Р.Мягмаржав: Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтууд амжилттай явна
Эрдэнэт үйлдвэр Нийгмийн чиглэлийн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд орон сууцны Уурхайчин-1, Уурхайчин-2, Уурхайчин-3 хороолол, Уурхайчин-1, 2, 3 хорооллуудын гадна шугам сүлжээ, зам талбай, Соёл спортын “Эрдэнэт” цогцолбор, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Ногоон хөгжлийн төв”, Махны зоорь-худалдаа үйлчилгээний барилга гэсэн долоон төрлийн төслийн бүтээн байгуулалт өрнөж байна. Эдгээр төслийн явцын талаар Барилга, байгууламж, хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер Р.Мягмаржаваас тодрууллаа.
-Орон сууцны Уурхайчин-1 хорооллын явц ямар шатанд явж байна вэ?
-“Уурхайчин-1” хороололд 386 айлын орон сууц баригдаж байгаа. Энэ хорооллын 4 блок барилгыг “Химон констракшн”, 2 блок барилгыг “Неман констракшн” компани гүйцэтгэж байна. Эхний хоёр барилгыг ашиглалтад хүлээлгэж өгсөн. Хоёр барилга дээр улсын комисс, хоёр барилга дээр техникийн комисс ажиллаж байна.
-Энэ хорооллын дөрвөн барилга хэзээ ашиглалтад орох вэ?
-11 дүгээр сарын нэгэн гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Гадна инженерийн бүх шугам сүлжээ холбогдсон. Эх үүсвэрүүд нь бэлэн болсон.
-Та хянаж ажилласан мэргэжилтний хувьд ашиглалтад орсон барилгын чанарыг хэрхэн дүгнэж байна?
-Барилгын гадна хана бүрэн цутгамал, дотор ханууд угсармал, дүүргэлт нь орчин үеийн бетонон блок. Дотор инженерийн шугам сүлжээний хувьд Герман, Орос, Германы лицензээр Хятад улсад үйлдвэрлэсэн материалаар хийгдсэн. Гаднаа хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгжүүлэлтийг их аятайхан төлөвлөсөн. Домофоно системтэй. Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, маш сайн чанартай барилга болсон. Оршин суугчид ч сэтгэл их ханамжтай байгаа.
-“Уурхайчин-2” хорооллын тухайд?
-Энэ хороололд 6 блок, 10 давхар, зоорины давхартаа гаражтай, нэгдүгээр давхартаа үйлчилгээний зориулалттай бүрэн цутгамал 600 айлын орон сууц баригдахаар төлөвлөсөн.
Энэ ажлыг “Өргөө хаан констракшн” компани гүйцэтгэж байгаа. Энэ хороолол газрын байршлын хувьд жаахан хүндхэн төлөвлөгдсөн учраас газар шорооны ажил их орсон. Гүйцэтгэгч компани үүн дээр жил шахам, өдөр шөнөгүй ажилласан. Тэгшилгээний ажил бүрэн дууссан. Одоо зургаан барилгын суурийн ажил хийж байна. Төлөвлөгдөөгүй газар шорооны ажил их байсан, инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл хүлээгдсэнээс үүдэн барилгын зураг төсөв батлагдахгүй нэлээн удсан. Эдгээр шалтгаанаас ашиглалтад орох хугацаа хойшилсон. 2020 оны 12-р сард хүлээлгэж өгнө гэсэн гэрээгээ шинэчлэхээр явж байна.
-Амины орон сууцны хорооллын барилгын явц ямар байгаа вэ?
-“Люксвүүд групп” компани “Уурхайчин-3” буюу 400 айлын амины орон сууцны хорооллын барилгын ажлыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэн, хорооллын доторх инженерийн шугам сүлжээ, зам талбайн тохижилтын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьж байгуулж байна. Энэ хороололд 76 га газар төлөвлөгдсөн. Хорооллын дотор болон гадна инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 104 барилгын угсралтын ажил явагдаж байна.
-Шинэ хорооллуудын гадна инженерийн шугам сүлжээний ажил ямар шатанд явна вэ?
