Үерийн хамгаалалт барих ажилтай танилцав
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.
Хэнтий аймгийн үерийн хамгаалалтын байгууламж барих төслийн нэгдүгээр ээлжийн ажил есдүгээр сарын 1-нд дуусаж, гуравны өдөр Улсын комисс ажилласан байна. Тус байгууламж нь 1009 м урттай 10м3/сек усыг зайлуулах хүчин чадалтай.
Бетон суурьтай, сувгийн ханийг бетон цутгамал хавтангаар тоноглож хийгджээ. Авто машины хоёр гүүр, явган хүний гурван гүүрэн гарцыг тус тус хийж гүйцэтгэсэн байна. Хэнтий аймаг, Хэрлэн сумын үерийн хамгаалалтын байгууламжийн 2-р ээлжийн ажил гэрээ нь хийгдэж, төлөвлөлтийн шатанд байна.
Хоёрдугаар ээлжийн ажил 10м3/сек усыг зайлуулах хүчин чадалтай байх ба бетон суурьтай, сувгийн ханийг бетон цутгамал хавтангаар тоноглож суурьлуулахаар төлөвлөсөн 6037 м үерийн усны далан, аймгийн төвийн ус зайлуулах байгууламж 8685м урттай байх юм байна.
Хэнтий аймагт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд , БХТ-ийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх болон бусад холбогдох албаныхан ажиллаж байна.