FocusШинэ мэдээЭМЯ

Д.Нямхүү: Өнөөдөр “сөрөг өдөр” байлаа

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Дэлхий дахинаа 13,659,000 хүн өвчилж, 595,000 хүн эндсэн байна. 7.9 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Сүүлийн 24 цагт АНУ-д 60,000, Бразилд 39,000, Энэтхэгт 24,000 хүн шинээр халдвар авсан байна. Халдварын тархалт улам эрчимжсээр байгааг ДЭМБ-аас анхаарууллаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6,422 хүн шинээр халдвар авч, 156 хүн эндсэн. Манай хил залгаа бүс нутгууд тэр дундаа Эрхүү хотод халдвар эрчимтэй нэмэгдлээ. Иймд хүн бүр амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж  сонор сэрэмжээ алдахгүй байхыг зөвлөж байна.

Манай улсын хувьд өчигдөр 468 хүн шинээр ажиглалтад орж, 269 хүн ажиглалтаас гаран гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо 3,006 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 53 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна.

Сүүлийн 24 цагт 119 дугаар 128 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадын гурван орноос таван иргэн маань холбогдож, зөвлөмж авсан” гэдгийг хэллээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

АНУ-д Долдугаар сарын 15-ны өдөр АНУ-д 60,900 гаруй тохиолдол, 773 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 3,416,000 гаруй болж, 135,900 гаруй хүн эндээд байна. АНУ-ын хувьд нийгмийн эрүүл мэндийн бүх тоон үзүүлэлтийн бүртгэлийг Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд нэгтгэн гаргадаг. Харин энэ удаа COVID-19 халдварын өвчлөл, нас баралтын бүртгэлийг тус улсын Засгийн газрын дэргэдэх Эрүүл мэнд, хүний хөгжлийн департамент дээр төвлөрүүлэн нэгтгэхээр Доналд Трампын засаг захиргаа шийдвэрлэжээ.

Бразил-д өчигдөр 39,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,233 хүн нас барлаа. Тус улсад халдвар авсан хүний тоо өссөн дүнгээр 1,966,000 гаруй болсон бол одоогийн байдлаар 1.2 сая нь эдгэрсэн байна.

Энэтхэг-т сүүлийн 24 цагийн хугацаанд 29,400 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын тоо нэг сая орчим болж байна.

Казахстан-д өчигдөр 1,759 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 63,500 гаруйд хүрлээ.

БНСУ-д өчигдөр 61 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн эндлээ. Шинэ тохиолдлуудын 47 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 14 нь тус улсын дотоодын халдвар байна.

Япон-д өчигдөр 288 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ халдварын дийлэнх нь буюу 280 нь Токио хотод бүртгэгдсэн байна. Иймд Токио хотын эрсдлийн зэргийг дөрөвдүгээр шат руу ахиулжээ.

Австралийн холбооны улс-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 61,000 гаруй сорьцод шинжилгээ хийжээ. Үүнээс 259 тохиолдлыг илрүүлсэн байна. Шинэ тохиолдлуудын 238 нь дангаараа Виктория мужид бүртгэгджээ.

БНХАУ-ын эх газарт өчигдөр дотоодын халдвар бүртгэгдээгүй. Харин гаднаас нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш батлагдсан 335 тохиолдлоос өчигдөр дахин 23 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр дээрх тохиолдлуудаас эдгэрсэн хүний тоо 167-д хүрлээ.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конг-т өчигдөр шинээр 19 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 14 нь хүн амын дундах халдвар байсан талаар Хонг Конгийн Эрүүлийг хамгаалах газраас мэдээлжээ. Хонг Конгт сүүлийн долоо хоногийн турш шинэ халдвар хүн амын дунд тархсаар байна. Үүнтэй холбоотойгоор сургуулиудыг хааж, зайнаас харилцах дүрмийг чангатгаж эхлээд буй билээ. Халдвар анх дэгдсэнээс хойш нийт 1,588 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдсэн” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 15-ны өдөр гурван лабораторид нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр “сөрөг өдөр” байлаа.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүн байна.

Нийт батлагдсан тохиолдол 261 үүнээс эдгэрсэн 209 байна. Эмчилгээнд байгаа 52 хүний биеийн байдлыг үнэлбэл, 51 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа.

Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулах ажил эхэлсэн байгаа” гэв.

ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах: “Долдугаар сар гарснаас хойш нийт таван удаагийн нислэгээр 700 орчим иргэн эх орондоо иржээ. Эдгээр иргэнийг тээвэрлэсэн агаарын 5 хөлөг, 39 тээврийн хэрэгсэл 1076 мкб талбайд Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Өнгөрсөн хугацаанд  тусгай үүргийн онгоцоор ирсэн 14.847 иргэнд тусламж үзүүлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Амар зочид буудал, Баянхангай зочид буудалд тусгаарлагдсан 232 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарсан. 

Мөн Ховд аймагт тарваган тахлын халдвар авсан хоёр хүний бие дунд зэрэг байна. Говь-Алтайн Төгрөг суманд хавхаар тарвага агнасан гэх 15 настай хүүд тарваган тахлыг сэжигтэй шинж тэмдэг илэрч, нас барсан. ЗӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр 15 настай хүүхэд тарваган тахлын үжлээр хүндэрч, нас барсан нь тодорхой болсон.
Тарваган тахал бол 30-100 хувийн нас баралттай, коронавирусээс дутахгүй хор хөнөөлтэй өвчин.

Иймд олон нийтийн сүлжээгээр олон дагагчтай хүмүүс тарвага агнасан, хорхог боодог хийсэн зургийг нийгмийн сүлжээнд оруулж байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан анхааралдаа авч, арга хэмжээ авах шаардлагатай” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close