-Эдгээр гурван хорооллын гадна инженерийн шугам сүлжээг “Тавин лан” компани гүйцэтгэж байгаа. Гэрээ 2021 оны 4-р сард хийгдсэн. Мөн түлхүүр гардуулах нөхцөлөөр хүлээлгэж өгөх учраас зураг төслөө өөрсдөө хийж, эрх бүхий байгууллагаар батлуулж зөвшөөрөл авснаар ажил 6-р сард эхэлсэн. Хугацаа алдахгүйн тулд зураг төсөлтэйгөө барилгын ажлаа зэрэгцүүлж явсан. Ингэснээр эхний ажлууд дуусаж байна. Насосны төв станцаас Холбооны уулзвар хүртэлх 500 мм-ийн голчтой шугам хоолойг угсрах ажил дууссан. Холбооны уулзвараас Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хүртэлх 400 мм-ийн голчтой шугам хоолойг татсан. Холбооны урд талын уулзвар хүртэлх ажлаа шахаад шалгачихсан. Одоо хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хийгдэж байгаа. Дүгнэлт гарсны дараа энэ шугам ашиглалтад орно. 1, 4-р хорооллын халаалт, халуун усыг өгсөн. БОЭТ-ийн халаалт өгөх бэлтгэл ажлууд хийгдэж байна, тун удахгүй өгнө. “Уурхайчин-1” хороолол, Медипас эмнэлгийн дулааныг 10-р сарын 10 гэхэд өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Медипас эмнэлгээс “Уурхайчин-2, 3” хороолол, усан сан руу татах шугам хоолойн ажил хийгдэж байна. Энэ жилдээ багтаад “Уурхайчин-3” -ын шугам сүлжээг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. “Уурхайчин-1” хорооллын чанх хойно баригдах усан сангаас гурван хорооллоо усаар хангах юм. Одоогоор усан сангийн барилгууд баригдсан. Гурван хорооллын цахилгааны шугам сүлжээний ажил эхэлсэн. Цахилгааны дэд өртөөдийг барьж, тэдгээрийн холболтыг хийсэн, одоо туршилт тохируулгын ажил үлдээд байна. Түүнчлэн шилэн кабелийн ажлууд ч хийгдэж байна. Манай гурван хороолол ус, дулаан, цахилгааны бие даасан системтэй байх юм.
-Соёл, спортын “Эрдэнэт” цогцол-борын барилгын явцын талаар..?
-Энэ ажлыг Барилга засварын цех гүйцэтгэж байгаа. Угсралт болон гадна инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дууссан. Гадна тохижилтын газар шорооны ажил дуусаж байна. Одоо барилгын дээврийн ажил хүлээгдэж байна. Огторгуйн орон зайн хучилттай дээвэр хийх юм. Манайд энийг хийх туршлагатай компани ховор. Хятадын компанитай 2016 онд гэрээ байгуулсан. Барилгын угсралтын ажил зогссоноос шалтгаалж гэрээний хугацаа дууссан. Манайх гэрээгээ сунгах санал тавихад, “цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан очих боломжгүй” гэсэн хариу ирсэн. Иймээс гүйцэтгэгчийг шалгаруулах тендер дахин зарлахаар төлөвлөж байна. Дээврийн ажлыг шийдчихвэл, цогцолбор босоход саатах зүйл үгүй.
-Энэ цогцолбор хэмжээний хувьд Улаанбаатарын Бөхийн өргөөнөөс том гэдэг?
-Тиймээ. 74 метрийн радиустай, 2000 хүний суудалтай их том байгууламж. Энэ нь спортын болон соёл урлагийн үйл ажиллагаа явуулах зориулалттай. Циркийн тоглолт ч хийх бүрэн боломжтой, Эрдэнэтэд төдийгүй, Монголд томд орох соёл, спортын цогцолбор сүндэрлэх юм.
-“Ногоон хөгжлийн төв”-ийн барилга ямар шатанд явна вэ?
-“Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт аялал жуулчлалын иж бүрэн төв сүндэрлэх юм. Уг барилгын ажлыг “Ви Ти Икс” компани гүйцэтгэж байна. Гурван блокоос бүрдэх энэ төвийн барилгын угсралтын ажил дууссан. Дотор инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна. Гадна инженерийн шугам сүлжээг холбосон. Цахилгааны төв шугамд холбогдсон. Ус өргөх хоёрдугаар станцаас “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор хүртэлх цахилгааны шугамын өргөтгөл хийгдэх юм. Үүн дээр тусдаа тендер зарлагдана. Энэ ажил хүлээгдэж байгаа. Одоогоор түр цахилгаанаар холбосон. Энэ оны төгсгөлөөр ашиглалтад оруулах гэрээтэй ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлох төлөвтэй байгаа.
-Мах хадгалах зоорины барилга байгууламжийн талаар..?
-Мах хадгалах пероноор төлөвлөгдсөн, хөргүүр тасалгаанууд, хөлдөөгч бүхий зоорь, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр Говил багт барьж байна. Одоогийн байдлаар ган каркас бүтэцтэй сендвичин хананы угсралтын ажил хийгдэж байна. Гадна инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн. Гадна зам талбайн тохижилтын ажил хийгдэж байна.
-Төгсгөлд нь та юу хэлэх вэ?
-Энэ оны хувьд цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрч, хил гааль дээр бараа материал саатах зэрэг хүндрэл үүсэж байсан. Гэлээ ч Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд эдгээр төслүүдийг урагшлуулах чиглэлд анхаарлаа хандуулж, гүйцэтгэгч компаниудтай зөвшилцөн ажилласнаар төслүүдийн явц сайн байна.
-Цаг зав гарган, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.
Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС