Осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлнэ
Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд ДЭМБ-аас эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний түвшинд шаардлагатай 395 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д хүлээлгэн өглөө.Осол гэмтэл нь Монгол Улсын хүн амын өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нь нэн чухал тул осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг, ялангуяа эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын түвшинд бэхжүүлэх шаардлагатай юм.
2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ГССҮТ-д болсон тус тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Эмнэлгийн болон сургалтын зарим тоног төхөөрөмжийг ГССҮТ-д шинээр байгуулагдсан Эмнэлзүйн сургалтын төвд байрлуулна. Энэ нь эмч, резидент эмч, сувилагч нарт янз бүрийн гэмтлийн тусламж үзүүлэх практик дасгал хийх боломжийг олгох юм. Мөн осол гэмтлийн үеийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг 4 аймгийн 95 сумын эрүүл мэндийн төвүүдэд хүргэх болно.