-Үндэсний цөөнх байна гэдэг эмгэнэлтэй бөгөөд баатарлаг хувь тавилан-
Зохиолч, яруу найрагч Чинагийн Галсантай ярилцлаа. Энэхүү эрхэмийг би тодорхойлж, олон долоон үг ярилцлагынхаа эхэнд бичиж үл зүрхлэв. Зүгээр л “Модны өвөө” гэмээр ч юм шиг. Бид хэрхэн хөөрөлдсөнийг доорх ярилцлагаас сонирхоно биз ээ.
-Энд тэндхийн мэдээ харахаар танаас үрсэлгээ авч мод тарилаа гэсэн үг өгүүлбэр тааралдаад байхаар уулзъя гэж зорьж ирлээ. Сүүлийн үед та их завгүй байх шиг ээ?
-Надад завтай үе гэж ер байсангүй. Бүх насаараа л гүйн хар алхаагаар амьдарлаа. Завтай байснаа ер санахгүй байна. Би боддог юм, яасан ч их урт насалсан юм бэ, яасан ч их ажилласан юм бэ гэж. Хүн болсоор би хөдөлмөрлөөд, хөдөлмөрлөөд л байсан. Би бол “Хөдөл хөдөл-мөрлөөд хөдөл” гэсэн уриатай хүн байгаа юм.
-Мод тарья гэсэн хүмүүсийн хүсэл эрмэлзэл энэ жил онцгой их байх шиг байна. Танд тэгж анзаарагдах юм уу?
-Мэдэгдэлгүй яах вэ. Улаанбаатар хот 10 жилийн өмнө саарал хот байлаа. Одоо алаг цоог болж ногоорч эхэлж байна. Арван найман жилийн өмнө манайхыг одоогийн буйран дээрээ ирэхэд шалбааг тогтчихсон, машины хөлд талхлагдсан газар байсан. Хажууд нь томоо гэгч нь хогийн овоо байлаа.
Хогийн овоо ямар билээ дээ, үнэр танар гэж жигтэйхэн. Бид 2004 оны наймдугаар сард нүүж ирээд, давын өмнө хогийг нь ачуултал нэг авгай хүрч ирээд хог хаях газаргүй болголоо гэж загнаж байсан юм даг. Хогийн машинаар хогийг нь олон удаа ачуулсан. Тэгээд мод суулгаж эхлэхэд шоолох хүн ч байсан. Өөр нэг аманцар авгайгаар “Хөөе зөнөг минь, мод гэдэг чинь ууланд ургадаг болохоос хүн тарьдаггүй юм шүү дээ” гэж хэлүүлж хүртэл байлаа шүү дээ. Хориод жилийн өмнө бас ч гэж зөнөг хэлж хэлүүлэхээргүй байсан юм байгаа биз дээ. Хариуд нь би “Мод гэдэг чинь ууланд ч ургадаг, хүн ч түүнийг тарьдаг юм. Чи хараарай” гэтэл “Харж таарна ш дээ” гэчхээд яваад өгч билээ.
-Энэ газраа анхнаасаа мод үржүүлгийн газар болгоно гэсэн бодолтой авч байсан хэрэг үү?
-Надад тийм бодол байгаагүй, худлаа хэлээд яах вэ. Эхэндээ Ар гүнтэд суурьших гэж үзээд больсон. Тэгээд 13 сая төгрөгөөр сууж байгаа газраа 2004 онд аваад, түүний дараа 20-30 сая төгрөгөөр үржүүлгийн газраа худалдаж авсан юм.
-Та чинь тэгвэл нүүж ирээд 17 жил. Мод тариад…?
-Мод тариад 13 жил болж байна. Анх мод яаж тарих ухаанаа олохгүй, зүгээр л Германчууд мод их тарьдаг болохоор дуурайсан хэрэг. Анх гурван нарс худалдаж авдаг юм. Тэр үед гурван ач хүүтэй байлаа. Гурван ачийгаа чандманалан суулгаад, монгол айл чандманалж бууна гэж ийм байдаг юм хэмээн үзүүлж, сууж байсан газарт нь нарсаа суулгасан. Одоо тэр модод тэнгэр тулсан модод болж дээ.
-Говь хээрийн бүсээс үрсэлгээ захиалж авахаар ирэх юм уу. Хүмүүсийн ярихаар говьд хангайн мод ургах дургүй л гэлцэх юм. Моддынхоо ургаж байгаа эсэхэд санаа зовних юм уу?
