“Найрамдлын сар” үргэлжилж байна
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулдаг найрамдлын сарын ажил эхэлсэнтэй холбогдуулан Орхон аймаг дахь Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу, аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн Ж.Сандуйжав нар мэдээлэл хийв. Энэ удаагийн найрамдлын сарын өдрүүдээр Орос 19 дүгээр сургууль, “Эрдэнэт” цогцолбор дээд сургуулийн дэргэдэх Орос хэлний төвд сарын турш өдөрлөг зохион байгуулж, Спорт цогцолборт найрамдлын өдрүүдийн нэрэмжит спортын олон төрлийн тэмцээн болно.
Мөн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмадууд, Эрдэнэт үйлдвэрийн гадаадын мэргэжилтнүүд, ЕБС-ийн сурагчдын дунд “Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцогчид” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан, “Монгол миний нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн, найрамдлын сэдэвт Монгол маркны үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ Найрамдлын өндөрлөг, Монгол, Оросын жанжинуудын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм. Түүнчлэн Оросын соёл, шинжлэх ухааны төвд болох ОХУ-д их дээд сургууль төгсөгчдийн чуулган, нэгдсэн өдөрлөгт төлөөлөгчид оролцох ажээ.
М.Балжинням