НийгэмFocusШинэ мэдээ

ШӨХТГ-тай хамтран ажиллана

МҮЭ-ийн холбоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах Санамж бичигт талууд /2020.10.21/ гарын үсэг зурж баталгаажууллаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, иргэд хөдөлмөрчдийн худалдан авах бодит чадварыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох замаар тэдний эрх ашгийг хамтран хамгаалахад санал нэгдэж байгаагаа илэрхийлэв.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны зорилго Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомжийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлэх, хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангахад чиглэж байгаа аж.

Санамж бичигт: -Цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир ус хангамж, нийтийн тээвэр зэрэг монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил, үйлчилгээний үнэ тарифд хамтарсан хяналт шалгалт хийх

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээж байгаа болон гудамж талбайд байршуулсан сурталчилгааны самбаруудын зар сурталчилгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэхэд хамтарсан хяналт шалгалт хийх

-Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах.

-Иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээл дээр шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэхтэй холбогдсон хууль тогтоомж, талуудын үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгчийн боловсрол олгох, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий сургалт, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах.

-Эрсдэл өндөртэй болон улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг салбаруудад /авто зам, барилга г.м/ ажиллагсдын хөдөлмөрийн орчин нөхцлийг судлах, хамтарсан хяналт шалгалт хийх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах.

-ШӨХТГ-аас шилжүүлсэн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж хариу мэдэгдэж байх.

-Зах зээлд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хийх сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын ажилд МҮЭХ-ны төлөөллийг татан оролцуулах.

-МҮЭ-ийн гишүүд, дэмжигч, хэрэглэгч нарт зориулсан танин мэдэхүйн гарын авлага, сурталчилгааны материал гаргах зэрэг асуудлууд туссан байна. Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн акт, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас ноцтой зөрчил дутагдал, гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд зөвлөгөө, зөвлөмж, шаардлага хүргүүлэх зэрэг ажлыг хамтран шийдвэрлэнэ.

Талууд Санамж бичгийн хэрэгжилт, гүйцэтгэлийг тухайн жилдээ дүгнэж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар уулзалт зохион байгуулахаас гадна шаардлагатай тохиолдолд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд бодит мэдээллийг тухай бүрт хүргэж байхаар тогтжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close