсон. Харвалтаар өвчилсөн хойно нь эмчлэхээр аль аль талдаа хохиролтой. Эдийн засагт ч, эмнэлгийн байгууллагад ч, хувь хүний амьдралд ч асар их хохирол учраад байна. Тиймээс харвалт өвчинд өртөхгүйгээр сэргийлчихвэл тэр олон зардал хохирол алга болж багасах юм.

-Тархины харвалтын шалтгаануудыг дурьдвал?

-Тархины харвалтын нэгдүгээр том шалтгаан нь цусны даралт ихсэх. Цусны даралт ихсэлтийн эсрэг аян гэж явагдаж байгаа. Цусны даралт ихсэхээс яаж сэргийлэх  вэ. Хэдэн настай хүн хэдэн удаа үзүүлж байх ёстой гэх мэтээр хянаж болдог. Дараагийн том шалтгаан нь судасны хатуурал. Төрөлхийн судасны эмгэгүүд байна. Тухайлбал, тархины судасны цүлхэн гээд судас нь нэг газраа цүлхийгээд тэр нь хагарахаараа харвалт болдог. Залуу хүмүүст ялангуяа их тохиолддог. Тархины судасны сүлжээрэл гээд төрөлхийн эмгэг байна. Олон шалтгаантай. Сүүлийн үеийн нэг шалтгаан нь чихрийн шижин. Чихрийн шижин маш том шалтгаан болж байгаа. Мөн бөөрний архаг өвчин, элэгний  хатуурлын төгсгөлийн шатнууд харвалт өгдөг.

Тиймээс харвалт өвчнөөс сэргийлэхийн тулд цогцоор нь л тэмцэхгүй бол ганцхан мэдрэлийн эмч нар тэмцээд бүтэхгүй. Харвалт нь л мэдрэлийн өвчин болохоос бусад нь биш шүү дээ. Дотор нь дотрын эмчид хамаарна. Тэгэхээр ганц мэдрэлийн эмч нар тасаг дотроо тэмцээд байхаар зөвхөн харвалттай л тэмцээд байна. Урьдчилан сэргийлж тэмцэх нь чухал учраас бүх нийтийн оролцоог хангая гэдэг зорилгоор л анх бид энэ өдрийг тэмдэглэхээр болсон.

Ядаж л нэг өдөр хүмүүсийн анхаарлыг хандуулвал нээрээ л их аюултай юм байна гэж бодох болов уу гэж бодсон. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд зохион байгуулаад харвалтын тухай мэдлэгтэй болгохыг зорьж байна. Юу юунаас сэргийлчихвэл харвалтын эрсдлийг бууруулах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

Жишээлбэл, ядаж цусны даралтаа хянадаг, эмчилдэг. Эмээ уудаг болчихвол монголчуудын хувьд том асуудал болоод байгаа харвалтын өвчлөл буурна. Өвчлөл буурвал дагаад нас баралт буурна. Уг нь илүүдэл жин, буруу амьдралын хэвшил гээд хүн өөрөө хүсвэл засчихаж болмоор зүйл их байгаа.

Ялангуяа хүн өөрийгөө засах хугацаа байгаа үе дээрээ энэ бүхнийг ойлгож ухаараад эрхтэн засчихвал өөрийнх  нь ирээдүйн амьдрал аз жаргалтай болно. Хүн бүр л үр хүүхэдтэй болж, тэднийхээ үр хүүхдийг харж, гэрлэж сайхан амьдрахыг нь харах хэрэгтэй биз дээ. Эсвэл дөнгөж хүүхдээ төрж, өсөж байхад нь нас барчих нь дээр үү. Хатуу хэлж байж болно. Энэ үнэнийг байнга бодож хүүхдийнхээ ирээдүйн баталгааг хангаж та  харвалт өвчинд өртөхгүй байх ёстой. Сургалтын төлбөр, хуримын зардалыг бэлдэх хэрэгтэй. Энэ бүхнээ биелүүлэхийн тулд та өөрөө л амьд байх хэрэгтэй.

Манай монгол хүний нэг зан нь “Аа, надаас хол өвчин” гэж байнга боддог. Эсвэл ДОХ надаас хол. Би бол гэр бүлтэй ш дээ” гэдэг. Гэтэл тэр өвчин тэгж хүнийг ялгадаггүй. Түүнтэй адил “Би л харвахгүй” гэж хэн нь харвана, хэн нь харвахгүй гэдгийг мэдэх аргагүй. Энэ өвчин нэг өдөр л хүрээд ирнэ. Тэрэнд өртөхгүйн тулд болохгүй, бүтэхгүй амьдралын хэвшлүүдээ зөв болгоод хэрэглэдэг, иддэг уудаг юм аа зөв болгох хэрэгтэй. Хэрэв эмгэг байгаа бол тэрийгээ эртхэн эмчид үзүүлж, хянуулаад эмчээс зөвөлгөө авдаг болчихвол нэг их зардал орохооргүйгээр хялбархан шийдэж болох юмыг амь насаараа төлж болохгүй.

