Сүүлийн үед цэрэг, цагдаагийн байгууллагуудад цэргийн цолны зохистой харьцаа алдагдаж, түүний дотор ахлах офицеруудын эзлэх хувь нийт офицеруудын тоотой харьцуулахад өндөр, түүнчлэн офицерын цолны зэрэг дэвийн шаардлага хангаагүй, цэргийн зохих ёсны боловсрол эзэмшээгүй, цэргийн алба хаагаагүй, офицерын албанд элсүүлэх насны дээд хязгаар хэтэрсэн иргэд, спорт, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгож байгаа зэрэгт иргэд, олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Энэ нь мэргэжлийн армийн ноён нуруу болсон офицерын бүрэлдэхүүний алба хаах хүсэл зориг, итгэл үнэмшлийг бууруулж байгаа талаар ч мэргэжлийнхэн өгүүлж байна. Иймд дээрх гажуудлыг засаж залруулах, холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Бид энэ талаар тус ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт Т.Ганбаттай уулзаж тодруулга авлаа.
Генерал цолыг хавтгайруулан олголоо, цолондоо дүйхгүй офицерууд олширлоо гэх олон нийтийн бухимдал дунд “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажил эхэллээ. Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 38 тоот захирамжаар “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын хэсгийг байгуулж, даргаар нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нарыг томилж, бүрэлдэхүүнд нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Хууль зүй дотоод хэргийн яам болон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдон ажиллаж байна. Бид анхны хуралдаанаа 8 дугаар сарын 18-нд, хоёр дахь хуралдаанаа 9 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулсан. Хоёрдугаар хуралдаанаар энэ асуудлыг ул суурьтай судалж үзэх шаардлагатай гэж үзээд, гурван ажлын дэд хэсэг байгуулж, холбогдох судалгаа шинжилгээний ажил хийгээд байна. Есдүгээр сарын 8-ны өдөр гуравдугаар хуралдаанаараа дээрх ажлын хэсгүүдийн тайланг авч хэлэлцлээ.
Та хоёрдугаар хуралдаанаас байгуулагдсан дэд ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны чиглэл, тэдгээрийн ажлын үр дүнгийн талаар тодруулна уу.
-Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад цэргийн цол олгосон өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг, “Цэргийн цол олгох журам”-д өөрчлөлт оруулах бодлого чиглэлийг боловсруулах, үүнийг дагаж гарах хууль эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах бодлогыг тодорхойлох ажлын хэсэг, мөн “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн хэрэгжилтийн хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг судлах чиглэлээр ажилласан ажлын хэсгүүд маань тус бүр судалгаа, тайлангаа тавьж, санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Одоо ажлын хэсгүүдийн ажлын үр дүн, санал дүгнэлтийг нэгтгэж нарийвчлан боловсруулаад холбогдох шийдвэрийн эцсийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, баталгаажуулахаар ажиллаж байна.
Энэхүү журмыг шинэчлэн батлах гол зорилго нь юу вэ?
-Монголын Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан мэргэшсэн Зэвсэгт хүчин болох зорилт тавин ажиллаж байгаа. Мэргэжлийн Зэвсэгт хүчний гол ноён нуруу нь офицерууд гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бидний ажлын гол зорилго нь офицерын бүрэлдэхүүнийг чадавхжуулах явдал юм. Ингэхийн тулд бид офицерын цолонд тавигдах шаардлагыг өндөржүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, дунд офицер ахлах офицер болохын тулд цэргийн академи төгссөн байх, хошууч цолтой хүн дэд хурандаа болохын тулд мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан байх, дэд хурандаа хүн хурандаа болохын тулд аль нэг энгийн мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан байх гэдэг ч юм уу нэг цолноос нөгөө цол руу шилжихэд мэргэжил, боловсролд тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхойлох юм. Цэргийн цол нь цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл, түүнийг цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв юм. Тиймээс тухайн албан тушаалд томилогдож байгаа хүн өөрөө чадавхтай байж, тухайн цолныхоо эзэн болох учиртай. Ингэснээр цэргийн албаны нэр хүнд өсөж, цэргийн алба хаагчдын албаа хаах итгэл үнэмшил дээшилнэ гэж бид үзэж байгаа. Цолны асуудлыг ингэж зөвхөн мэргэжил, боловсролтой нь холбоод зогсохгүй бид цаашдаа ажлын хэсэг байгуулж, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандартыг гаргаж мөрдүүлэх талаар анхаарч, нэлээд арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, цэргийнхэн өглөө эрт босож, олны дунд гүйдэг, биеийн тамираар хичээллэдэг, долоо хоног бүр спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг, олон нийтийг уриалдаг, манлайлдаг байх ёстой гэж үзэж байгаа. Ялангуяа, ахлах, дээд цолтой офицерууд бие бялдраараа бусдыгаа үлгэрлэдэг байх ёстой.
