Ажилгүйдлийн тэтгэмжийн талаар НДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Баасанжалбатай ярилцлаа.
– Ажилгүйдлийн даатгалд хэн даатгуулах ёстой вэ, ямар хувь хэмжээгээр шимтгэл төлдөг талаар яриагаа эхэлье.
Ажилгүйдлийн даатгалд ажил хөдөлмөр эрхэлдэг буюу албан журмын даатгуулагч хамрагдана. Өөрөөр хэлбэл сайн дурын даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй. Албан журмын даатгуулагч нь сарын хөдөлмөрийн хөлс, цалингаасаа 0.2%-иар, ажил олгогч 0.2%-иар тус тус шимтгэл төлөх хуулийн зохицуулалттай.
– Ажилгүйдлийн тэтггэмж авах эрх ямар тохиолдолд үүсэх вэ?
Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Харин өмнө нь тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүсдэг.
– Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?
Юуны өмнө ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор иргэний үнэмлэхнийхээ харъяаллын дагуу нийгмийн даатгалын хэлтэстээ хандахыг зөвлөж байна. Бүрдүүлэх баримт бичгийн тухайд 2021 оноос өмнөх шимтгэл төлсөн хугацаагаа нотлох нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, иргэний үнэмлэх, өргөдөл, ажилгүй болсноо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн мэдэгдэх хуудас шаардлагатай.
– Ажилгүйдлийн тэтгэмж олгох үйл явцын талаар мэдээлэл өгөөч.
Ажилгүйдлийн тэтгэмжийг нийт ажлын 76 хоногийн хугацаанд олгодог. Сард 1-2 удаа харилцагч банкаар нь дамжуулан олгох ба тэтгэмж авах хүсэлт гаргах үедээ хуваарийн мэдээллээ авах боломжтой.
– Давхар ажил хөдөлмөр эрхэлж байгаад ажлаасаа гарвал ажилгүйдлийн тэтгэмж олгох уу?
Хэд хэдэн байгууллагад давхар ажилладаг даатгуулагчид бий. Тэдний тухайд үндсэн байгууллагадаа 5 төрлийн даатгал буюу тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдэл, эрүүл мэндийн даатгалд даатгуулдаг. Харин үндсэн ажлаас гадна гүйцэтгэсэн буюу авхар ажиллаж байгаа байгууллагадаа ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөлгүй чөлөөлөгддөг. Тиймээс үндсэн байгууллагаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах боломжтой гэсэн үг юм.