-Манайх гурван хүү, нэг охинтой. Отгон хүү маань тэр бүх зохицуулалтын ажлыг хариуцдаг.
Модоо өгөхдөө хүмүүсээс гурван зүйлийг асууна. Хамгийн эхэнд мод тарих газартай юу, хоёрт усалгаагаа шийдсэн үү, гуравт нь хариуцах хүнтэй юу гэж асуудаг. Гурвуулаа байгаа гэвэл модоо өгдөг.
Манайхан модыг буруу тарьдаг улс. Нүхээ ухаж бэлдээд, модныхоо хялгасан үндсийг нар харуулалгүй шууд суулгах хэрэгтэй юм шүү дээ. Говиос захиалга ирнэ ээ, тэгээд энэ зөвлөгөөгөө л хэлдэг. Манай үрсэлгээгээр мод тариагүй аймаг сум гэж ховор. Увс аймаг өөрөө томоохон мод үржүүлгийн газартай. Тэндээс мод авч байсныг санахгүй байна. Бусад бүх аймаг сумынхан манайхаас авдаг. Авах авахдаа бүр залж авна гээч.
-Тийм ёс төртэй ханддаг хүмүүс байдаг юм байжээ?
-“Хүний ийм сайхан модыг яаж зүгээр авах вэ” гээд жаал жуул гарын бэлэгтэй ирдэг хүмүүс байна аа. Гэтэл “Та мод өгдөг гэл үү. Би авмаар байна” гэж тулгадаг хүмүүстэй ч тааралдана. Ер нь мод тарина гэдэг бол хөгшрөлтийн эсрэг эм юм шүү дээ. Үргэлжийн хөдөлгөөнтэй байлгана. Дээр нь ургаж байгаа эсэхийг ажиглаж суух хэчнээн сайхан. Анх мод тарьж байхдаа нэг сайхан шилмүүсээ үхүүлчихлээ хэмээн санаа зовж, нэг сайн морь алдсан хүн шиг гутарч байлаа.
-Та ер нь хэчнээн мод тарья гэсэн санаж байгаа вэ?
-Модоо нэг саяд хүргэхэд 37 мянга дутуу байлаа. Энэ жил цаг оройтоод их шахуу ажиллаж байж, нэг саяд хүргэлээ. Одоо намраас 2 сая дахь модны ажил руугаа орно. Хүний зорилго гэдэг зүйл цаашлаад байдаг юм. Анх би таван ном бичье гэж боддог байлаа. Одоо 50 гаруй номтой болчихлоо. Хэвлэгдээгүй өч төчнөөн бичмэл байна. Цаг үеэсээ түрүүлснийг нь дарчихсан.
Миний бодлоор би 60 ном бичнэ. Шүтдэг Германы зохиолч Гёте 60 боть номтой. Нэг боть нь 3-4 кг, хатуу хавтастай, алт мөнгөн боронзоор чимсэн лут эд бий. Би Гёте болтол хол. Ядахдаа 60 ном биччихье л гэж байгаа юм.
-Тэдгээрээс хэд нь гадаад хэл дээр байна?
-Дөч нь.
-Та ихэвчлэн гадаад хэл дээр номоо хэвлүүлээд байх юм. Хэзээнээсээ би таны сураг чимээг алсаас сонсож, ном бүтээлийг чинь унших юм сан гэсэн хүсэлд автаж явлаа. Шинэ үеийн залуус ном их уншдаг болсныг та анзаарсан байх. Ном бүтээлээ монгол хэлээрээ хэвлүүлж, хүүхэд залуусын сайн ном уншъя гэсэн эрэлтэд нийцүүлэх тухайд ямар нэг юм бодол байх юм уу?
-Германд хэвлүүлэх номууд маань дуусаагүй байна. Түүний ар дээр орчуулна гэхэд амар биш. “Аянгат цагийн тууж” гэж намайг дэлхийд гаргасан зохиолоо 1971 оны 8 дугаар сарын сүүлчээр 2-3-хан хоногийн дотор бичсэн. Германд өндөр авсан тэр номоо дараагаар нь монгол руу орчуулах гэж 2-3 сар ядчихсан. Чанар нь дордчих вий гэж айгаад.
