Засгийн газарFocusШинэ мэдээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХ-ний 336 дугаар ангид ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн мягмар гаригт ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангид үргэлжлүүлэн ажиллалаа.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг тус ангийн хүндэт харуулууд угтан авсны дараа ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар ангийн замнал түүх, ололт амжилт, үүрэг гүйцэтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, тулгамдаж буй асуудал зэрэг олон чиглэлээр танилцуулав. Мөн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн байр, ангийн гал тогоо, эмнэлэг, цэргийн халуун ус, зарим зэвсэглэл, техниктэй танилцаж, засаж шинэчлэх ямар объект байгааг газар дээр нь үзсэн юм.

Төгсгөлд нь тэрээр ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлд ямар бодлого баримталж ажиллах талаараа ярилаа. Тухайлбал, “Миний бие 1987-1988 онд алдар түүхт Зүүнбаянгийн энэхүү ангид алба хааж байлаа. Сая ангийн танилцуулга сонсоод сууж байхад та бүхэн анги, хамт олноороо олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.

Миний хувьд энэ салбарт тасралтгүй 35 жил зүтгэсэн хүний хувьд цаашид ямар ажил зохион байгуулах, хууль, эрх зүйг нь хэрхэн шинэчлэх, сургалт бэлтгэлүүдийг яаж илүү үр дүнтэй явуулах гээд олон зүйлийг мэднэ. Ялангуяа, цэргийн жинхэнэ алба хаах тогтолцоог илүү төгөлдөржүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг хангахад түлхүү анхаарч ажиллана. Манай цэргийн алба хаагчид өөрийн ажил, үүргээ зөвхөн цалин авах гэдгээр нь биш бахархал талаас харж байгаасай.

Өнөөдөр цэргийн алба хаагчид улс орны бүтээн байгуулалтыг нуруундаа үүрч, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын далангийн ажлыг 100 хувь хийж дуусгасан. Одоо төмөр зам суурилуулах ажилд оролцож байна. Сүүлийн жилүүдийн улс орны стратегийн хэмжээний бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний алба хаагчид гүйцэтгэсэн” хэмээн онцолсон юм. Мөн үргэлжлүүлэн хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын туслах аж ахуйг хөгжүүлж, өөрсдийн нормын хүнсний хэрэгцээгээ тариалаад, бие бүрэлдэхүүнээ эрүүл хүнсээр хангах ажлыг дэмжинэ.

Энэ нь мэдээж зохистой харьцаанд байх ёстой” гээд зарим тэргүүний офицер, ахлагч нарыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнасныг гардуулан өгсөн юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар маргааш төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй Зэвсэгт хүчний ангиудад ажиллана.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close