Хууль эрх зүйFocus

Шүүгчийн сургалтын хөтөлбөр батлагдлаа

Шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчийн сургалтын хөтөлбөрийг бүх шатны шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, хууль зүйн их, дээд сургуулийн төлөөллөөс бүрдсэн Сургалтын хөтөлбөрийн хороо боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батлахаар зохицуулсан.

Сургалтын хөтөлбөрийн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2021 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Үндсэн хуулийн эрх зүй, шүүгчийн ёс зүй, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр боловсруулж, батлуулахаар ирүүлжээ.

Сургалтын хөтөлбөрийн хороо Монгол Улсын шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т зөвлөгөөн шүүгчийг мэргэшүүлэх сургалтын саналаа Хүрээлэнд хүргүүлэх бүрэн эрхтэй гэж, мөн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах зохицуулалтын хэрэгжилтийг хангаж, 2021 онд шүүгчдэд зориулан зохион байгуулах сургалтын талаарх хэрэгцээ шаардлагыг судлан, анхан, давж заалдах шатны нийт шүүхүүдээс саналыг авч эдгээр сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батална гэж заасны дагуу Ерөнхий шүүгч 2021 оны шүүгчийн сургалтын хөтөлбөрүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн баталлаа.

Шүүгчдэд зориулан 2021 оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулах сургалтын хөтөлбөрийн онцлог нь Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд өнөө цагт анхаарал татаж буй иргэдийн үндсэн эрхийн шүүхийн хамгаалалт ба Ковид-19 нөхцөл байдал, шүүгчийн ёс зүйн чиглэлээр эрх зүйн шинэ зохицуулалт бүхий шүүгчийн сахилгын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал, сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөн шүүгчийн ёс зүйн асуудлаарх гадаад орны туршлага зэрэг сэдвийг хамарчээ.

Үүний зэрэгцээ эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарал татсан асуудал болох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмуудын практик хэрэгжилт, татвар болон хөдөлмөрийн эрх зүйн шинэ орчин, шүүхийн шийдвэр бичих аргачлал зэрэг асуудлууд сургалтын хөтөлбөрт тусгагдсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close