-Миний ойлгохоор монголоороо бичээд, дараа нь гадаад хэл рүү орчуулах нь амар гэж ойлгоод байдаг. Гэтэл та шал эсрэг юм яриад байдаг?
-Монгол хэл миний хувьд гадаад хэл. Унаган хэл маань тува хэл. Би чинь тувагаар хэлд орж, нэгдүгээр ангид орж байж монгол хэл сурсан хүн. Нэгдүгээр ангид ороход нэг ч монгол үг мэдэхгүй, бүлтгэнээд зогсож байлаа шүү дээ.
-Та хаана нэгдүгээр ангид орсон юм?
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум. Тухайн үед Цэнгэл хайрхан гэдэг байв. 1951 оны 11 дүгээр сарын дундуур сургуульд орсон юм. Сургуульд орох нас болоогүй, ер нь шийтгэл хүртэж сургуульд орсон хүн юм шүү дээ. Миний том ах багш хүн. Ах маань ямар ч бэлтгэлгүй намайг морины ар дээр сундлаад авч явсан юм даг. Тухайн үед хулгана зурамтай хөөцөлдөж явсан хир дагь болчихсон хөвөнтэй дээлтэй минь аваад явчихаж билээ. Анх сургуульд ороход надад их ч сонин байсан. Бас их ч аймшигтай байсан. Багш тулж ирээд юм асуудаг, би юу ч ойлгодоггүй.
Тэр үед сургууль сайрын хар хүрэн чулуугаар эргэн тойрон гортиг татчихсан. Тэр гортиг дотор ороод, тувагаар ярьж болохгүй дүрэмтэй. Хүн юм асуухаар нь “Энэ юу гэсэн үг вэ” гээд өөдөөс нь тувагаараа асууна.
Хоёр сарын өмнө сургуульд орсон таньдаг мэддэг хүүхдүүд түүнийг нь орчуулж өгнө. “Нэр чинь хэн бэ” гэхээр “Журук-Уваа” л гэнэ.
-Таны тува нэр юм уу?
-Тийм, тийм.
-Ямар утгатай юм?
-Хөдсөн маамуу. Айлын эрх хүүхэд чинь Журук гэдгийнхээ Р үсгийг ч сайн хэлж чадахгүй.
Анхны хичээл дээр нэрээ хальт мульт хэлсэн чинь ангийн хүүхдүүд нирхийтэл инээлдэж байгаа юм. Түүнийг сонссон багш маань “Энэ нэр тэнцэхгүй. Монгол нэр олоод ир” гэсэн даалгавар өгөв. Миний анхны гэрийн даалгавар тэр болж байгаа юм. Тэгээд ээжийн ээж нэг эмгэн байлаа. Хөгшин ээж дээр очоод “Намайг монгол нэр олж ир гэлээ. Би ямар нэр олох вэ” гэсэн чинь бодож бодож “За чиний нэр Галдан болог” гэж хэлж байгаа юм. Галдан Бошигтоо бодож хэлж байгаа нь тэр.
Өглөө боллоо. Хүүхдүүдтэй хамт хичээл рүүгээ явж байхдаа түлхэлцэж, наадалцаж байгаад нөгөө нэрээ мартчихсан. Хүүхэд юм чинь зүгээр явна гэж байхгүй шүү дээ. Ангид орж ирээд суутал хүүхдүүд чив чимээгүй болчихлоо. Дээшээ хартал өнөө багш гэдэг аймшигтай хүн чинь ороод ирчихсэн зогсож байна. Багш над руу хараад нэг юм асууж байна аа. Бодвол миний нэрийг ангийн журналд бичих гээд хүлээж байгаа бололтой.
Гал гал… гээд байдаг, … дан гэдгээ санадаггүй. Сургуулийн манаач улаан нүдэн Галсан гуайтай яг өмнөхөн нь тааралдсан байсан юм. Гэтэл тэр хүний нэр санаанд ойрхон байсан юм шиг байгаа юм. Галсан гээд хэлтэл багш “Энэ нэр болно оо л” гэж байна. Ингэж л Галсан болсон юм даа.
-Тэгвэл Чина гэдэг нь ямар утгатай юм?
-Чинаг юм шүү дээ.
-Бид тэгвэл шал буруу дуудаад байдаг юм байна шүү дээ?
-Уг нь Шынык юм. Тэр нь л явсаар Чинаг болчихгүй юу.
