Н.Энхтайван: Монгол Улсын гадаад бодлого нэг цонхоор явах нь зөв
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа авсанаас хойш анх удаа хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өглөө. Сайдаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрийнхээ талаар хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэл хийсэн юм.
Монгол улсын Гадаад харилцааны салбар дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг Н.Энхтайван сайд онцлов.
- Гадаад харилцааны нэр хүндийг өсгөх
- Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын сөрөг нөлөөллийг багасгах,
- Гадаад харилцаагаа сэргээн, идэвхжүүлэх, шинэ нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлэх,
- Хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэн бүрт хүрч ажиллах, хүсэлт гаргасан иргэдээ эх орондоо татан авах,
- Эдийн засгаа сэргээх, тогтвортой өсөлтийг бий болгох,
- Гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах,
- Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
- Сахилга, хариуцлагыг сайжруулах
Гадаад харилцааны салбар өнгөрсөн 4 сарын хугацаанд дараах чиглэлээр голлон анхаарч ажиллажээ. Үүнд:
Нэг: Хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, эх оронд нь татан авах чиглэлээр:
Хоёр: Цар тахлын үед эдийн засгаа дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр,
Гурав: Монгол Улсын гадаад нэр хүндийг өргөх, гадаад харилцааг идэвхжүүлэх, эрчимжүүлэх,
Дөрөв: НҮБ, олон улс, бүс нутаг, хоёр талын хурал, уулзалт, сургалт семинар зохион байгуулах,
Тав. Тогтвортой, нэгдмэл гадаад бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сахилга хариуцлагыг дээшлүүлэх,
Зургаа. Гадаад сурталчилгаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээ, мэдээллийг сайжруулах,
Долоо. ГХЯ-ны дотоод ажил, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна. Эдгээр ажлуудыг хэрхэн хэрэгжүүлсэн талаараа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танилцууллаа.
ЦААШИД Гадаад харилцааны яам 10 гол зорилтыг дэвшүүлэн ажиллах юм.
- Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан 10 зорилтыг хэрэгжүүлнэ.
- Монгол Улсын гадаад дахь нэр хүндийг улам өсгөнө.
- Гадаад харилцаа, гадаад худалдааны хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно.
- “Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг төрөлжүүлнэ
- Гадаад худалдааны хэмжээг тогтвортой нэмэгдүүлж, худалдааны алдагдлыг багасгана.
- ОХУ-д гаргаж буй экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
- Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
- Цар тахлын улмаас хилийн чанадад саатсан иргэдээ УОК-тай хамтран татан авна.
- Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар судалгааг дуусгана.
- ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолой барих асуудлыг урагшлуулна.
- Унгар Улсын хөнгөлөлттэй 57 сая ам долларын зээлээр баригдах Биокомбинат УҮГ-ыг ашиглалтад оруулах
- АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг шийдэх 350 сая ам. долларын төслийг хэрэгжүүлнэ.
- 2020-2024 онд Словени, Бельги, Недерланд, Люксембург, Мальдив, Гүрж, Эмират зэрэг улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулж, визгүй зорчих улсын тоог 70-аас доошгүйд хүргэнэ.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Зарим асуултын хариултыг товчлон хүргэж байна.
–Гадаадад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яаман дахь улс төрийг нөлөөг багасгах чиглэлд ямар ажлыг хийх вэ. Элчин сайдын томилгооны асуудал болон дипломат албанд ажиллаж байгаа ажилтнуудад ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Дипломат алба болон Элчин сайдын томилгоонд ямар нэгэн улс төрийн шахаа огт байлгахгүй. Ийм өнцөгөөр томилгоо хийхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмийн, ард түмний шахалтаар Дипломат төлөөлөгчийн газар, тэр дундаа Элчин сайдын яаманд мэргэжлийн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг томилно. Ер нь гадаад харилцааны системд ажиллаж байгаа хүнийг Элчин сайдын яаманд томилох бодлогыг баримталж ажиллана. Элчин сайдыг томилох асуудлыг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Улсын Их Хурлаар орсноор эцсийн шийдвэр гардаг.
– Элчин сайдын томилгооны асуудал болон дипломат албанд ажиллаж байгаа ажилтнуудад ямар хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
– Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газар томилогдсон хүмүүст тусгайлан сургалт зохион байгуулж байна. Дипломат болон албан паспортыг цэгцлэх ажил өнгөрсөн сард хийгдлээ. Нийт 6,000 орчим дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Мөн дипломат машины дугааруудыг бүртгэх ажил хийгдэн журмын бусаар авсан машины дугаарыг цуцлах ажил хийгдсэн. Дипломат дугаартай бүх машинууд чиптэй болсон бөгөөд хаанаас хаана хүрч байгааг бүрэн хянах тогтолцоо бүрдлээ. Түүнчлэн дипломат ажилтнууд нэг сарын хугацаанд гадаад оронд зорчсон бол сар бүр мэдээллийг нь авч байх журам мөрдөгдөж байна.
– Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 оронд суух элчин сайдын асуудал ороод, Ерөнхийлөгчийн зүгээс нэрсийг татаж авсан. Шинээр Элчин сайдыг тодруулах уу?
