Д.Сүхбаатар жанжны дурсгалын самбарыг шинэчлэв
1920 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрхүүгийн Губерины Коммунист /Б/ намын III бага хуралд жанжин Д.Сүхбаатар оролцон үг хэлсний түүхэн дурсгалд зориулан уг хуралдаан болж байсан, одоогийн Эрхүү хотын Филармонийн байрны хананд 1965 онд босгосон дурсгалын самбарыг шинэчлэн ёслол 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрхүү хотод боллоо.
Ёслолын ажиллагаанд Оросын талаас Эрхүү хотын даргын орлогч бөгөөд хотын нийгмийн бодлого, соёлын хорооны дарга В.В.Барышников, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн К.И.Чеботарев, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч, зөвлөх Ч.Жаргалсайхан тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцов.
Дурсгалын самбар шинэчлэх ажил нь Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 50 жилийн ойг угтсан цуврал арга хэмжээнүүдийн эхлэл болов.