Б.Цэнгэл: Эрдэнэт үйлдвэр цар тахлын үед нийгмийн хариуцлагаа үүрч байна
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ээлжит хуралдаан Эрдэнэт үйлдвэрт болж, тус үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг авч хэлэлцэв. Хурлын шийдвэр болон тус үйлдвэрт ажилласан /2021.09.24/ ажлын үр дүнгийн талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээс асууж тодрууллаа.
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн үйл явцтай биечлэн танилцлаа. Мөн ТӨБЗГ-ын ээлжит хуралдаан тус үйлдвэр дээр хуралдсан. Хурлаар ямар асуудал хэлэлцэв?
-ТӨБЗГ-ын удирдлага, хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүд болон яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн өргөн бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллалаа. Энэ өдрүүдэд бид тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн цехүүд, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцлаа. Мөн ТӨБЗГ-ын ээлжит хуралдааныг тус үйлдвэр дээр зохион байгуулж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Эрдэнэтийн уурхайн овоолгыг хэрхэн ашиглах тухай асуудал дээр нэлээд тогтож ярилцсан. Энэ асуудлыг шийдэхдээ олон талаас нь судалж, төрд ашиг тустай байх хувилбарыг чухалчилж үзнэ. Мэдээж, татвар хураамж, ажлын байр бий болгож байгаа учраас Ачит Ихт, Эрдмин компаниудын үйл ажиллагааг үгүйсгэж болохгүй. Тиймээс аль аль талын эрх ашгийг харгалзан үзэж, төрд ашигтай байх хувилбарыг сонгож хэрэгжүүлэх учиртай. Энэ удаагийн ээлжит хурлаар ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, хэлэлцлээ. Мөн ажлын хэсэг болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад техникийн даалгавар өгсөн. Ойрын үед техникийн даалгавраа дахин хэлэлцэж, тухайн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийх чиглэл гаргалаа. Ингэснээр ТӨБЗГ-ын хурлаар оруулж, гарсан дүгнэлтийг Засгийн газарт танилцуулахаар боллоо. Дараагийн нэг хэлэлцсэн чухал асуудал бол Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны зорилтот түвшинтэй танилцсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр 2016 онд улсын төсөвт 184 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлж байсан бол 2020 онд түүхэндээ анх удаа нэг их наядын босгыг давсан. Мөн энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ч энэ амжилтаа бататгах боломж харагдаж байна. Эрдэнэт үйлдвэр жилд 2 их наяд гаруй төгрөгийн борлуулалт, өдөрт 6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй тов тодорхой байгаа. Үүнийг юугаар баталж байна вэ гэвэл, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ТӨБЗГ-ын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Энэ үндсэн чиглэлийг Эрдэнэт үйлдвэр тав, таван жилийн бизнес төлөвлөгөөгөөр тодотгон хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсанаар хүдэр дэх металлын агуулга багасаж, уул геологийн нөхцөл хүндэрч байгааг барьж, нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх ёстой. Энэ бүгдийг Эрдэнэт үйлдвэр зорилтот түвшиндээ зааж, төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна. Нөгөө талаар, “ковид-19” цар тахал Монгол улсын эдийн засаг, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Өчигдөр бид Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь биечлэн танилцлаа. Төлөвлөсөн ажлуудаас нэлээд хэсэг нь цар тахлын улмаас нэг жил хүртэл хугацаагаар хойшилж, удааширсан байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан байсан бол жилд нэг сая тонн хүдэр боловсруулах боломжоо алдахгүй байсан гэх жишээтэй. Түүнчлэн хил гааль дээр бараа материал саатсанаас Тэсрэх бодисын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт сунжирсан зэрэг олон хүчин зүйл үйлдвэрийн газрын зарим үйл ажиллагааг хойшлуулж байна. Тиймээс бид энэ асуудлуудыг харгалзаж үзээд, ирэх 2022 онд ковидын нөхцөл байдалтай уялдуулан тооцож ажиллах ёстой. Нөгөө талаас, Эрдэнэт үйлдвэр өөрөө цар тахлын үед нийгмийн хариуцлагаа үүрч байна. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн хямралтай хүнд үед маш том үүрэг гүйцэтгэж, айл өрх, иргэн бүрд үр өгөөжөө мэдрүүлж байна. Энэ гавьяа зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Баатар” цол хүртээсэн. Энэ бол санамсаргүй зүйл биш. Тийм учраас бид ирэх онд Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлтийг бууруулахгүй байх, дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн тогтвортой байдлыг үндэслэн судалж тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж, ярилцсан. Улс, эх орны эдийн засаг хүнд байгаа энэ үед ачааны хүндийг үүрэлцэх үүргээ Эрдэнэт үйлдвэр нэр төртэй, сайн биелүүлж байгааг хэлэх нь зүйтэй. Гэхдээ бас тус үйлдвэрийн үйл ажиллагааг цаашдаа тогтвортой явуулахын тулд өнөөдрийн байдлаар үргэлжлээд байх уу, гэдэг нь сорилт болоод байна. Тэгэхээр энэ асуудлыг илэн далангүй ярилцаж, хэлэлцэхээс өөр арга байхгүй. Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг эхлүүлэх ёстой. Өчигдөр бид энэ үйлдвэрийг барих байршлыг үзэж танилцсан. Энэ ажлыг зоригтой эхэлж, хэрэгжүүлэх ёстой. Тэгж байж бид 2024 онд, улмаар 2031 онд ямар түвшинд хүрэх вэ гэдгээ тодорхойлно. Энэ бүх стратегийн том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд зарим талаараа тэвчиж болох зардал гарах шинжтэй болно. Бид аль болохоор 2022 оныг өөдрөгөөр төсөөлөхийг зорьж байгаа ч учирч болох эрсдэлийг тооцох учиртай. Энэ мэтчилэн Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны зорилтот түвшин, эдийн засгийн үзүүлэлтийн талаар ТӨБЗГ-ын ажлын баг бүрэлдэхүүн олон талаас нь хэлэлцлээ. Монгол улсын ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнө энэ асуудлыг газар дээр нь ирж ярьж байгаа нь өндөр ач холбогдолтой юм.
-Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалттай та бүхэн танилцсан. Тодруулбал, орон сууцны хорооллын явц байдлыг газар дээр нь үзсэн. Энэ талын ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Энэ жил хийхээр төлөвлөсөн боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдож буй ажлуудыг он дамнаад ч үргэлжлүүлэх ёстой. Тухайлбал, нийгмийн чиглэлийн “Уурхайчин-1, 2, 3” орон сууцны хороолол, долоон жилийн өмнө эхлээд царцсан “Эрдэнэт” соёл, спортын цогцолборыг Эрдэнэт үйлдвэр өөрөө хариуцаж дуусгах тухай хуралдаанаар ярилцлаа. Мэдээж, Эрдэнэт үйлдвэр дангаараа 7000 ажилтны асуудлыг шийдэх нь хялбар ч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 гаруй мянган хүн амтай бүхэл бүтэн Эрдэнэт хотыг авч явах нь амаргүй. Ийм олон том ачаа энэ үйлдвэрт бий. Ус цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг хариуцах үүрэг ч бас Эрдэнэт үйлдвэрт ирж байна. Түүнчлэн үйлдвэрийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг цэгцлэх, нэг талд нь шийдэх олон асуудлыг ярилцлаа. Тухайлбал, орон сууцны хувьчлалыг үргэлжлүүлэх, үйлдвэрийн эзэмшлийн 300 гаруй орон сууцыг хувьчлах боломжтой гэсэн танилцуулгыг Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсэг хийсэн. Бид энэ чиглэлээр холбогдох бичиг баримтууд нь бүрдээд ороод ирвэл, ТӨБЗГ-ын хурлаар үе шаттай хэлэлцээд, Засгийн газарт уламжлах боломжтой. Эцсийн шийдвэр нь Засгийн газрын хуралдаанаас гарна. Тиймээс энэ асуудлыг бид шийдэх бүрэн бололцоотой юм.
-Байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар хэлэлцсэн байх. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр байгаль орчны бодлого, нөхөн сэргээлтийн чиглэлээр нэлээд ач холбогдол өгч буй нь танилцуулга, мэдээллээс тодорхой харагдсан. Байгаль орчны ажил бол зардал ихтэй байдаг. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 8 мянган га газрыг нөхөн сэргээх ажил тусгагдсан. Энэхүү 8 мянган га газрын 2 мянган га талбайн нөхөн сэргээлтийг Эрдэнэт үйлдвэрт хариуцуулсан. Энэ төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 40 орчим тэрбум төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Үүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах талаар хэлэлцлээ. Саяхан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хуралд оролцохдоо, Монгол улс цөлжилттэй тэмцэх ажилд гар бие оролцоно, тэрбумаар тооцогдох ойжуулалтыг хийе гэсэн санаачилга гаргасан. Энэ ажилд түүчээлж оролцох байгууллагуудын нэг нь яах аргагүй Эрдэнэт үйлдвэр. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг хэрэгжүүлэхэд санхүүжилт шаардагдана. Зөвхөн Монгол улсын асуудал биш, бүс нутгийн асуудал. Тиймээс хамтарч, голлох үүрэгтэй оролцох ёстой. Энэ бүх асуудлыг дэс дараатай шийдээд явна гэж харж байна. Эрдэнэт үйлдвэр байгаль орчны чиглэлээр “Ногоон хөгжлийн төв” байгуулах төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ бол зөвхөн нэг байшин, барилгын асуудал биш гэж харсан. Төсөл хэрэгжсэнээр байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, хамгаалах зорилготой том төв болж ажиллах юм. Энэ төсөл Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгатай уялдаад хэрэгжинэ гэж бодож байна.
-Эрдэнэт үйлдвэрт хийсэн хоёр өдрийн албан томилолтын үр дүнг товчхон дүгнэж хэлбэл?
-ТӨБЗГ-ын бүрэн бүрэлдэхүүнээрээ асуудлыг газар дээр нь үзэж хараад, ярьж хэлэлцэнэ гэдэг бол аль ч талаасаа давуу талтай. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн биечлэн танилцсанаар бодит байдал, тодорхой ойлголтыг авлаа. Өөрөөр хэлбэл, бодитой шийдвэр гаргахад өндөр ач холбогдолтой болсон. Монгол Улсын одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой олон шийдвэрийг гаргасан байдаг. Тухайн үеийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон авч хэлэлцэж, маш мэдрэмжтэй, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлж байв. Тэдгээр тогтоол шийдвэрүүд одоо ч амжилттай хэрэгжиж байна. Үр дүнд нь “төр муу менежер” гэх ойлголтыг тодорхой хэмжээнд өөрчилж, үгүйсгэж чадсан гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд, Эрдэнэт үйлдвэр төр засаг, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгааг тодотгоё. Тухайлбал, цар тахлын хүндрэлтэй үед ажлын байрны цомхотгол хийлгүй, цалин урамшууллыг үе шаттай нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлэн, сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэн ажиллаж байгаа гээд бахархууштай олон зүйлийг дурдаж болно.
М.Балжинням
Гэрэл зургийг Б.Баттөгс