ЯрилцлагаЭдийн засагFocusШинэ мэдээ

Д.Дарханбаяр: Эрдэмд боол мэт зүтгэвэл, ирээдүйд хаан мэт өргөмжилнө

“ӨГЛӨӨНИЙ СЭРГЭЭШ” цурвалын 28 дахь зочин Даваасүрэнгийн Дарханбаяр уригджээ.

Төгссөн сургууль: 1989-1993 онд Улаанбаатар хотын Төмөр замын техникумыг цахилгаан техникч мэргэжлээр, 2000-2004 онд ШУТИС-ийн ЭХИС-ийг цахилгаан системийн автоматжуулалтын инженер мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын их сургуульд Эрчим зүйч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

Мэргэжил: Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, Цахилгаан техник ба Эрчим зүйч

Ажилласан туршлага: 1995-2007 онд Эрдэнэт хотын “Дулааны цахилгаан станц” ТӨХК-д реле хамгаалалт автоматикийн цахилгаанчин, цахилгааны засварын мастер, үндсэн тоноглолын реле хамгаалалт автоматикийн инженер, 2007-2017 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцын Цахилгаан техникийн хэсэгт тохируулгын инженер, цахилгааны ашиглалтын мастер, ахлах диспетчераар ажилласан. 2018 оны 7 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженерээр дэвшин ажиллаж байна. Мөн 2014 оноос Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн цахилгаан механикийн тэнхимийн ЦСА-3,4-р дамжааны оюутнуудад “РХА-н тусгай курс”, “Схем техник” хичээлийг зааж, гэрээгээр багшилж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал: 1998 онд Эрчим хүчний сургалтын төвд мастер, 1998-2000 онд Герман Монголын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөлд хамрагдан сургагч инженер багш,  2006 онд ШУТИС-д “Орчин үеийн цахилгаан системийн РХА-н тоон төхөөрөмж” сургалт, 2009 онд ОХУ-ын Новосибирск хотын “СИНЕТИК” сургалтын төвд Автоматикийн чиглэлээр суралцаж, Сиеменсийн контроллёр S-300, MicroMaster ММ4, MasterDrives технологийг судалсан. 2009-2010 онд ОХУ-ын Иркутскийн техникийн их сургуулийн Орос хэлний 1 жилийн бэлтгэл курс, 2011 онд ШУТИС-д “Орчин үеийн микропроцессорын реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийн ашиглалт” сургалт, 2014-2015 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ХАБЭА-н хэлтсээс зохион байгуулсан ИТА, удирдах ажилтны модуль-1, 2, 3 сургалт, 2015 онд Орхон аймгийн Хангайн бүсийн заах арга зүйн төвд Багшлах эрхийн сургалт, 2018 онд Эрчим хүчний салбарын Мэргэшсэн инженерийн сургалтад хамрагдсан.

Чин хүсэл: Сурч мэдсэн зүйл хүний амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болдгийг тэр өөрийн ажил, амьдралын туршлагаас ухаарч, ойлгосон. Тиймээс ч залуучуудын сурч боловсрох, хөгжих үйлсийг уухайлан дэмжиж, мэдэх бүхнээ зөвлөдөг нь урамтай. Та, бидний тав тухтай амьдралын нэгээхэн хэсэг болсон дулаан, цахилгаан найдвартай, тасралтгүй байх нь мэргэжлийн инженерүүдийн ур чадвараас хамаардаг. Д.Дарханбаяр тийм л том хариуцлагыг нуруундаа үүрч, Эрдэнэт үйлдвэрийн илч, гэрлийг түгээж яваа Ерөнхий инженер хүн. Эзэмшсэн мэргэжлээрээ 25 жил ажилласан тэрээр Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлж, 10 гаруй жилд нь уул уурхайтай холбогдсон.