Журамд өөрчлөлт оруулж, шинэчлэхийн тулд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад цэргийн цол олгосон өнөөгийн байдалд судалгаа шинжилгээ нэлээд хийсэн болов уу?
-Энэхүү журмыг шинэчлэхийн тулд судалгааны ажил их хийгдсэн. Цэргийн цолыг баяр ёслолыг тохиолдуулан шагналын журмаар гардуулах, хугацаанаас өмнө олгох, цэргийн ямар ч боловсролгүй хүмүүс цэргийн цол авах, улс төрийн томилгоогоор энгийн хүн цэргийн албан тушаал хашиж, цол хүртэх, урлаг, спортын амжилт гаргасан иргэдэд хавтгайруулан олгох зэрэг цэргийн цолтой холбоотой зөрчил дутагдал, зүй зохисгүй байдлууд судалгаагаар тогтоогдсон. Мөн цэргийн дүрэмт хувцас өмсөхтэй холбоотой асуудлууд нэлээд гарсан. Батлан хамгаалах тухай хуулиар Төрийн цэргийн байгууллагуудад Зэвсэгт хүчин, Хил болон Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллага багтдаг. Гэтэл өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт зэрэг хууль сахиулах бусад байгууллагын тухай хуульд алба хаагчид нь цэрэг хувцастай байна, цэргийн цол хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Төрийн цэргийн байгууллагын доторх тогтолцоог өөрчлөх бус хууль сахиулах байгууллагууд маань цэргийн хувцас хэрэглэх хэрэгтэй юм бол заавал Зэвсэгт хүчинтэй адилхан байх уу, өөр өнгө загвартай байх уу гэдгийг бодолцох ёстой болж байгааг цаг үе харуулж байна.
“Цэргийн цол олгох журам”-д орж буй томоохон өөрчлөлтүүдээс дурдаж болох уу.
-Цэргийн цолны хугацаанд өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, ахмадаас хошууч хүртэл цол хоорондын зай 4 жил байсан. Бид +2 гэсэн заалт оруулж байгаа. Хүн ахмад цолтой 4 жил болоод хошууч болж чадаагүй бол ахиад 2 жил өгнө. Зургаан жилийн дотор хошууч цолоо авч чадахгүй бол тэтгэвэрт нь гаргах асуудлыг судалж байгаа. Гэхдээ тэтгэвэр чөлөөнд гаргахдаа нэг удаагийн тэтгэмж өндөр байх, мөн энгийн амьдралд хөл тавих мэргэжил боловсролын асуудалд дэмжлэг үзүүлэх зэргээр хувь хүнийг хохироохгүй байх асуудлыг ч бодолцож байгаа. Цэргийн цолыг төсөвтэй уялдуулах гарцыг бид бас судалж байна. Өөрөөр хэлбэл, шаардлагатай албан тушаалын цолны тоог тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсөвтэйгөө уялдуулж, жил бүр тогтоож байх ёстой. Түүнээс хэтрүүлэн олгож болохгүй. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цолны зэрэглэл, ангиллыг Хууль зүй, дотоод хэргийн сайд тогтоож байх жишээтэй. Өнөөгийн байдлаар цэргийн цолны ангилал, зэрэглэл төсөвтэй хамаарах уялдаа алдагдсан байна. Түүнчлэн хугацаанаас нь өмнө цол олгох, бүр авах ёсгүй хүнд өгдөг, албан тушаалын зэрэглэл буусан ч хуучин цолтойгоо ажиллах зүй бус байдлыг цэгцлэх зорилготой ажиллаж байна.
Өнөөгийн мөрдөгдөж байгаа “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д бас өөрчлөлт орох уу?
-Энэ оны 4 дүгээр сарын 12-нд ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм” нь нэг их гар хүрээд байхааргүй чамбай дүрэм. Гэхдээ энэ дүрэм хэрэгжих хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна гэж харж байна. Тухайлбал, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д “Цэргийн дүрэмт хувцсыг хууль бусаар үйлдвэрлэх, худалдах, бусдад шилжүүлэх зэрэгт Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна” гээд заачихсан байдаг. Гэтэл хуулийн энэ заалт биелдэггүй, хэрэгжүүлэх, хянах субъект нь тодорхойгүй. Цэргийн цагдаа гээд заачихсан хэр нь тэр алба нь ялангуяа аймаг, орон нутагт өнөө хүртэл байгуулагдаагүй. Зөрчлийн хуулийг хянах байгууллага нь цагдаа. Цагдаад цэргийн хувцасны зөрчлийн талаарх мэдээлэл, дуудлага хэзээ ч очдоггүй. Тэгэхээр цагдаа нь энэ манай ажил биш гэдэг. Зөрчлийн хуульд заагдсан заалтуудыг албан ёсоор Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, албан ёсоор баталгаажуулдаг бололтой. Түүний дараа түүнийг хэрэгжүүлэх, хянах субъектүүдийг тодорхой болгодог. “Цэргийн дүрэмт хувцсыг бусдад зарах юм бол байлдааны зэвсгээ зарсантай адил тооцно” гээд Цэргийн дүрэмдээ заачихсан байгаа. Гэтэл хэрэгжүүлэх байгууллага нь тодорхойгүй учир хэрэгждэггүй.
