Я.Содбаатар: Ипотекийн зээлийн хүүг 6% болгох асуудлыг Намрын чуулганаар хэлэлцэнэ
Түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг ашиглах болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50% бууруулж чадсан хэмээн Засгийн газар дүгнээд буй. Тэгвэл энэ онд таван хороог шахмал түлш хэрэглэх бүсэд шинээр нэмснээр нийслэлийн агаарын бохирдлыг 80% хүртэл бууруулахаар зорьж байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос танилцууллаа.
Энэ хүрээнд Засгийн газар 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба ипотекийн зээлийн хүүг 8%-аас 6% болгохоор судалж байгааг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тэрбээр “Ипотекийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гараад судалж байгаа. Хүүг 6% болгох асуудлыг Намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна” гэлээ.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд:
- 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцжуулах, гэр хороололд амины орон сууцны дэд бүтцийг шийдэх
- Сайжруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Налайх дүүрэгт хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулах
- Уурын зуухуудыг шинэчилж, усан технологи руу шилжүүлэх, түр дулааны шугамд холбох
- Цахилгаанаар дулаан хангах ажлыг эрчимжүүлж, 21 аймагт хэрэгжүүлэх зэрэг ажлыг төлөвлөснийг Шадар сайд нэмж танилцууллаа.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн болон хийх ажлын талаарх мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор үзүүлж буй гаднын зээл тусламжаас 299 сая ам.доллар нь Монгол Улсад орж ирсэн бөгөөд тухайн мөнгө нь зориулалтаараа зарцуулагдаж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Тэгвэл НҮБ-ын системийн байгууллагуудаас олгож буй тусламжийн хүрээнд хилийн зургаан аймагт PCR аппарат суурилуулсан талаар хэлэхдээ “НҮБ-ын Хүн амын сангийн шугамаар орж ирж байгаа мөнгөөр бид хилийн зургаан аймгийн эмнэлэгт PCR аппарат суурилуулсан. Үүнд Сэлэнгэ, Замын-Үүд, Дорноговь аймаг багтаж байгаа. Гаднын зээл тусламжаар орж ирж буй мөнгөнүүд цаанаасаа зориулалт нь тусгагдан ирж байгаа тул шамшигдаж байгаа зүйл байхгүй. Энэ тухай бүх мэдээлэл долдугаар сарын 20-ноос нээлттэй болсон” гэв.
Мөн Улсын онцгой комисс, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг есдүгээр сарын 15-н хүртэл сунгасан. Тэгвэл ирэх долоо хоногийн УОК, Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэхээр болжээ. Энэ талаар хэлэхдээ “УОК хуралдаад өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 15-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хэрхэн ажиллах вэ гэдгийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. УОК-ын 30 дугаар хуралдаан болно, дараа нь Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гаргана.
Асуудал хариуцаж байгаа хүний хувьд харахад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл буурахгүй байх гэж бодож байна. Гэхдээ дотоодод цар тахал алдаагүй байгаа учраас дотоодод явуулж байгаа худалдаа үйлчилгээний чиглэлийн бүх үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ. Хил нээх тухайд энэ цар тахал хэзээ намжиж улс орнууд хэзээ хилээ нээхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Дэлхий нийтэд ч хилээ нэгээд, өндөржүүлсэн бэлэн байдлаа сулруулаад өвчин дахин дэгдсэн тохиолдол их байна. Тиймээс яг одоогоор хилээ хэзээ нээхийг хэлж мэдэхгүй байна” гэлээ.