Тэрээр Эрдэнэт үйлдвэрийнхээ цахилгаан хангамж, түүний өртөг зардлыг бууруулах, үр ашиг гаргах чиглэлээр төсөл боловсруулж, энэ хүрээнд ДЦС-ынхаа цахилгаан хангамжийн анхдагч схемийг болон түүний реле хамгаалалт, автоматикийн ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлж, улмаар ДЦС-аас Баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн тодорхой хувийг хангах боломжийг судлан, ДЦС-ынхаа үр ашгаар Эрдэнэт үйлдвэрт бодит хөрөнгө оруулалт хийх чин хүсэлтэй билээ.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Тухайн үеийн нөхцөл байдал, шаардлага өндөртэй зарчимч зангаасаа болж стресстэх, ядрах үе нэлээд гардаг. Энэ үед гэр бүлийнхээ аз жаргалтай, инээд хөөртэй, баяр баясгалантай орчинд орсны дараа л сэтгэл сэргэж, жинхэнэ сэргээш авдаг даа. Хүн ер нь сэтгэлийн амьтан шүү дээ. Ажил үйлс бүтсэн, хамт олноосоо болон удирдах ажилтнаас урмын үг сонссон, мөн хөгжилтэй кино, хошин шог, концерт, спортын тоглолтууд үзсэн үед сэтгэл сэргэж, урам зориг, эрч хүч авах нь олонтоо. Амьдралын туршлагаасаа харахад, удирдах ажил эрхэлж байгаа хүн харилцаа, хандлагын тал дээр маш сайн ойлголттой байж, аливааг зохицуулж явах ёстой юм байна гэж дүгнэсэн.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Манай Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц нь 2018 онд Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэх хүчин чадлыг 4 х 12 МВт-аар нэмэгдүүлж, 53 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай ажиллах болсон. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарын үйлдвэрлэгч компаниудтай харьцуулахад хүчин чадлаараа эхний гуравт буюу ДЦС-4, ДЦС-3-ын дараа орж байгаа юм. Тэгэхээр бидний хувьд тасралтгүй, найдвартай ажиллах, чанартай цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх өндөр хариуцлага хүлээж байна.

Ер нь ДЦС-аас үйлдвэрлэгдэн гарч байгаа цахилгааны болон дулааны эрчим хүчийг нөөцөлж хадгална гэсэн ойлголт байхгүй, үйлдвэрлэл хэрэглээ хоёр нь зэрэг явагдаж байдаг онцлогтой. Тэгэхээр ДЦС-ын ажилтан бүр хийж буй ажилдаа өндөр хариуцлагатай хандаж, засвар үйлчилгээг чанартай хийж, технологийн шинэчлэл өөрчлөлтийг нэвтрүүлэх, үргэлж сурч боловсрох, дадлагажих, аюулгүй ажиллах шаардлагатай. Манай хамт олон ч энэ тал дээр маш сайн ажиллаж, жил бүрийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлэн, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах, хэмнэлт гаргах тал дээр сайн ажиллаж байна.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Миний хувьд өөрийн үндсэн ажлаас гадна төр, олон нийтийн ажлууд эрхэлдэг тул нэлээд ачаалалтай ажилладаг гэх үү дээ. Тухайлбал, 2009-2012 онд ДЦС-ын Залуучуудын холбооны тэргүүн, 2014-2018 онд Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний  эвлэлийн холбооны хяналтын зөвлөлийн гишүүн, 2014 оноос хойш хуучнаар Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд мэргэшүүлэх хичээлээр цагийн багшийн ажлыг тасралтгүй хийж 20 гаруй оюутны төгсөлтийн дипломын ажлыг амжилттай удирдаж төгсгөсөн. Мөн Орхон аймгийн МАН-ын хорооны гишүүн, Уртын гол багийн НАШБ-ын дарга гээд улс төрийн сонгуульт ажлууд хашдаг. Хүн хийж байгаа ажлаа мэддэг байх л чухал.

Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?
-Би 320 ажилтан, албан хаагчтай томоохон байгууллагын захиргаа удирдлагын ажилтан, техникийн дээд удирдлагын үүргийг хүлээдэг. Тиймээс үйлдвэрлэлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, горим төлөвлөгөө, их засвар үйлчилгээ, техник технологийн шинэчлэлт өөрчлөлт, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, шинжлэх ухаан судалгааны ажлуудыг техникийн бодлогын хүрээнд оновчтой төлөвлөх, гүйцэтгэлийг хянах үүрэгтэй ажилладаг.
Эдгээрийг өндөр түвшинд гүйцэтгэж, станцаа ажил үйлсээрээ үйлдвэртээ төдийгүй эрчим хүчний салбарт үргэлж манлайлагч байгууллага болгох зорилго тавин ажиллаж байна. Өөрийн мэдлэг туршлага, үйл хөдлөл, зан харилцаагаар үргэлж манлайлагч байж, хамт олонтойгоо багаар ажиллах, багаар шийдвэр гаргах, хэсгийн дарга, мастер, инженерүүдийнхээ санал санаачилгыг дэмжин ажиллах, зөвлөх, ажилтнуудаа урамшуулах, урам зориг өгөх тал дээр их анхаарч байна. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд тасралтгүй сурч боловсорч, хэлний боловсролдоо анхааран Англи хэлний мэдлэгийн түвшингээ ахиулах тал дээр анхаарч байна.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Би спортод их сонирхолтой. Сагсан бөмбөг, гар бөмбөг, явган аяллын спортоор хичээллэж, амжилт үзүүлж байсан. Эрүүл мэнддээ анхаарч сагсан бөмбөгөөр одоог хүртэл тасралтгүй хичээллэж байна. Бөхийн төрлийн спортууд, бокс, хөл бөмбөг, хөнгөн атлетикийн тоглолт, тэмцээн уралдаан үзэх дуртай. Тиймээс ч мөрөөдөл минь спорттой холбогддог. Одоогоор Олимпын тоглолт үзэхийг л мөрөөдөж байна даа.

