Залуу ажилтнууд үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд анхаарлаа хандуулна
Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилтнуудын төлөөлөл уулзаж, үйлдвэрийнхээ ирээдүйд оруулах оролцоогоо тодорхойллоо. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд үйлдвэрийн манлайлагч, шилдэг залуучуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн таван бодлогын нэг нь Хүний нөөцийн бодлого байдаг. Алсын хараатай, үр өгөөжтэй хүний нөөцийн бодлого, зорилтын хүрээнд тус үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”.
Энэхүү хөтөлбөрийг үйлдвэрийн залуу ажилтнуудын дунд хийсэн сэтгэл зүй болон социологийн судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулжээ. Залуу ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, манлайллыг хөгжүүлж, зөв хандлагатай, хариуцлагатай, тогтвортой ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгоход тус хөтөлбөрийн зорилго оршиж байна. Энэ хөтөлбөр нь үйлдвэрийн үнэт зүйл, эрхэм зорилгод нийцэхийн зэрэгцээ хөгжлийн бодлоготой уялдан нэг жилийн хугацаанд үе шаттай хэрэгжинэ.
Энэ хөтөлбөрийн үр дүнд залуу ажилтнуудын сэтгэл ханамж, багаар ажиллах болон мэдлэг чадварын түвшин, шинийг санаачлах хүсэл эрмэлзэл, идэвх санаачилга, хариуцлага хүлээх чадвар зэрэг үзүүлэлтүүд доод тал нь 5 хувиар өснө гэсэн зорилтыг дэвшүүлж байна.
Эрдэнэт үйлдвэр залуу ажилтнуудаа хөгжүүлснээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа чанаржиж, гүйцэтгэл, ажлын бүтээмж дээшлэхийн зэрэгцээ залуу ажилтнаа дэмжих бие даасан бодлого, чиглэлтэй үйлдвэр болж буйгаараа өндөр ач холбогдолтой гэдгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр хөтөлбөрийн танилцуулгад онцлов.
“Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйд залуус бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт тус үйлдвэрийн 4000 гаруй залуу ажилтнаас мэдлэг ур чадвар, үлгэр дуурайллаараа шалгарсан 130 залуу ажилтан оролцсон. Тэдний дунд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан гадаадад суралцаж буй болон шалгаруулалтад тэнцсэн залуу ажилтнуудын төлөөлөл багтсан байна.
Уулзалтын эхэнд, өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар ОХУ-ын Уралын их сургуульд үйлдвэрийн зардлаар суралцаж буй 22 залуу ажилтны төлөөлөл, Засвар механикийн заводын инженер Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-д “Олон улсны түвшний менежер бэлтгэх” хөтөлбөрт суралцсан, ЗХНБГ-ын мэргэжилтэн Г.Номмандах, ОХУ-ын Москва хотын Эрчим хүчний их сургуульд суралцахаар шалгарсан Автотээврийн цехийн залуу инженер О.Ууганбаяр, Англи хэлний ахисан түвшний сургалтад гадаадад суралцах Баяжуулах үйлдвэрийн инженер Б.Октябрь нарын залуус сэтгэгдлээ хуваалцаж, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийг боломж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн дүүрэн цаг мөч болгохыг үе тэнгийнхэндээ уриалав.
Мөн уг үйл ажиллагаанд Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон үйлдвэрийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр, хүнээ хөгжүүлэх бодлого, дэмжлэгээр засварчнаас цехийн дарга хүртэл ажиллаж буй замнал, түүхээ залуустаа ярьж, “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-т оролцогсдод амжилт хүслээ. Тус уулзалтаар, залуучуудаа сонсож, тэдний санал бодол, хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийн талаар түлхүү ярилцах зорилготой ч юуны өмнө, Эрдэнэт үйлдвэрийнхээ өчигдөр, өнөөдөр, маргаашийн тухай тов тодорхой хэлж өгөх нь зүйтэй гэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн илтгэлийнхээ өмнө онцолсон.
Эрдэнэт үйлдвэр хэрхэн байгуулагдсан түүх, туулсан замнал, хөгжил дэвшил, цаашдын зорилтын талаар тэрээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж, үйлдвэрийн маргаашийг хөтлөн авч явах манлайлагч залуу ажилтнууддаа сурч, бүтээх их үйлс нь өндөр байхын ерөөл дэвшүүлсэн. Дараа нь, “Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйд залуусын оролцоо” уулзалтад оролцогчид, үйлдвэрийн удирдлагууд санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгээс залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон шилдэг оролцогчдоос гадаадын их дээд сургуульд магистр болон докторын сургалтад үйлдвэрийн зардлаар суралцуулж дэмжлэг үзүүлэх, дэлхийн нэр хүндтэй үйлдвэр, судалгааны төвүүдэд дадлагажих, туршлага хуримтлуулах сургалт хөтөлбөрүүдэд хамруулах, үйлдвэрийн газрын хүний нөөцийн “нөөц ажилтан”-аар сонгож, манлайллын хөтөлбөрт хамруулж хөгжүүлэх зэрэг шийдвэрийг гаргасан. Ийнхүү, Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилтнууд үйлдвэрийнхээ ирээдүй, хөгжил дэвшил өөд эрч хүчтэй алхах их гараа тавигдлаа.
М.Балжинням
Фото Ш.ЛхамсүрэнСүүлд өөрчлөгдсөн Баасан, 28 8-р сар 2020 11:14