–Эмнэлэгт ирж байгаа хүмүүс нийтлэг ямар шалтгаантай ирж байна?

-Шалтгаан нь даралт ихсэлт.

–Тархины харвалт их залуужиж байна гээд байгаа?

-Одоо 20-30 настай хүн ч харваж байна. Монголд ер нь 20-30 настанаас илүү 40-60 насны хооронд өвчлөлт өндөр, нас баралт их байдаг. Тэгэхээр ид насны хүмүүсийн өвчлөл, нас баралт их өндөр байна. Тэгэхээр 40-60 нас гэдэг бол сурсан мэдсэн зүйлээ яг ид хийж бүтээдэг нас нь. Суралцаж дуусаад, ажлын туршлага суугаад, мэдлэг чадвартай болоод яг сайхан амьдрал тэгшрээд ирэх насан дээр харвалтаар өвчлөөд, нас бараад байна. Гэртээ тахир дутуу болоод байна.

Энэ нь улс орны эдийн засагт, гэр бүлд асар их хохиролтой. Зардал гаргаж гаргаж, сурч сурч хариуд нь юу ч хийж өгөлгүй тархин дахь мэдлэг боловсролоо ашиглалгүйгээр гэртээ тахир дутуу болоод хэвтэж байна гэдэг харамсалтай асуудал. Гадаадын орнуудад харвалт өндөр насныханд буюу 60-аас дээш насныханд зонхилон тохиолддог Манайд 40-60 насныханд их байгаа учраас л энэ өвчинтэй тэмцэх нь зүйтэй. Жишээ нь, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын тохиолдол бүртгэгдэж эхэлснээс  хойш 25 жил болоход хэдэн хүн өвчлөөд, хэд нь нас барав. Гэтэл жилд харвалтаар хэдэн хүн өвчлөөд хэд нь нас барж байна. Асар зөрүүтэй тоо гарч ирнэ.

-Жилд хэдэн хүн харвалтаар өвчилж байна. Тоон статистикаар хэлвэл?

-Монгол Улсад жилдээ 5000 орчим шинэ харвалт тохиолддог. Тэрний 10-20 хувь нь нас баралт гэж үзвэл нилээн өндөр тоо гарч ирнэ. Тиймээс энэ нь нас баралтын тэргүүлэх шалгаануудаасаа эхэлж, хүн бүр өөрийгөө хамгаалах сэргийлэхэд анхаарах хэрэгтэй.  Сүүлийн үед Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгасан байгаа. Энэ ажлыг илүү сайн хэрэгжүүлээд урьдчилсан сэргийлэх ухаанд бүх нийтээрээ суралцмаар байна.

Харвалтаар өвдчихсөн хойно нь гэрээрээ ирээд уйлалдаад суугаад байхаар тэр хүнийг хайрладаг л юм бол зүгээр байхад нь хайрлаач. Харваагүй  байхад нь хайрлаач. Энд эмнэлэгт ирчихсэн хойно нь хайраа илэрхийлээд, уйлж дуулаад бөөнөөрөө хараад суугаад байх хэрэггүй.  Тийм биз дээ. Нас барчихлаа гээд их л олон ах дүүс  ирнэ. Амьд байхад нь, өвдөөгүй байхад нь тэр олон ах дүүс, хамаатан садан юу хийж байсан юм. Тэр хүнд “Чи энэ зуршилаа больчих. Жингээ хасчих. Хоолоо зөв иддэг болчих л доо. Дасгал хийж, гүйж байгаач” гээд хэлж зөвлөж  байсан уу.

Харвалттай тэмцэх асуудал бол үнэндээ хувь хүний асуудал биш. Гэр бүлийн асуудал. Хажуудахаа хайрла. Хамт амьдрая гэж боддог л юм бол дэргэдээ байгаа ханиа хайрлаад, даралтыг нь үзүүлээд. эмийг нь уулгаад хоол ундыг зөв сайхан тохируулаад бие биенээ анхаараач. Даралт чинь болохгүй байна гэж бие биенээ дэмжээд эрсдэлд өртөхөөс сэргийлээч.  Харвалт гэдэгт харавчихсан нэг хүний асуудал биш.

