Хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэхэд эмч, эмнэлгийн ажилчид тэргүүн эгнээнд “тулалдсан”. Тэр ч утгаараа олон сая хүний амь насыг авран хамгаалсан гавьяатай ачтанууд юм. Цагаан нөмрөгтэй баатруудын нэг болох бүтэн жил тахлын голомтод үүрэг гүйцэтгэсэн сувилагч бүсгүйг Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Монгол Улсын төлөө” буландаа онцолж байна.
Манай нийтлэлийн баатар ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги “Онцгой Жаргалант сувилал”-ын сэргээн засахын сувилагч, ахлах ахлагч Д.Цолмонтуяа ховор хувь тохиолоор хос тангараг өргөсөн бүсгүй. Түүний нэг мэргэжил нь “зэрэгц” командаар жагссан Онцгой байдлын алба хаагч. Нөгөө талаас хүн ардын эрүүл мэндийн төлөө тангараг сувилахуйн элч төлөөлөгч юм.
ГЭР БҮЛЭЭРЭЭ БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАСАН НЭГ ЖИЛ
Ахлах ахлагч Д.Цолмонтуяа 2009 онд Дархан-Уул аймгийн Анагаах ухааны коллежийг сувилахуйн арга зүйч мэргэжлээр төгсөөд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд дурангийн сувилагчаар ажлын гараагаа эхэлжээ. Хоёр жил ажиллахдаа хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлал, дурангийн эмч, АУ-ны доктор, клиникийн профессор Г.Отгонсүрэнгийн удирдлага дор хүүхдийн практикт анх удаа 12 хуруу гэдэсний нарийслыг balloon dilation буюу хэлбэн тэлэх аргаар эмчлэх мөн дивертикул өвчнийг оношлох, полипоз буюу олон тооны ургацаг авах, дотуур цус алдалт, гадны биетэд хахсан хүүхдэд тусламж үзүүлэх, ходоод гэдэсний замын эмгэгийг оношлоход дурангийн сувилагчаар ажиллаж байсан. Тэндээсээ төрсөн нутаг Хэнтий рүү шилжсэнээр Онцгой байдлын албатай холбогджээ.
Хэнтий аймгийн Онцгой байдлын албанд эмнэлгийн зааварлагчаар ажиллахдаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны мэргэжилтэн хийж яаралтай тусламж үзүүлдэг байж. Харин гэр бүлийн хүн мөн л академи дүүргэж Хэнтийн аймгийн Цагдаагийн газарт жижүүрийн офицероор очоод Биндэр, Жаргалтхаан суманд хэд хэдэн удаа томилогдсон учраас залуу хосууд нийслэл рүү шилжих хүсэлт гаргажээ.
Ингэснээр гэр бүлийн хүн цагдаагийн ахмад Л.Тамжид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байгаад 2019 оноос Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллах болов. Харин Д.Цолмонтуяа 2018 оноос ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги “Онцгой Жаргалант сувилал”-д сувилагчаар ажиллаж байгаа юм.
Хос мөрдэс зүүж, эх орныхоо төлөө тангараг өргөсөн учраас гэр бүлээрээ цар тахлын үед бэлэн байдалд ажилласан талаараа Д.Цолмонтуяа “Манай хүн тусгай үүргийн нислэг ирэх болгонд нисэх онгоцны буудалд хяналтын бүрэлдэхүүнд ажилласан. Хоёулаа зэрэг үүрэг гүйцэтгэх тохиолдол гарна. Харин манай сувилал уламжлалт, европ эмчилгээ хослуулдгаараа давуу талтай. Тиймээс үйлчлүүлэгчид ч сэтгэл дүүрэн буцдаг. Сувилагчийг эмчийн туслах гэж ойлгох тохиолдол их байдаг. Гэтэл эмч, сувилагч хамтарч ажиллаж байж тухайн өвчтөнийг анагааж чадна.
Миний хувьд хоёр ээлжтэй учраас 21 хоног ажиллаад 7-14 хоног тусгаарлагдаж байсан. Тэгээд гэртээ долоо хоноод ажилдаа явах “маршруттай” амьдарсан. Одоо бодоход жилийн бараг тал хүрэхгүй буюу 140-150 хоногт л гэртээ байсан байх.
Үлдсэн хугацаанд ажил дээрээ. Манайх бага насны хоёр хүүхэдтэй. Хүү маань таван настай. 30 хоночихоод ирэхэд хүүхдүүд гэрэвшчихээд ойртохгүй “Та дахиад хэзээ явах вэ. Бас л зөндөө олон хонох уу” гэж байнга асууна. Дэлгүүр гарахад хүртэл “Та хэд хоноод ирэх вэ. Ажилдаа явах нь уу” гээд асуугаад салахгүй. Тэр дундаа нэгдүгээр ангийн сурагчтай учраас анхаарал хандуулах боломж хомс байсан. Хамаатны оюутан дүүгээ гуйж хоёр хүүхдээ харуулсан. Ажил үүрэг гүйцэтгэхэд ар гэртээ санаа зовохгүй байх хамгийн чухал” гээд даруухан инээмсэглэлээ.
COVID-19-ИЙН ҮЕД 700 ГАРУЙ ХҮНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ
ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги “Онцгой Жаргалант сувилал”-д хамгийн анхны тусгай үүргийн нислэг буюу хоёрдугаар сард ирсэн хүмүүсийг хүлээж авч байв. Тухайн үед битүүний өдөр байсан. Д.Цолмонтуяа жижүүрт гарч таарсан талаараа “Анх Хятадын Уханьд коронавирусын халдвар бүртгэгдэж эхлэхэд эмнэлгүүд бэлэн байдлаа хангаад эхэлсэн.
