Орон нутагFocusШинэ мэдээ

Ш.Оргил: Нэг хүний амиа бодсон үйлдлээс болж олон хүн тусгаарлалтад орчихлоо

Өчигдөр, Сэлэнгэ аймгийг сүүлийн 48 хоног халдвар илрээгүй эрүүл бүс боллоо хэмээн зарласан бол өнгөрсөн шөнө тус аймагт, бусдын PCR шинжилгээний бичгээр ирсэн хүнээс халдвар илэрчээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:  

-“УОК-оос нийслэлд хөл хорио тогтоох  шийдвэр гарсан учраас аймгийнхаа иргэдийг татах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас зорчигч тээвэрлэсэн хоёр автобус өнөөдөр ирсэн. Дээрх иргэд хэдийгээр нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирж байгаа ч энд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авч байгаа. Энэ явцад иргэн А-ийн хариу эерэг гарсан. ХӨСҮТ-өөс иргэн А-г хайгаад байсан боловч тэрбээр өөр хүний бичиг баримт ашиглаад зорчиж явсан тул олдохгүй байсан. 

Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд  PCR шинжилгээ өгчихөөд хариугаа авалгүйгээр иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд өгсөн шинжилгээний хариу нь халдвартай гарсан байхад  хариугаа авалгүйгээр орон нутагт ирсэн гэсэн үг. Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан.

Тус иргэнтэй 37 хүн нэг автобусанд сууж ирснээс 15 зорчигч нь замдаа өөр, өөр сумдуудад буусан. Эдгээр хүмүүсийг  олж сумдуудад нь тусгаарласан.

Сүхбаатар суманд ирсэн иргэдээ халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан. Хоёр автобусны зорчигчид хоорондоо огт холилдоогүй зөрж таарсан  ч  нөгөө автобусны зорчигчдыг гэрт нь тусгаарлаж байгаа. 

Нэг хүний амиа бодсон ухамсаргүй үйлдлээс болж цагаан сараа гэрийхэнтэйгээ тэмдэглэхээр аймагтаа  ирсэн олон хүн тусгаарлалтад орчихлоо. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Одоо иргэн А бол санаатайгаар халдварт өвчин тараахыг оролдсон хэргээр хуулийн байгууллага шалгах байх” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close