Харвалт тойрсон хүмүүсийн асар том асуудал. Харвалт гэр бүлд асар их эдийн засгийн хохирлыг авчирдаг. Тухайлбал, нэг гэр бүлийн хоёр гурван хүүхэдтэй байлаа. Аав нь харавчихлаа гэхэд тэр гэр бүл юугаараа амьдрах юм. Орлого нь ямар болох вэ. Харавсан хүнийг хэн сахих вэ. Хүүхдүүд нь сахих уу, эхнэр нь  сахих уу.  Ямар мөнгөөрөө амьдрах уу. За яахав харавсаны дараах хэсэг хугацаанд хүмүүс туслана гэж бодоход, дараа нь яах вэ. Тэр айл гэрийн амьдрал юу болохов.

-Ядуурлын нэг шалтгаан болох нь ээ?

-Тийм. Тиймээс харвалт өвчин айл гэрийн амьдралд асар их хор хохирол дагуулдаг байхгүй юу. Эмнэлэгт ирээд нас бараад байгаа хүмүүсээс гадна амь нас нь аврагдаад  гэртээ очоод ямар хэцүү байдалд гэрийнхэнээ оруулж байна. Өөрөө ямар байдалтай амьдрахав.

Тиймээс энэ хор хохирлуудыг даван туулж багасгах нь дан ганцхан эмч бидний биш Монгол улсын иргэн бүрийн үүрэг. Өөрийнхөө аз жаргалын төлөө хүлээсэн иргэний үүрэг. Тиймээс хүмүүс энэ асуудалд ухамсартайгаар, ухаантайгаар тэмцэж ойлгох хэрэгтэй.  Харвалт дээр хоёр л асуудал байдаг. Нэгдүгээрт урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт харвангуут эрт таньж мэдэн эмнэлэгт хандах хэрэгтэй юм.

-Яаж эрт таньж мэдэх вэ?

Харвалт ихэвчлэн хоёр янзын эхлэлтэй. Нэг эхлэлийг нь хүн болгон  хүссэн ч, хүсээгүй ч эмнэлэгт хандана. Юу гэвэл, өвчтөн гэнэт ухаан алдаж, татаж, ухаангүй болчихдог. Эсвэл гэнэт бөөлжиж огиод толгой нь өвдөж байгаад ухаангүй татчихдаг. Тэгэхээр эмнэлэгт л хандаж таарна. Тэр тохиолдолд шууд хандаад байдаг. Нөгөө нэг нь ухаан алдахгүйгээр илрэх шинжийг л эрт таньж мэдэх хэрэгтэй.

Дэлхий даяар гурван шинж тэмдэгийг зөвлөдөг. Ам мурийх, гар сулрах, хэл яриа ээдрэх. Жишээ нь, хүний нэг талын хөл, гар сулраад, ам нүүр мурийж, хэл яриа нь дультраад эвгүй болчихвол харвалтын  шинж байж болно. 103-т дуудлага өгөхдөө “Хүний бие муудаад байна” гэж биш “Манай хүн харавчихсан юм шиг байна. Энэ гар нь сулраад байна. Ам нь мурийчихлаа. Хэл яриа нь ээдрээд байна” гээд хэлэхэд Түргэний эмч аль болох хурдан  хугацаанд очино. Эмнэлгийн тусламж эрт авна. Тиймээс л мэдлэгтэй байх хэрэгтэй. Өвчний тухай мэдлэгтэй байна гэдэг нь тэр өвчнийг хүсээд биш хүсэхгүй учраас мэдлэгтэй байх хэрэгтэй юм. .

Мэдэхгүй байна гэдэг гараа өргөөд бууж өгч байгаа үйлдэл юм. Ялагдахаас өөр  аргагүй. Азтай бол аврагдана. Азгүй бол ар гэрээ орхиод  нас барна л гэсэн үг. Харвалт өвчин бол үнэхээр аюултай. Тархалт их байна. Харвалтаар өвчилсөн хүн мэдэх үү гэхэд зөндөө байгаа. Тэрний ах, тэрний ээж, эмээ, ах нь, аав нь харавсан. Тэр нас барсан гээд зөндөө олон сонссон байгаа биз.

Яг өөрийн чинь танил дотор ч тийм мэдээлэл сонсогдсон байгаа. Тиймээс мэдлэгтэйгээр,  өөрийнхөө, үр хүүхдийнхээ төлөө сэргийл, хамгаал. Үр хүүхдийнхээ төлөө мөнгө цуглуулахаас гадна та өөрөө амьд явж байж үр хүүхдийнхээ төлөө их юм хийнэ. Та өөрөө байхгүй, мөнгө чинь үлдээд яах ч юм билээ. Мөнгө бол мөнгө. Ээж аав бол ээж аав шүү дээ. Дахиж олдохгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close