Наадмаар ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орно
Наадмын амралтын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох тул үер, усны ослоос сэрэмжлүүлж, ОБЕГ, ЦЕГ, Цаг уур орчны албаныхан хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус судлалын инженер С.Саранцацралт хэлэхдээ “7, 8 дугаар сард баруун болон төвийн аймгуудын нутаг, ялангуяа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар буюу иргэдийн амралт зугаалгаар хамгийн их зорчдог нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох, дулааны улиралд богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох төлөвтэй байна.
Мөн 7 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар Ерөө, Онон, Орхон, Онги гол үерийн аюултай түвшинг 5-15 см давж эргээ хальсан, урд Тамир, хойд Тамир, Хөгшин Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Халх гол, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-80 см даван үерлэж байна.
Энэ жил бол голын түвшин олон жилийн дунджаас харьцангуй их байгаа бөгөөд голуудын үерийн түвшинг хүртэл давсан үзүүлэлттэй байна.
Наадмын урт өдрүүдээр бороо орох төлөвтэй байгаа тул, гол нуурын үерийн түвшин бүр их нэмэгдэнэ.
Иймд иргэд аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гармаар зорчихгүй байх, найдвартай замаар явахыг анхааруулж байна” гэв.