-Та чинь амьдралдаа таг харанхуйгаас хоёр хэл сурсан хүн юм аа даа. Герман хэл сурсан түүхээсээ яриач. Нэг бус удаа уншиж байсан юм байна?
-1962 онд Германд сурахаар арвуулаа явдаг юм. Нөгөөдүүл маань Зөвлөлтийн хоёрдугаар сургуулийн нэг ангийн сурагчид, дандаа дарга нарын хүүхдүүд. Герман хэлийг зургаан жил үзчихсэн. Би ангиасаа ганцаараа огт хэлгүй нь. Тэд чинь надад даналзаж байгаа юм.
Тэр дундаас нэг охин “Бид яах вэ, зургаан жил герман хэл үзчихсэн. Харин тэр нэг хүүхэд, хаанаас ч гэлээ хөдөөгийн нэг аймаг сумаас ирсэн гэсэн. Хэл байтугай, нүүр гараа ч угааж сураагүй” гэхэд оюутан хариуцсан нарийн бичгийн дарга Н.Ширэндэв гэж их сайн хүн байсан. Тэр хүн “Охин минь үгээ бодож яриарай” гэснээ над руу хараад “Миний хүү тэгэх тусам сайн сураарай. Энэ ч ёстой нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, хөөрхөн хүү байна. Тэгэх тусам сайн сурдаг юм шүү” хэмээн хэлж байж билээ.
-Тэгээд толгой өөд таталгүй сурав уу?
-Тэр охины тэгж хэлсэн нь маш сайн болсон. Би бүр голдоо ортол айсан байхгүй юу. Сурч чадалгүй хөөгдөх юм байна гэж. Эхэндээ ч эдний дайтай хэлтэй болчихвол болоо л гэж бодож байгаа юм. Тэгж айсандаа болоод шөнөө унтаж чадалгүй 4 цагт сэрчихсэн. Маргааш хичээл орно гэхээр зүрх түг түг цохилоод болдоггүй.
Орныхоо хажуугийн гэрлийг асаагаад хэвтэнгээ толио үзлээ. Эхлээд юутай ч тоогоо цээжиллээ. Нэг, хоёр, гурав гээд. Дуудлагыг нь оросоор хадчихсан толь байсан юм. Маргааш нь шөнө 4 цагт сэрлээ. Нөгөөдөр нь мөн цагтаа сэрлээ. Ингэж л би бүх насаараа 4 цагт сэрдэг болчихсон. Энэ дадал маань ч надад их сайнаар туссан. Ингээд гурван сарын дараа гэхэд цайны герман хэлтэй болчихлоо.
Сонсгол ч их сайтай байж. Би герман хэлийг үгээр биш, өгүүлбэрээр нь цээжилж сурсан. Энд тэнд бичсэн бичгийг их уншина аа. “Зүлгэн дээр гишгэж болохгүй” гэх ч юм уу тиймэрхүү энгийн өгүүлбэрүүдээс сурахаа эхэлсэн. Хамгийн түрүүнд хориотой, болохгүй гэсэн хоёр үгийг сурч байгаа юм.
-Тэгдэг нь яаж байгаа юм?
-Улс орныхоо шинж чанарыг ойлгосон гэсэн үг. Би чинь хориотой ертөнцөд хөл тавьсан хүн юм байна шүү дээ хэмээн ухаараад, хориглосон юмнуудыг нь хийгээд хэрэгт орох вий гэхээс маш их айж байсан. Тиймээс багш нар, сурах бичгээр хязгаарлалгүй 17 сая герман хүн болгон миний багш хэмээн ухаарч, амьдралд их ойроор сурч боловсорсон доо.
-Их сайхан арга юм. Тэгээд хэр сурцтай байв?
-Тэгж байтал гурван сарын дараа улирлын дүн гарлаа. Тэгтэл өнөө хамт ирсэн хэдээсээ биш, анги дотроосоо нэгдүгээр байрт орчихдог юм. Анги гэдэг нь гучаад хүүхэдтэй, хар шар олон орныхон байсан гэсэн үг. Тэгээд институтын зардлаар хоёр долоо хоног өвлийн спортын төвд очиж амрах болдог юм. Их ч урам орсон. Багш нар ч их сайнаар ханддаг боллоо. Тэгээс эхэлсэн мөртлөө хамгийн их зүтгэлтэй хүүхэд гэж үнэлсэн шиг байгаа юм.
