ЯрилцлагаНийгэмОнцлох

Ц.Энх-Амгалан: Малчин эмэгтэйчүүд нэг өдөрт 36 цагийн ажлыг амжуулж байна

“Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалантай малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцлаа.

  • Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та 2004 оноос хойш “Ногоон- Алт малын эрүүл мэнд” төслийг Монголд хэрэгжсэн цагаас л хөдөөгийн эмэгтэйчүүд тэр дундаа малчин бүсгүйчүүдийн судалгааны чиглэлээр ажилласан. Энэ утгаараа малчин эмэгтэйчүүдийн асуудлыг хамгийн сайн мэдэх хүн хэмээн онцлон “Эмэгтэйчүүдийн баяр”-ын дугаартаа урьсан юм…

Маш их баярлалаа. Би бэлчээрийн нөөцийн зүй зохистой ашиглалт, мал аж ахуйн салбарт 20 шахам жил ажиллаж байна. Олон ч судалгааны ажлууд  хийж дээ.

  • Таны хийсэн судалгаануудаас малчин эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн талаарх судалгааг Монголд анх удаа хийсэн нь их анхаарал татсан. Тус судалгааныхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

“Швейцарын хөгжлийн агентлаг”-аас санхүүжүүлилтээр Монголд анх удаа “Монголын  нүүдлийн мал аж ахуйд малчин эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” нэртэй жендерийн судалгааг хийсэн. Судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийг Монголын нийт малчин эмэгтэйчүүдийн бүрэн төлөөлөллийг оролцуулах үүднээс яс үндэс, насны ангилал, гэр бүлийн байдал, малын тоо зэрэг олон үзүүлэлтүүдийг сонгон авсан юм.

Судалгаагаар малчин гэр бүлийн эмэгтэйчүүдийн тасралтгүй хөдөлмөрлөдөг цаг өдөрт дунджаар 11.1 гэж гарсан. Энэ нь ихэвчлэн гар аргаар бүх ажлуудтай хийдэгтэй холбоотой. Малчин эмэгтэйчүүдийн ажил ихэнхдээ үүрийн 04 цагаас эхэлж, оройн 12 цаг хүртэл тасралтгүй үргэлжилдэг. Өглөө эртлэн саалиндаа гарч, орж ирээд гэрийнхэндээ өглөөний хоол ундыг нь бэлтгэнэ.

Буцаж гараад малаа усална, аргал түүнэ, гэртээ ороод сүү цагаан идээгээ бэлтгэнэ. Хүүхдийнхээ хувцас хунарыг угааж цэвэрлэнэ, хоол унд бэлтгэж, завсарт нь хашаа хороогоо эмхэлнэ. Хаврын улиралд нялх төлөө арчилна гэх зэргээр манай нүүдлийн мал аж ахуйд эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүрэг их байдаг. Тиймээс нэг өдөрт малчин эмэгтэй хүний хийж байгаа бүх ажлуудыг жагсаагаад зарцуулсан хугацааг нь нэмээд үзэхээр 36 болж байгаа юм.

  • Хөөх, тэгэхээр малчин бүсгүйчүүдэд маань өөртөө зарцуулах цаг бараг байдаггүй, байх нээ дээ…

Тийм шүү. Малчин эмэгтэйчүүд зурагт үзэж, радио сонсож, өөрийгөө хөгжүүлж сургалтад суух, сум суурин орж найз нөхөдтэйгөө уулзах зэргээр өөртөө зарцуулах цаг нь харьцангуй бага байдаг. Харин 11 сараас өвөлжөөндөө бууж, өвс тэжээл, хүнс нөөцөө бэлдэж, зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж дуусан, хүүхдүүд нь хичээл сургуульдаа явчихсан үед жаахан амрах хугацаа гардаг гэдгийг судалгааны дүн харуулсан. Тиймээс энэ үед тэдэнд чиглэсэн сургалт, мэдээ мэдээлэл өгвөл цаг зав зарцуулах боломжтой.  Хамгийн их ачаалалтай нь мал төллөх үед 12.5 цаг, 8 болон 9 сард 14.1 цаг ажилладаг. Энэ нь зуны дэлгэр цагт цагаан идээгээ ахиухан боловсруулах, намар хурим найр, хүүхдүүдийн сургууль соёлын бэлтгэл гээд их ажил өрнөдөгтэй холбоотой.

Бид мах, сүү үнэтэй байна гэдэг ч, малаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулж байгаа цаг хугацааг нь тооцвол малчин хүний хөдөлмөрийн үнэлэмж үнэхээр гомдол мэдүүлэхээс аргагүй байгаа юм. Нэг малчин өрх хавартаа жаахан ноолуур, намартаа хэдэн мал борлуулж, жилд дунджаар 10 орчим сая төгрөгийн орлого олдог. Гэтэл  малчин эмэгтэй өдөрт 12 цагийн турш 36 цагтай дүйцэхүйц ажил эрхэлдэг гээд тооцоход /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цагийн хөлс 2500төгрөг/ өдөрт 90 мянган төгрөг, сард 2 сая 700 мянган төгрөг буюу жилдээ 32 сая 400 мянган төгрөгийн ажил байна. Энэ зөвхөн тухайн өрхийн эмэгтэйчүүдийн ажиллах хүчний зардал нь. Үүн дээр эрэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн үнэлгээг нэмвэл нилээдгүй өндөр тоо гарна.