Цэргийн хувцастай холбоотой хэд хэдэн дорвитой өөрчлөлтүүд орно. Цэргийн ангид ажиллаж байгаа бие бүрэлдэхүүний эрээн хувцасны норм богино, албаны ногоон хувцасны норм урт байх, удирдах байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын албаны хувцасны хугацаа урт, эрээн хувцасны хугацаа богино байх, мөн цэргийн хувцсыг нэг удаа үнэгүй олгоод, дараа нь алба хаагч өөрөө мөнгөөрөө худалдаж авах, тэтгэвэр, чөлөөнд гарч буй хүмүүсийн хувцасны хэрэглээг цэгцлэх, цэргийн хувцасны хууль бус худалдааг таслан зогсоох зэргийг бид судалж байна.
Анги, салбарт ажиллаж байгаа цэргийн алба хаагчдын хувцас хангалтын хугацаандаа хүрэлгүй элэгддэг, өнгө зүс алддаг, дараагийн хангалтыг хүлээх аргагүй болж хувь хүн, аж ахуйн нэгжээс хувцсаа худалдан авч, цэргийн хувцасны хууль бус худалдааг цэцэглүүлж байна гэж үзэж байгаа. Цэргийн хувцсыг хатуу норм тогтоогоод олгоод байхаар зарим тохиолдолд эдэлгээний хугацаа дуусаагүй хувцсаа ах дүүс, найз нөхдөдөө шилжүүлэх байдлаар дүрэмт хувцасны зүй зохисгүй, замбараагүй хэрэглээг бий болгож байна. Иймд алба хаагчид өөрсдөө мөнгөөрөө хувцас худалдан авах болсноор ариг гамтай өмсөж эдлэхээс гадна төсвийн хэмнэлт үүснэ, бас бусдад шилжүүлдэг явдал багасна.
Цэргийн хувцас өмсөх асуудал эргээд “Цэргийн цол олгох журам”-тайгаа уялдана. Дайчилгааны тухай хуульд Дайчилгааны бэлтгэл сургуулилалт, стратегийн цугларалт, дадлагад оролцсон бүрэлдэхүүнд бэлтгэл офицерын цол олгоно гэж заасан байдаг. Тамгын газрын удирдах албан тушаалын ажилтнуудтай 3 хоногийн цугларалт хийж, бэлтгэл офицерын цол олгон, цэргийн хувцас хэрэглэл өгдөг. Тэд хувцсаа ажлын хувцас мэт гамшиг осол, нийтийн цэвэрлэгээ үйлчилгээ, аялал зугаалга, ан гөрөөнд явах зэрэгтээ өмсчихдөг. Энэ бол байж болохгүй асуудал. Зөвхөн дайчилгааны бэлтгэл, сургуулилтад оролцсон, оногдуулан данслагдсан албан бэлтгэл үүрэгтнүүдэд цэргийн цолыг олгож болно, гэхдээ цэргийн цол, хувцсыг зөвхөн тэр арга хэмжээнд оролцохдоо л хэрэглэнэ, бусад үед хэрэглэхийг хориглох шаардлагатай байгаа. Үүнийг дагаад цэргийн хувцсыг хэн дуртай нь өмсөх гарц хаагдана гэж бид бодож байна.
Тэгэхээр зөвхөн “Цэргийн цол олгох журам”, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм” өөрчлөгдөн шинэчлэгдээд зогсохгүй үүнийг дагасан хууль, эрх зүйн зохицуулалт хийгдэх нь ээ.
-Тийм ээ, “Цэргийн цол олгох журам”-ыг өөрчлөхтэй холбоотойгоор дагаж хийгдэх хууль эрх зүйн баримт бичгүүдэд орох өөрчлөлтийг бид бас судалж байгаа. Тухайлбал, Цэргийн албаны тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль дахь цэргийн цолны талаарх заалтуудыг эргэн харах шаардлагатай болж байна. “Цол олгох журам”-ыг өөрчлөн шинэчилсний дараа хууль эрх зүйн баримт бичгүүдийн шинэчлэлт, өөрчлөлтийн ажлууд шат дараалан хийгдэнэ.
“Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”, “Цэргийн цол олгох журам” шинэчлэгдсэнээр өнөөдөр нэгэнт цолоо авчихсан, албан тушаал эрхэлж байгаа нэлээд хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх л байх?
-Мэдээж, энэхүү дүрэм батлагдсанаар нэг хэсэг бужигнана. Дургүй хүмүүс гарч л таараа, гэхдээ сайшааж хүлээж авах нь түүнээс хавьгүй олон гэж найдаж байна.
Д.Гүнжилмаа