За тэгээд институтээ онц дүнтэй дүүргэлээ, их сургуульд орлоо. Их сургуулиа ч онц дүнтэй төгслөө. Нэг өдөр “Карл Марксын их сургуулийн 1968 оны төгсөгчдийн нэрийн өмнөөс 15 минут үг хэлнэ үү” гэж их сургуулийн ректор надад ханддаг юм. Шөнөжингөө, улаан нүдэлж нөгөө үгээ бэлдлээ. Өглөө нь бичсэнээ аман дотроо бувтнасаар очтол Лайвцег хотын Захиргааны байрны хүндэтгэлийн танхимд төгсөгчдөд диплом гардуулах ёслол болов. Диплом гардуулсны дараа “Төгсөгчдийг төлөөлж Монголоос ирсэн Чинагийн Галсан үг хэлнэ” хэмээн зарлаж байна. Индэр дээр гараад дуржигнуулж өгсөн. Нөгөө бичсэн цаасаа ч харсангүй.
Ийм тийм сонгодог зохиолыг монголоор орчуулна, Бетховены 9 дүгээр симфонийг Монголдоо нутагшуулна, улаан өндөгний туулайг монгол хүүхдүүдийн тоглодог тоглоом болгож “найзлуулна” гэхчлэн авч өглөө. Нэг харсан хүмүүс алга ташиж байна аа. Төгсгөлд нь “Та бүхэнд их баярлалаа. Та бүхний ачийг хэзээ хариулж чаддаг юм бол.
Танай агуу их герман хэлийг гурван үгээр баяжуулсан цагт би багш нарынхаа ачийг, Германы ард түмний итгэлийг хариуллаа гэж үзнэ” гэсэн чинь дахиад л алга ташиж байна. Сүүлд нь бодохоор ичээд байдаг юм. Сургуулийн захирал хүртэл алга ташиж, надтай гар барьсныг нь бодохоор ёстой ичмээр. Тэд юу гэж бодсон бол гэхээс хожим нүүр халуу оргидог сон. Тэд бодохдоо энэ хүү ийм том арга хэмжээнд оролцож үзээгүй юм болохоор сэтгэл нь их хөөрч, амлаг амлаг хөөрхий. Их хөөрөлд автаад, онгод нь орсон шиг байна гэж бодсон байх.
-Тэгээд яав. Нөгөө гурван үг юу болов?
-Тэр өдрөөс яг 33 жилийн дараа 2001 онд Германы өөр нэг хотын хүндэтгэлийн танхимд хотын даргын Соёл эрхэлсэн орлогч бүсгүй надад шагнал гардуулсан юм. Шагнал гардуулахын өмнө нэг хүн шагнал олгох болсон үндэслэлийг танилцуулав аа. Чагнаж ээ байсан чинь тэр номынхоо төддүгээр хуудсанд тэгж бичсэн, тэр үг нь тийм утгатай, ийм үгийг шинээр зохиосон гэхчлэн уншиж байна шүү.
Тэгсэн нэлээн юм хийчихжээ. Өмнө нь олгож байсан шагналуудын үндэслэлийг харахад дэлхийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлж, Германы уран зохиолыг урагшлуулахад жинтэй байр суурь хүлээсэн тул хэмээж байсан бол тэр удаа герман хэлийг хөгжүүлсний төлөө энэ шагналыг олгож байна гэсэн нь намайг уужруулахад хүргэсэн дээ.
-Тухайлбал ямар үг байх уу?
-Би ганц үг хэлье. Оорфайген буюу хацрыг нь алгадах гэдэг үгнээс поофайген буюу өгзөгийг нь алгадах гэдэг үгийг гаргаж ирсэн байх жишээний. Түүнийг харсан германы уншигчид, зохиолчид, сонин сэтгүүлийн сурвалжлагчид “Өө энэ чинь ийм амархан байсан байна ш дээ. Бид юмыг эрдэг бол ойрхон л үг байсан байна. Наад үг чинь түүхэнд үлдэх үг боллоо” гэцгээж байсан юм даг.
-Та түрүүнд шийтгэл хүлээж сургуульд орсон гээд хальт яриад өнгөрсөн. Яг юу болсон юм. Хоёул яриа хадуураад асуухаа мартах шахаж?