-Боловсролын талаарх таны бодол?
-Энэ цаг үед хэлний өндөр мэдлэгтэй, сурсан мэргэжлээ өндөр түвшинд хөгжүүлсэн, арга туршлагатай, мэргэшсэн хүмүүс боломжийн сайхан амьдарч байна. Тиймээс боловсрол мэдлэгээ үргэлж ахиулж байхын төлөө залуучууд маань хичээх ёстой. Орчин цагт мэдээллийн технологийн хөгжилтэй уялдан бие даан сурах бололцоо нээлттэй болсон байна. Би үр хүүхэд, ойр дотнын хүмүүс, ажлын хамт олон, залуучуудад сурч боловсрох тал дээр үргэлж зөвлөдөг. Ер нь хүнд бага ч гэсэн сурсан, чаддаг зүйл илүүддэггүй. Хэзээ нэгэн цагт сурсан зүйл чинь чамд хэрэг болох үе ирнэ гэж зөвлөдөг юм. Миний бодлоор боловсрол маш чухал зүйл. Гэхдээ боловсрол мэдлэгтэй байгаад ажилд хандах хандлага, зан харилцаа тааруу бол бас хэцүү. Энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?

-Би дунд сургуулийн сурагч байхдаа нисгэгч болно гэж мөрөөддөг байсан. Нисгэгчийн дүрэмт хувцастай хүн их л гоё санагддаг байж. Ерөнхий боловсролын сургууль төгсөхөд Нисгэгчийн сургуулийн хуваарь их ховор ирдгийг мэдсэн. Ингээд 8 дугаар анги төгсөхөд Улаанбаатар хотын Төмөр замын техникумын Цахилгаан галт тэрэгний машинист гэсэн хуваарь ирснийг хараад, “Илчит тэрэгний машинист ч гэсэн их гоё дүрэмт хувцас өмсдөг” гэсэн бодол төрж билээ.

1988 онд манай улс Улаанбаатараас Багануурын чиглэлд цахилгаан галт тэрэг тавих томоохон төслийг БНЧУ-тай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ хэлцэл хийсний дагуу цахилгаан галт тэрэгний оператор буюу машинистуудыг бэлтгэхээр анхны элсэлтээ авсан юм билээ. Харамсалтай нь 1990 онд төсөл хаагдаж, манай анги энгийн цахилгааны анги болсон юм. Ингээд цахилгаан техникч гэдэг сайхан мэргэжлийг эзэмшээд өдийг болтол энэ мэргэжлээ ахиулан сурч боловсорч, өдий зэрэгтэй ажиллаж амьдарч явна.

-Залуучуудад хэлэх таны зөвлөгөө?

-Хүнд сурсан юм илүүддэггүй болохоор сурч боловсрохын төлөө хичээхийг зөвлөдөг. “Эрдэмд боол мэт зүтгэвэл, ирээдүйд хаан мэт өргөмжилнө” гэдэг үг их таалагддаг. Энэ үгийн утга учрыг оюутнуудад тавьсан илтгэлийнхээ төгсгөлд тайлбарлаж өгдөг. Бас залуучуудаа нийгмийн идэвхтэй байх талаас нь дэмжиж урамшуулдаг. Ер нь нийгмийн идэвх зүтгэлтэй байснаар залуу хүн хөгжиж, олон нийттэй харилцаж сурахын зэрэгцээ хувийн ур чадваруудаа дээшлүүлэх давуу тал олон бий.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Зууны манлай бүтээн байгуулалт Монгол улсын бахархал болсон энэ сайхан үйлдвэрт ажиллаж амьдарч байгаагаараа бахархаж баясдаггүй хүн гэж үгүй байх. Захиргаа удирдлагын баг, эрдэмтэн докторууд, шилдэг инженерүүдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй өнгөлөг гэрэлтэй, улам өргөжин тэлэхээр харагдаж байна.

Учир нь олон жилийн хүсэл болсон зэс хайлуулан боловсруулах үйлдвэрийг улсын төсвөөр, бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үйлдвэрийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэснийг сонсоод талархаж байлаа. Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчний тоо нэмэгдэж, Эрдэнэт хотын иргэд ажлын байраар хангагдан, ашиг орлого хэд дахин нэмэгдэхийн хэрээр орон нутаг, улс орны минь хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close