Дэлхийн аялал жуулчлалын өдрийн хүрээнд нийт сэтгүүлчдийн дунд Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс зарласан шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдааны шилдгээр МОНЦАМЭ агентлагийн МОНТА студийн сурвалжлагч Б.Янжиндулам, тус агентлагийн орлогч эрхлэгч Ш.Батболд нар шалгарч, шагналаа гардаж авлаа.
Шагналыг Аялал жуулчлалын хөгжлийн төвийн Инновацийн хэлтсийн дарга О.Одгэрэл гардуулж хэлэхдээ “Цар тахлын дараах Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн гарцыг тодорхойлоход мэргэжлийн сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын мэдлэг ойлголт, ач холбогдлыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн уг уралдааны ялагчаар тодорсон хоёр сэтгүүлчдээ баяр хүргэе. Дэлхийн аялал жуулчлалын салбар сүүлийн 2 жил зогсонги байдалтай байгаа энэ үед сэтгүүлч сурвалжлагчид энэхүү уралдаанд идэвхтэй оролцож, аялал жуулчлалын салбарын ирээдүйг тодорхойлж, дутагдалтай болон давуу талуудыг үнэлж цэгнэн гаргаж ирсэн тул та бүгдийн бүтээлийг онцолсон” хэмээн хэлсэн юм.
Тус уралдааныг “Аялал жуулчлал хөгжлийн шинэ гарц мөн”, “Ковидын дараах Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүй”, “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” гэсэн гурван сэдвийн хүрээнд зарласан ба хэвлэмэл болон цахим нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, видео контент бүтээх гэсэн төрлөөр зарласан. Уралдааны бүтээлийг хүлээж авах явцад телевизийн нэвтрүүлэг ба видео контент бүтээх төрөлд бүтээл ирээгүй учир хэвлэмэл болон цахим нийтлэлийн төрөлд бүтээл шалгаруулсан байна.
“Аялал жуулчлалын салбарыг дахин сэргээхэд ямар шийдэл гарц байна вэ гэдэг талаас нь нийтлэлээ бичсэн. Ковидын үед жуулчид илүү хүн цөөтэй газар сонгох болсон. Ийм нөхцөлд манай Монгол улс хүн ам цөөтэй, газар нутаг уудам, гаднах аялал түлхүү явдаг учраас жуулчдыг татах нэг гарц шийдэл гэдгийг тодруулсан. Мөн дижитал шилжилт рүү орох буюу хүнээс хүнд хүрсэн үйлчилгээг багасгаж, цахим технологийг түлхүү ашигладаг болох хэрэгтэй. Түүнчлэн жирийн иргэд ч гэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, Bee Soy гэдэг иргэн гадаад хэлтэй, цахим орчинд сайн ажиллаж чаддаг л бол аялал жуулчлалыг хөгжүүлж болдог гэдгийг харуулж байна. Цахим орчинд ажиллаж сураад хэлний мэдлэгээ бага зэрэг нэмэгдүүлэхэд өөрийн гэсэн орлоготой болж болон гэдгийг тодотгосон. Хамгийн гол нь цар тахлын нөлөөгөөр 88 мянган ажлын байр эрсдэлд орж, 1600 гаруй аж ахуй нэгж эрсдлийг хэрхэн даван туулах арга зам, олаа олох вэ.
Маш олон хүн амьдралын эрхээр өөр ажил хийж байна. Тэгэхээр энэ салбар сэргэнэ гээд үнэнчээр хүлээж байгаа хүмүүст итгэл найдвар болсон шинэ нисэх буудал ашиглалтад орлоо. Тиймээс цар тахлын үед зүгээр суулгүй аялал жуулчлалын салбарынхан бэлтгэл ажлаа хийж, салбараа илүү сайн судлах, жуулчны баазаа засварлахад анхаарч байна. Нөгөө талаар аялагчид их залуужиж байна. 25-40 насныханд зориулсан шинэ хөтөлбөр, санаануудаар тэднийг татах хэрэгтэй гэдэг утга гаргахад анхаарсан”.
“Дэлхийд нэр хүндтэй түүхүүдээ тодруулж, илүү бодитой болгох хэрэгтэй. Тухайлбал, Чингис хааны төрсөн нутаг гэдэг ч ганц чулуунаас өөр юм байхгүй. Дэлхийн аялал жуулчлалын гол үндсэн зарчим нь домог зохиох байдаг. Израйлд “Исүс Христ сууж байсан чулуу, Мария эхийн усаа авдаг байсан худаг” гэх мэтээр жуулчдыг татдаг. Монголд ч энэ нь боломжтой. Түүх маш их байгаа. Манайхан жуулчны бааз байгуулж, чулуун дээр бичиг бичдэг. Ингэж бичиж үлдээх биш “Чингис хаан энд ингэж явсан” гэдгийг тодруулдаг байх хэрэгтэй. Жишээ авах ганц газар бол Цонжин болдог. Чингис хааны ташуураа унагаасан газар. Зөвхөн Чингис хаан гэхгүй Модун хаан, Өндөр гэгээний тухай домог зохиож болно. Хятадад маш олон бий.
Олон цэргүүдтэй бунхан олдоход зохион байгуулалттай домог зохиодог. Жишээ нь, “Бунхан дотроос европ төрхтэй цэрэг олджээ” гэдгээ төрийн мэдээллээрээ цацахад гадныхан үзэхээр очдог. Шинэ Зеландад “Харри Поттер” киног бүтээсэн. Тэнд одоо аялал жуулчлалын маш том төвийг байгуулсан. Ийм маягаар домог зохиох нь Монголын аялал жуулчлалын сэргэх шинэ арга зам гэдэг утгаар нийтлэлээ бичсэн”.
Энэхүү шагналыг өнөөдөр “Мишээл экспо” төвд зохиогдож буй “Ай Ти Эм-Монголиа” олон улсын үзэсгэлэнгийн үеэр гардуулан өгсөн юм.
П.Нарандэлгэр