-Би 4000 метрийн өндөрт өсөж өндийсөн хүн. Бичиг үсэг огт мэдэхгүй, жинхэнэ малчны гэрт төржээ. Миний ижий 9 хүүхэд тээж төрүүлснээс тавыг нь алдаад, дөрөв нь тогтож үлдсэн юм билээ. Тэр дотроо хамгийн хэнз нь би. Хэнз гэдэг нь манайхны ярьдгаар бол отгон нь гэсэн үг. Тэгэхдээ Тангад Галсангийн хэлсэн шиг энэрлээ энэрлээ гэхэд эрдэнээр тоглуулалгүй өсгөжээ. Биднийг ажилд маш сайн сургасан. Манайх уг үндсээрээ маш ажилсаг улсууд. Манайх өвөл болохоор голдуу ганц гэрээрээ өвөлжинө. Зуны дэлгэр цагт ах дүүсээрээ айлсаж буудаг байв.
Тэр намар өвөлжөө рүүгээ нүүх гээд сумын ард дахь шугуйд тэмээ малаа амрааж 2-3 хонолоо. Тэгтэл ахад хэн нэгэн нь “Аавынх чинь сумын ойролцоо ирчихсэн байна” гээд хэлчихэж. Том ах бор морь унаад гол гатлаад бидэн дээр ирэв. Ээж цай чанах гэтэл ус алга. Тэгээд “Дүүг чинь усанд явуулсан юм. Алга болчихлоо. Чи хойноос нь яваад ир” гэж л дээ. Ах гол руу дөхөж явтал хүүхдийн дуу цангинаж байна гэнэ. Дөхөөд очтол би том алчуур зангидаад барьчихсан, хоёр дал руугаа ээлжилж цохиод бөөлж байх юм гэнэ. Хоёр хувин нь хоосон. Ах тулж ирээд “Хөөе чи” гэсэн чинь би давхийгээд цочсон юм биз дээ. Ах голын уснаас хувингаараа хутгаж аваад үг дуугүй алхахаар нь би араас нь дагав. Ах ээж дээр очоод бууж байна шүү, “Энэ чинь ямар цагийг мэдэж байна уу, бөөгийн цаг мөн үү. Энэ чинь эрдэм сурах цаг. Ийм дэмий юманд хүүхэд сургаж байхаар А үсэг таниулж, арав таван тоо нүдүүлж байхгүй бол болохгүй нь. Би одоо аваад явна” гээд сундалж аваад явчихсан.
Сургуульд очтол багш эхлээд нэрийг минь, дараа нь өвөрт чинь юу байгаа юм гэж асуусан байгаа юм. Тэрийг нь хажуу дахь хүүхдүүд орчуулж өгч байгаа юм. Тэгээд бүсээ тайлаадахсан чинь шалан дээр нэг хатуу юм тог гээд унаж. Юу унасан гээч, хонины далаар хийсэн гаанс. Намайг таван настай байхад бөө шавиараа сонгож авч байсан юм. Тэр үед аав маань надад тэр гаансыг хийж өгч “хандив” өргөж байв. Бөө онгодоо оруулахын тулд элдэв янзын хүчтэй өвс ургамлаар тамхилна. Татаад дуусахаар түшээ нь нэмж өгөөд л байна, өгөөд л байна. Ухаан санаагаа мэнэртэл татна шүү дээ.
-Тэгээд тамхиа яасан?
-Аравдугаар анги төгсөн төгстлөө татсан. Дан нууцаар. Арав төгсөхөд “Та нар Монгол Улсын бүрэн эрхт иргэн боллоо” гэхэд надад эсрэгээрээ аймшигтай санагдсан. Архи ууж болох нь, тамхи татаж болох нь, авгай авч болох нь, юу ч хийж болох нь гэж бодсон чинь аймшигтай санагдаад тамхиа хаячихсан. Түүнээс хойш уруулдаа тамхи хүргээгүй.
-“Аянгат цагийн тууж”-аа биччихээд өөрийгөө тоож, хөөрөх сэтгэл төрж байв уу?
