НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж, жил бүр олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 76 жилийн ойгоо угтахын зэрэгцээ Дэлхийн Хүнсний Өдрийг дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал, түүний үр дагаврыг даван туулахаар чармайж буй онцгой мөчид “Бидний үйлдэл бидний ирээдүй: илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн шим тэжээлт хоол хүнс, илүү сайхан байгаль орчин, илүү сайхан амьдрал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд 768 сая хүн хоол хүнсний гачигдалтай амьдарч байгаа тайлан гарсан нь өмнөх оноос даруй 118 саяар их байгаа юм. Түүнээс олон буюу 2 тэрбум хүн шим тэжээлийн дутлын нэг хэлбэр болох таргалалттай болж, 2050 гэхэд шим тэжээлийн дутагдалтай хүмүүс дахин 2 тэрбумаар нэмэгдэх төлөвтэй байгаа өнөөгийн нөхцөлд “Өлсгөлөнг зогсоох” зорилгод хүрэхийн тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд далайцтай өөрчлөлт хийх шаардлагатай байна.
Дэлхийн хүнсний өдрийн нээлтэд ХХААХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн Т.Жамбалцэрэн оролцсон бөгөөд тэрээр “Хүнс үйлдвэрлэх, хүнсийг хэрхэн зүй зохистой хэрэглэх нь бидний эрүүл мэнд, цаашлаад дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй-хүнсний системд шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд хүнсний хангамж, тогтвортой байдлыг хэрхэн хангах нь өнөөдрийн бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс ихээхэн хамаарч байна.
Иймд бид цаашид Тогтвортой хөгжлийн зорилго, хүнсний үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангах, түүнээс гарах хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тогтвортой хөгжлийн зорилго болон улс орнуудын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр /NDC/-ийг хангахад хүнс, түүний тогтолцооны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ маш чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүргийг хүлээж, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд үүнд манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын үүрэг оролцоо их байх юм.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, хөдөө аж ахуйн салбараас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор мал аж ахуй, газар тариалан, хүнс боловсруулах салбарт органик болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн зарчмыг хэвшүүлэх, малыг тооноос чанарт шилжүүлэх, тоо толгойд албан татвар ногдуулах эрх зүйн орчинг бүрдүүллээ. Олон жилийн туршид 100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо анх удаа 2.8 хувиар буурав. Нийт 200 гаруй ногоочид, иргэн, аж ахуйн нэгж органик үйлдвэрлэлд шилжиж, 450 гаруй бүтээгдэхүүнийг баталгаажуулан, бүртгэж, зах зээлд нийлүүлсэн.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагууд Монгол Улсын хүн амыг аюулгүй, баталгаатай хүнсээр тогтвортой хангах үйлсэд Засгийн газартай нягт хамтран ажилладаг.
Энэ жилийн тухайд цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулах, агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах, хүнсний тогтолцоо, сургуулийн хүүхдийн хоол тэжээлийн байдлыг үнэлэх, сайжруулах, усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг бид эхлүүлээд байна” гэсэн юм.
НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа “Хүнс тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийх, шим тэжээлийг сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэхээс гадна уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, гамшгийн эрсдэлийг бууруулахад мэдлэгээ дээшлүүлэх, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээлтийг хийхэд олон улсын сайн туршлагаас хуваалцах, бодлогын арга хэмжээ, зохицуулалтын арга хэмжээ авах, цахим технологийг нэвтрүүлэх, салбарын даван туулах чадавхыг дээшлүүлэхэд үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно.” гэв.
Дэлхийн хүнсний өдрийн нэгэн онцлог арга хэмжээ нь шийдвэр гаргагч дээд байгууллага болох УИХ-ын төлөөлөл, УИХ-ын Гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Дарга Х.Болорчулуун, УИХ-ын Гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ц. Туваан, Г.Тэмүүлэн нарын Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцооны талаарх хэлэлцүүлэг байлаа.