ЭМЯШинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, цаашдын хөгжилд нь нөлөө үзүүлдэг салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар. Тэдэнд чанар, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатайгаас гадна тухайн хүний хөгжлийн бэрхшээлээс хамаарч нэмэлт хэрэгцээ шаардлага гарч байдаг. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэндийн салбарт нэлээд олон тулгамдсан асуудал байгааг тэд хэлж байна.

Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтмол ууж хэрэглэдэг зарим эм,тариа, тос зэрэг нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлэх жагсаалтад байдаггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд хэн нэгний тусламжгүйгээр зорчих боломж нөхцөл хангагдаагүй. Тусгай шаардлагад хэрэглэгддэг зарим бүтээгдэхүүн хилээр орж ирэх нь хязгаарлагдсантай холбоотойгоор сүүлийн үед хангалт хүрэлцээ муудах, үнэ нь нэмэгдэх зэрэг асуудал гарч байгаа юм байна. Гэх мэт олон асуудал байгааг төрийн бус байгууллагуудын төлөөлөл хэлж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийх ажил маш их байгаа. Үүнд чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгийг эрүүл мэндийн сайд хэлсэн. Ялангуяа шинээр ашиглалтад орж байгаа эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр барьж байгуулах.

Мөн хуучны барилга байгууламжуудаа ч шинэчлэн сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэх ажил нэн тэргүүний зорилтод туссан гэдгийг хэллээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардагддаг тусгай хэрэгцээт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх бүхий л талын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.





Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close