Уул уурхайFocusШинэ мэдээ

Тэсрэх бодисын түүхий эд зөөвөрлөх машинтай болжээ

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэрийн нэг тонны савлагаатай түүхий эдийг ачааны галт тэрэгнээс агуулахын талбайд буулгах, тус үйлдвэрээс уурхай руу ачих ажилд ашиглах HD-250 маркийн 20 тонны даацтай, дээрээ крантай автомашинтай болжээ. Өмнө нь түүхий эд 50 кг-ийн савлагаатай ирдэг байсан бөгөөд Ил уурхайн ажилчид гараар буулгадаг байсан аж.

Энэ нь ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй галт тэрэгний сул зогсолт их, зардал өндөр гардаг байсан гэнэ. Харин өнгөрсөн оноос хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагаар нэг тонны савлагаатай болгож, 2020 оны хөрөнгө оруулалтаар уг техникийг анх удаа захиалсан аж.

“Энэхүү машин ажилд гарснаар хөдөлмөр хөнгөвчлөөд зогсохгүй, ажлын бүтээмж нэмэгдэх, зардал буурах олон талын ач холбогдолтой. Хамгийн гол нь ажиллагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдлээ” гэж Ил уурхайн Үйлдвэр техникийн албаны хангамжийн инженер М.Адъяа мэдээллээ.

Тэсрэх бодисын үйлдвэр түүхий эдээ ачихын тулд тусгай зориулалтын машин захиалдаг байсан бол энэхүү машин буулгах, ачих хоёр ажлыг зэрэг нугалах юм.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close