Нөхцөл байдал хүндэрвэл эмнэлгийн зориулалттай бусад газрыг дайчилна гэсэн чиглэл өгсөн учраас манайх өрөөний зохион байгуулалт зэргээр бэлтгэл бэлэн байдлаа хангасан. Гэхдээ бусад эмнэлэгтээ авчихаад дараа нь манайд тусгаарлах байх гэж бодож байсан ч гадаадаас авчирч байгаа анхны хүмүүсийг манай дээр авна гэж төсөөлөөгүй. Жижүүртэй байж таарсан болохоор хүмүүсээ яаралтай цуглар дохиогоор дуудсан. Анхных болохоор жаахан эмээсэн зүйл байсан ч айхтар сандраагүй. Нэгэнт тангараг өргөсөн учраас хэцүүд шантрах эрхгүй.
Тусгай үүргийн анхны нислэгээр ирсэн хүмүүс нисэх онгоцонд суухаас өмнө удаан хүлээсэн, замдаа хоол унд идээгүй байсан болохоор ямар орчин угтах бол гэсэн бухимдалтай. Харилцахад сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан. Гол нь шинжилгээний хариу сөрөг гарах болов уу гэж айж түгшсэнээс даралт нь ихэсч, бие нь тавгүйрхэж байсан учраас сэтгэлзүйчид танилцуулж шаардлагатай арга хэмжээг шуурхай авсан. Бид хүмүүсийн хоолыг давхар зөөж, шинжилгээ гартал нь сэтгэл санааг нь тайвшруулахыг хичээсэн. Мөн эмчилгээний хоолтой, бага насны хүүхэдтэй хүмүүст тусгайлан шаардлагатай тусламж үйлчилгээг дор нь шийдвэрлэж, анхаарал хандуулсан учраас 2-3 хоноод харьцангуй тайвширсан л даа.
Манайх эмч, эмнэлгийн мэргэжилтэн хангалттай, агаар салхинд учраас суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн хүмүүсийг ихэвчлэн байрлуулж байсан” гэлээ.
“Жаргалант” сувилал цар тахлын хугацаанд 1300 гаруй хүн хүлээж авсны 700 гаруйд нь манай зочин тусламж үйлчилгээ үзүүлсэн гэж хэлж болно. Мөн нэгдүгээр хавьтал болон халдвар авсан хүндэвтэр хүмүүсийг эмчилж байгаа юм. Халдвартай хүмүүсийн шинж тэмдэг, зовиур өөр учраас хүн тус бүрт тохирсон эмчилгээ хийдэг учраас ачаалал эрс нэмэгдэж, амрах боломж хомс болсон. 24 цагийн 2-3 цагт нь л хамгаалалтын хувцсаа тайлж амрах үе олон байжээ гэв.
Д.Цолмонтуяагаас өнгөрсөн хугацаанд хэцүү зүйл юу байсан бэ гэхэд “Энгийн үед бие бялдар хөгжүүлэхээс гадна сэтгэл зүйн бэлтгэл хийдэг. Манай байгууллага сэтгэл зүйн сургалт семинар байнга авдаг болохоор тангараг өргөсөн ажлаа л хийж байна гэж хүлээж авсан. Итгээд ирсэн хүмүүсийн төлөө хамгийн сайнаараа хичээх ёстой гэж бодсон.
Хоногт 20 орчим цаг битүү хувцастай байхаар уух, идэх зүйлээ хязгаарлана. Мөн өрөөний ариутгал, цэвэрлэгээг хамгаалалтын хувцастай хийхээр хөлс их гарч ядардаг юм байна лээ. Сүүлдээ хөлсөндөө нүүр түлэгдэж холцруу үүсэх, чих холгох асуудал гардаг. Хэцүү гэхээс илүү хийх ёстой ажил үүрэг маань гэж хүлээж авсан. Олуулаа баг болж ажиллаж байгаа учраас бусдынхаа дэргэд ядарлаа гэж хэлж болохгүй. Аль болох нэгэндээ итгэл, урам зориг өгөхийг хичээсэн.
Хамгийн хэцүү зүйл нь хамт байгаа болон тусгаарлагдсан хүмүүсийн ар гэрт гачигдал тохиолдоход гаргаад явуулж болохгүй. Сэтгэл зүй нь тогтворгүй болсон хүмүүс янз бүрийн араншин гаргана. Манай дүү Дорнод аймагт хүнд хагалгаанд орох болоод сахиур хийх хэрэгтэй боллоо гэсэн.
Гэтэл дөнгөж үүрэг гүйцэтгээд тусгаарлалтад орох гэж байсан учраас журмаараа яагаад ч очих боломжгүй. Бие энд сэтгэл тэнд л байсан. Тэгээд төрөх дөхсөн дүү маань сахиур хийсэн дээ” гэлээ. Ийнхүү бидний яриа түүнийг 14 хоног ажиллаж долоо хоног тусгаарлагдаж гарч ирээд байхад нь өрнөсөн юм.
Д.Цолмонтуяа ажил үүрэгтээ идэвх зүтгэлтэй ажилласан алба хаагчдад олгодог Батлан хамгаалах яамны III зэргийн одонгоор цэргийн баярын өдөр энгэрээ мялаажээ. Тэрээр ярилцлагын төгсгөлд “Хайртай хүмүүсээ хамгаалахын тулд хариуцлагатай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна” гэдгийг уншигчдад дайлаа.
С.УЯНГА
Эх сурвалж: ОБЕГ