-Ардчилсан Германы төрийн таван удаагийн шагналт, өвгөн багш байлаа. 1912 онд төрсөн, надаас 31-32 жилийн өмнө төрсөн хүн байсан юм. Зохиолоо явуулсан чинь хэдхэн хоногийн дараа “Чиний энэ тууж бол агуу том болжээ. Баяр хүргэе” гэсэн цахилгаан ирэв. Маш их баярласан, бас айсан, омогших сэтгэл ер төрөөгүй. Бидний хүмүүжил тэр юм. Би нэг зүйлийг ярья л даа, хамгийн анх олон улсын шагнал авахад баярлавал баярлахаар юм болж байгаа юм. 1992 онд 20 мянган ам.долларын шагнал авав аа. Тэр үед дэлгүүрийн лангуун дээр бор давс, гоймонгоос өөр хүнс байхгүй болчихсон байсан цаг. Тэр том шагналыг авчхаад айгаад, залбираад л байсан.
Манай ээж намайг тэр том шагнал авлаа гэдгийг сонсоод дуугарахгүй байсан гэсэн. “Сонслоо, сонслоо” гээд мааниа уншаад байсан гэдэг. Ер нь үндэсний цөөнх болж төрнө гэдэг эмгэнэлтэй бөгөөд баатарлаг хувь тавилан.
Би өөрийгөө тува хүн гэж хэлэх эрхгүй цаг хүртэл байлаа. 1977 онд Ю.Цэдэнбал Улс төрийн товчооны гишүүдийн дунд “Монгол Улсад нэг ч тува байхгүй нөхөөр. Чи бол урианхай хөөн” гэж миний нүд рүү хуруугаараа чичлээд өрөөнөөсөө хөөж гаргаж байлаа.
-Танд энэ явдал хүндээр туссан уу. Хавь ойрын чинь олон хүн танаас урвасан уу?
-Их л гомдсон, гомдчихоод “За яах вэ” гэж байгаа юм. Хүнийг дарж нэг, магтаж нэг урагшлуулдаг. Тэр үгний үр нөлөө ер тасраагүй. Урвах бол аль урьдын явдал даа, шал дэмий юмнаас болсон юм. Би 1968 онд МУИС-ийн багш болж мандаж явлаа.
Үнэндээ МУИС-ийн нэртэй боловч Улсын багшийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль, Анагаахын дээд сургууль гээд нийт дөрвөн сургуульд хичээл заадаг байв. Тэр үед бусад багш 7 хоногт 18-20 цагийн хичээл ордог бол би 52 цагийн хичээл заадаг. Тухайн үед Чинагийн Галсан шиг үнэ хүндтэй хүн Монголд байсангүй.
Дээд сургуулиуд машинаар ирж авдаг, хичээлээ заачихаад оюутнууддаа “За чимээгүй сууна шүү. Үймэлдвэл багш нь хэрэгт орно” гэж хэлчхээд шатаар гүйгээд гараад ирэхэд машин хүлээж байдаг байсан. Тэр үед хамгийн сонин нь, өнөө шараа болгодог охинтойгоо их сургуулийн танхимд таарч хоёул тэврэлдэн уулзаж, дараагаар их сайн найзууд болж билээ.
-Хоёул их ч удаан ярилаа. Ингээд ярилцлагаа өндөрлөе. Эх орон гэж юу вэ, таны бодлоор?
-Эх орон гэдэг бол давын өмнө газар нутаг юм. Өнгөрсөн хугацаанд Монголд юу өөрчлөгдөв, юу ч өөрчлөгдөөгүй. Бид зөвхөн хөгжлийн чигээ л өөрчилсөн. Сэтгүүлчид надаас “Танд гомдолтой юм байна уу” гэсэн асуултыг ер асуудаггүй юм. Энэ олон жилд “Монгол эх орон минь би чиний төлөө зүтгэе” гээд байхад надад нэг удаа ч болов ямар нэгэн хариуцлагатай ажил өгч байсангүй. Би өөрөө л зүтгээд байлаа. Ядаж мод тарья гэхэд минь газар өгч болно доо …
Ярилцсан Батсуурийн Туул
Ийм сайхан хүний үгийг ганц ч хүн уншаагүй байдаг мөн ч тоогүй еэ? Зохиол бүтээлээ монгол хэлээр бичиж, монголд хэвлүүлдэггүй. Герман хэлээр бичиж германд хэвлүүлдэг гэж дуулснаас биш зохиолыг уншаагүй.… Цааш унших
Тийм, үнэхээр сайхан ярилцлага болж. Аянгат цагийн туужийг бага байхдаа уншиж байсан. Бусад зохиолоо монгол хэл дээр орчуулаасай.