
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээр тэмдэглэдэг “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг энэ жил “Эхийн сүүгээр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье” уриан дор зохион байгуулж байна. Дэлхийн 7 хоногийн хүрээнд Эрүүл мэндийн яамнаас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Биате Дастел, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлага, мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, бие бялдар, тархины хөгжлийг хангадаг, юугаар ч орлуулшгүй хамгийн төгс хүнс юм. Судалгаагаар эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн гэдэсний халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 72 хувь, амьсгалын замын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл 57 хувиар буурдаг бөгөөд илүүдэл жин, таргалалт, уушгины багтраа зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болохыг тогтоосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг төрсний дараах эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид насанд нь тохирсон нэмэгдэл хоолтой хослуулан хоёр нас болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөдөг.

Монгол Улс эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлтээр олон улсын түвшинд харьцангуй сайн үзүүлэлттэй байгаа ч “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааны дүнгээр зургаан сар хүртэлх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолтын түвшин 59.8 хувь, 6–23 сартай хүүхдийн үргэлжлүүлэн хөхүүлэлт 69.7 хувь байгаа нь өмнөх судалгааны үеийнхээс буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр үзүүлэлт нь эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих бодлого, эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг улам бэхжүүлж, төр, эрүүл мэндийн байгууллага, ажил олгогчид, гэр бүл, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг харуулж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Судалгаагаар эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь хүний капиталд хийх хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг бөгөөд эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан арга хэмжээг өргөжүүлснээр нэг ам.долларын хөрөнгө оруулалт тутамд дунджаар 59 ам.долларын нийгэм, эдийн засгийн өгөөж бий болдог байна. Мөн эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлэхэд эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх, “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхам”-ыг эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх, жирэмсний болон амаржсаны цалинтай чөлөө, ажлын байрны дэмжлэг, олон нийтийн мэдээллийн кампанит ажил, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг нотолгоонд суурилсан арга хэмжээнүүд өндөр үр дүнтэй болохыг онцоллоо. Эрүүл мэндийн яам эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, хүүхэд бүрийг амьдралын эрүүл эхлэлээр хангахын төлөө олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллах юм.

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