– Хуулийн дагуу шинээр элчин сайд нарыг дахин тодруулж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж өргөн мэдүүлэх ажил бий. Энэ онд хугацаа нь дуусаж хэтэрсэн 7 орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа ба 20 элчин сайдын асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлэх юм. Энэ ондоо багтаад энэ ажлыг хийнэ. Хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн ажиллаж байсан долоон хүнийг татсан. Харин ирэх онд хугацаа нь дуусах 10 гаруй элчин сайд байна. Энэ оны төгсгөл гэхэд 20, ирэх оны эхэнд 10, нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана” Энэ ондоо багтаагаад эхний ээлжинд хугацаа нь дууссан 10 гаруй элчин сайдын асуудлыг УИХ-д оруулахаар төлөвлөж байна.
-Гадаад харилцааны салбарт тулгарсан том бэрхшээл бол дипломат албан хаагчдийн хууль бус гэмт хэрэгт нэр холбогдох асуудал. Үүнээс улбаалж Монгол улсын нэр хүнд гадаадад унаж буй. Үүний эсрэг ямар арга хэмжээ авсан бэ? Тухайлбал хэдэн жилийн өмнө хар тамхины хэрэг гарсан.
Хар тамхитай холбогдсон хоёр иргэнийг өнгөрсөн онд холбогдох хуулийн дагуу ялыг нь эдлүүлсэн. Бас 69 дипломатын хэрэг дээр Гадаад харилцааны яамнаас хяналт шалгалтыг хийж, яамны системд ажиллаж байсан долоон албан хаагчийг албанаас нь халсан. Цаашдаа дипломат албанд ажиллаж байгаа ажилтнууд хар тамхи болон хууль бус үйлдэл гаргахгүй байх талаар арга хэмжээг авч ажиллаж байгаа.
-Та БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон ОХУ-ын сайд нартай уулзсан. Энэ үеэр Монгол Улсыг ШХАБ-д элсэх асуудлаар шахалт үзүүлсэн гэдэг асуудал яригдаж байсан. Та Гадаад харилцааны сайдын хувиар энэ асуудалд ямар байр суурьтай байгаа бол?
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ ШХАБ-д “Монгол Улсыг элсээч” гэдэг санал тавьсан. Миний бие ОХУ-д албан айлчлал хийх үед тус улсын гадаад хэргийн сайд С.В. Лавровтой уулзалт хийхэд энэ асуудлыг санал болгосон. Монгол Улс 2004 оноос тус байгууллагад ажиглагчийн статустай явж ирлээ. Өнөөдрийг хүртэл энэ байр суурь хэвээрээ байгаа. Хамгийн сүүлд 2018 оны зургадугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой. Үргэлжлүүлэн судална” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр манай байр суурь энэ түвшинд байгаа гэдгийг тэмдэглье.
-Өнгөрсөн Засгийн газрын үед АНУ-ын Конгресст гуравдагч хөршийн худалдааны хуулийг өргөн барьсан. Энэ ажил ямар шатанд явж байгаа вэ?
-Юуны өмнө Америк, Монголын харилцаа стратегийн түвшинд өргөжин, хөгжиж байгаа. Монгол Улс, АНУ-тай хийж байгаа худалдааны хэмжээ 2019 оны дүнгээс харьцангуй нэмэгдэж байна. Монголоос 26 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн бол АНУ-аас 290 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн орж ирсэн байдаг. Үүний зэрэгцээ 1991 оноос хойш АНУ-аас Монголд 240 сая ам.долларын тусламжийг үзүүлсэн. Одоо хэрэгжүүлэхээр ярьж буй хамгийн том төсөл бол Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах, 350 сая ам.долларын өртөгтэй төсөл юм. АНУ-ын Конгрессоор гуравдагч хөршийн худалдааны хууль удахгүй батлагдана гэсэн хүлээлттэй байна.
– Энэ онд хийгдэх айлчлал үлдсэн үү?
– Энэ ондоо төлөвлөгдсөн айлчлал байхгүй. Ирэх оны айлчлалын төлөвлөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд дээд түвшний айлчлалууд багтдаг бөгөөд энэ нь нууцын зэрэглэлтэй байдаг тул нээлттэй хэлэх боломжгүй. Монгол улсын хувьд хоёр хөрш болон гуравдагч хөрштэйгөө байнгын харилцаатай байж, харилцан айлчлалыг өрнүүлсээр байх болно.
– Орон нутгийн сонгууль дууссантай холбоотойгоор ГХЯ-наас шаталсан сургалтыг зохион байгуулах уу?
– Гадаад бодлогод хамгийн их оролцоотой байдаг улсууд орон нутагт ажилладаг. Тэгэхээр арванхоёрдугаар сардаа багтаад аймгуудын Засаг дарга, орлогч Засаг дарга болон гадаад харилцааны ажилтнуудын түвшинд сургалт явуулна. Энэ үеэр биеэ зөв авч явах, гаднынхантай хэрхэн харьцах талаар тусгай хичээл ордог. Сар гаруйн өмнө миний бие санаачлан бүх яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, гадаад харилцааны асуудал хариуцсан албан хаагчдийг хамруулан Монгол Улсын гадаад бодлогын талаар цогц сургалтыг зохион байгуулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын зүгээс гадаад харилцааны салбарт нэг цонхоор гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын гадаад бодлого нэг цонхоор явах нь зүйтэй юм.