ЯрилцлагаFocus

Ч.Батжаргал: Хүн бүр эрчим хүч хэмнэх боломжтой

Эрдэнэт үйлдвэрийн зардалд эрчим хүчний зардал багагүй хувийг эзэлдэг. Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж бүхий Баяжуулах үйлдвэр эрчим хүчний гол хэрэглэгч. Энэхүү зардлыг хэмнэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар Баяжуулах үйлдвэрийн Эрчим хүчний хэмнэлтийн инженер Ч.Батжаргалтай ярилцлаа. 

-Баяжуулах үйлдвэр бол  эрчим хүчний хамгийн өндөр хэрэглээтэй цех. Танайх эрчим хүч хэмнэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Таны асуултад хариулахын өмнө Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ ямар байгаа талаар багахан тоо дурдъя. Манай Улсын Эрчим хүчний систем оргил ачааллын цагуудад чадлын дутагдалд орж байна. 2021 онд Эрчим хүч үйлдвэрлэл 11 хувиар, хэрэглээ 13 хувиар өссөн дүн гарсан. Оргил ачааллын үе буюу 17-22 цагт  ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолж авдаг. Энэ жил манай Улс 100 МВт чадал  нэмж импортлох шаардлагатай болж байгаа. Эрдэнэт үйлдвэр 115 МВт цахилгааны чадал хэрэглэдэг бөгөөд Төвийн эрчим хүчний системийн хамгийн том хэрэглэгч. Монголын эрчим хүчний систем манайхаас ихээхэн хамаардаг. Иймээс манай үйлдвэр  эрчим хүч хэмнэж ажилладаг.  Эрчим хүчний зохицуулах хороонд жил бүр эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө, тайлан өгдөг. Ирэх жилийн төлөвлөгөөг бид өгсөн. Баяжуулах үйлдвэр хэд хэдэн чиглэлээр цахилгаан эрчим хүч хэмнэж ажиллаж байна. Нэгд, Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй шинэчлэлдээ эрчим хүчний хэмнэлттэй техник технологийг сонгож байгаа. Тухайлбал,  Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, ӨНХ дээр ММС-ын тээрмийн хөдөлгүүр, хувиргагч солих, НБХ-т  тээрмийг зөөлөн асаах хувиргагч солих зэрэг ажлуудад энэ зарчмыг барьж байгаа. Түүнчлэн сүүлийн үед эрчим хүчний хэмнэлттэй Евро IE3 стандартад тохирсон цахилгаан хөдөлгүүрүүдийг авч суурилуулсан.   

Хоёрт, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гарснаас хойш Баяжуулах үйлдвэр үндсэн тоног төхөөрөмжийн засварын ажлыг “үнэтэй цаг” буюу 17-22 цагт төлөвлөж, хийх болсон. Гурван тарифт тоолуур ашигласнаар жилд тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байна. Гуравт,  цахилгаан гэрэлтүүлгийн сүлжээнд LED гэрэл суурилуулсан. Насосууд болон  гэрэлтүүлгийн  ажиллагааг автоматжуулсан. Дөрөвт, Эрчим хүчний хэмнэлттэй бүтээмж, инновацын төслүүд хэрэгжүүлж байгаа. 

-Энэ онд ямар төслүүд хэрэгжүүлэв, тэдгээрийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Манайх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай гурван төсөл дээр хамтарч  ажилласан. Эхнийх нь 2 квт чадалтай нарны цахилгаан станц ашиглалтад оруулж, Эрдэнэт үйлдвэрийн шалган нэвтрүүлэх нэгдүгээр төв дээр суурилуулсан. Мөн цахилгаан машин цэнэглэх 2кВт чадалтай станц хийсэн. Дээрх нарны станц 9-р сарын дундуур ашиглалтад орсон. Сар бүр үйлдвэрлэснээ тооцоод явж байгаа. Өдөрт 8-10 кВт/ц эрчим хүч үйлдвэрлэж байгаа. 4-5 жилийн дараа өртгөө бүрэн нөхөөд цааш ашигтай ажиллана, 30 жил ажиллах боломжтой. Нарны батарейн ажиллах нөөц 10 жилээс цааш 5 хувиар багасдаг. Манай оронд нарны эрчим хүч ашиглахад  хамгийн тохиромжтой. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд зааснаар хувь хүн 20 кВт хүртэл чадалтай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, худалдаж авдагтай ижил тарифаар зарах боломжтой. Энэ төслөөрөө  цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж хэмнэх тухай хүмүүст сурталчлах, уриалахыг зорьсон юм. Хоёрдугаарт, Баяжуулах үйлдвэрийн автомат салгуурыг шалгаж турших аргачлал боловсруулах судалгааны ажлын төсөл.  Бүх автомат салгуурыг QR коджуулж, цахилгаан автомат салгуур хэзээ туршилтад орсон, дараагийнх нь хэзээ болох зэргийг тодорхойлж, ажлаа төлөвлөх боломжтой. ОУ-ын стандартын дагуу цахилгаан автомат салгууруудыг туршиж, шалгах боломжтой болж байгаагаараа их үр дүнтэй төсөл болсон. 

-Гуравдугаар төсөл нь?

-Баяжуулах үйлдвэрийн цахилгаан хөдөлгүүрүүдийг нил ягаан туяа болон чичиргээгээр оношлох аргачлал боловсруулсан. Цахилгаан тоног төхөөрөмж хална, чичиргээ ихтэй байна гэдэг эрчим хүчний алдагдал. Хэрэггүй зүйлд энерги зарцуулаад байна гэсэн үг. Түүнийг бид нарийн оношлоод тухайн тоног төхөөрөмжийн холхивч муудсан уу, тосолгоо шаардлагатай байна уу, центровк буюу төвлөрөл сайн хийгдсэн эсэхийг чичиргээний багажаар хэмжиж тогтоож  байна. Энэ төслөөр аливаа асуудлыг эрт илрүүлэх боломжтой, энэ нь эргээд эдийн засгийн ач холбогдолтой юм. 

-Эдгээрийг авч хэрэгжүүлэхээс гадна ажилчин бүр ажлын байрандаа цахилгаан эрчим хүч хэмнэх хэрэгтэй байх. Энэ талаар та зөвлөгөө өгнө үү?

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө оновчилж, хэмнэхээс гадна, бүх ажилчид ажлын байран дээрээ цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтой. Үүнд нэг л зарчим бий. Ашиглаагүй л бол бүх цахилгаан тоног төхөөрөмж сүлжээнээс салсан байх ёстой. Та  ажлаас буухдаа компьютер, принтер, баллонтой ус буцалгагч, хөргөгч зэрэг бүх цахилгаан хэрэгслээ салгах хэрэгтэй. “Shut down” хийж унтраахад компьютер цахилгаан эрчим хүчнээс салаагүй, импульсны тэжээлийн блоктой учраас байнгын хүчдэлтэй байдаг.  Ажлын байран дахь хөргөгч дотор муудахаар юм байхгүй учраас өдөр болгон салгаад байхад мөс ч тогтохгүй. 

-Гурвуулаа суудаг нэг өрөөнөөс цахилгаан хэрэгслээ салгаснаар хэдий хэр хэмнэлт гарах вэ?

-Компьютер, принтерүүд, хөргөгч, гэрэлтүүлгээ сүлжээнээс салгахад 1 кВт чадал бууруулах юм. Зөвхөн ажлаасаа тарахдаа төдийгүй, түр гарахдаа ч цахилгаан хэрэгслээ салгаж сурах хэрэгтэй.  

-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Я.Энхтуяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close