  • Тэгэхээр малчин өрхийн бодит орлого болон бүтээгдэхүүний зах зээл дэх үнэлгээ, үнэлэмжийн асуудлыг зайлшгүй анхаарах шаардлагатай юм байна, тийм үү?

Тэгэлгүй яах вэ, зайлшгүй анхаарал татах асуудал мөн. Тэд үр хүүхдийнхээ сургууль соёл, ирээдүйн боловсролд анхаарах, амьдрал ахуйгаа өөд нь татах, хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулах зорилгоор малын түүхий эд сүү цагаан идээ боловсруулах машин төхөөрөмж авах зэрэгт хөрөнгө оруулалт хийх боломж маш бага байна. Зөвхөн өдөр тутмын амьжиргааныхаа зардлыг л нөхөөд ирээдүйнхээ төлөө хөрөнгө оруулалт хийх мөнгө үлддэггүй гэж хэлж болно. Өөр нэг чухал зүйл бол малчдын эрүүл мэнд. Малчид маань байнга ажил ихтэй ачаалалтай байдаг учраас ихэвчлэн босч суун яаруу сандруу хоол ундаа иднэ, бас чанаргүй, гарал үүсэл тодорхой бус эрүүл бус хоололтын дэглэм нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хандлагатай гэдгийг сумын эмч, нийгмийн ажилтнууд бидэнд хэлж байсан.

  • Малчдын залгамж халааны асуудал бас маш чухал байдаг. Энэ талаар судалгаанд оролцогчид хэрхэн хариулт өгсөн бол…

Судалгааны дүнгээс үзэхэд ихэнх малчид үр хүүхдээ ийм хэцүү хүнд хөдөлмөр эрхлүүлмээргүй байна гэж хариулсан. 30 гаруй жилийн өмнө уур амьсгал харьцангуй сайхан, бэлчээр нутаг нь цөлжөөгүй, элбэг, төрөөс малчдын нийгмийн олон асуудлуудыг зохицуулдаг, өвөлдөө хүйтэрдэг ч зундаа налайгаад аятай таатай сайхан амьдрал байжээ.  Харин одоо бэлчээрийн гарц муудаж, малын тоо хэт ихдэн, бороо хур орох хугацаа, хэмжээ өөрчлөгдөн, байн байна зуд болж байгаа нь малчин хүний хөдөлмөрийг улам хүнд болгоод байна. Тиймээс хүүхдээ ийм хэцүү амьдралын замаар явуулаад яах юм. Өөр ажил төрөл хийлгэж, боловсролтой хүн болгохыг хүсэж байна гэж судалгаанд хамрагдсан малчдын 80 орчим хувь нь хариулсан.

Тэгэхээр ирээдүйд нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдал, хөгжлийн чиг хандлага, малчин хүний амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөрийг нь хөнгөвчлөх зэрэг асуудалд тусгайлан анхаарал хандуулах хэрэгтэй байна. Бэлчээрээ эрүүлжүүлэх, нэг малаас авах ашиг шимийн нэмэгдүүлэх, хийсэн бүтээгдэхүүнээ зах зээлд төвөг чирэгдэл багатай борлуулдаг, олсон орлогоороо аж ахуйдаа хөрөнгө оруулалт хийх хөгжүүлэх боломжтой болчихвол залуучууд малчин болохыг хүснэ. Яг одоогийн нөхцөлд ихэнх малчид хүүхдүүдээ малчин болгохыг тэр бүр хүсэхгүй байна.

Хүн бүр л хүүхдэдээ сайн сайхныг хүсдэг. Малчин эмэгтэйчүүд охиноо борви бохисхийх завгүй ажилладаг, эрсдэл ихтэй ийм хөдөлмөр эрхлүүлэхийг хүсэхгүй байна. Малчин хүний амьдралын нөхцөл нь өөрсдийн залгамж халааг бэлтгэх боломжгүй болгож байна. Би өөрөө алс баруун нутгийн хүн. Зөвхөн малаа маллахаас гадна малчдыг би энэ өргөн уудам нутгаа эзэнтэй байлгаж харж хандаж яваа хүмүүс гэж боддог. Зарим хүмүүс эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нь зөв гэдэг ч Монголын газар нутаг, уур амьсгалын онцлогт нүүдлийн мал аж ахуй дасан зохицох чадвартай. Гадаргын ус багатай. Бас их өртөг өндөртэй аж ахуйн хэлбэр шүү дээ. Нэг газар цас их орж хүйтэрвэл нүүнэ. Ган болоход нүүнэ.

Энэ утгаараа нүүдлийн мал аж ахуй нь өөрөө Монголын цаг агаарын нөхцөл байдалд хамгийн сайн зохицсон байдаг. Магадгүй шилжих процесс явагдлаа гэхэд хугацаа их орно л доо. Ойрын 20-30 жилд нүүдлийн мал аж ахуй байсаар л байна. Нөгөө талаар Монголын байгаль цаг уураас шалтгаалж эрчимжсэн мал аж ахуйн хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний тэжээл тариалах боломж хомс. Тиймээс уламжлалт нүүдлийн мал аж ахуйг орчин цагийн хөгжил дэвшилтэй уялдуулах, малчин хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, түүхий эдийн болон эцсийн бүтээгдэхүүний үнэлэмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь чухал юм.

П.Нарандэлгэр

/Эх сурвалж: “Монгол малчин” сэтгүүлийн 2021 оны III дугаар сарын дугаарт өгсөн ярилцлага/

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close