“Коронавируст халдварын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” хэлэлцүүлэг боллоо
Улсын гуравдугаар төв эмнэлэг, Тайваний үндэсний их сургуулийн эмнэлэгтэй 2009 оноос хойш хамтран хэрэгжүүлж буй “Монгол Тайваний итгэл” буюу “NTUH-HOPE” хөтөлбөрийн хүрээнд “Коронавируст халдвар (COVID19)-ын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдэвт 2 орны туршлага солилцох хэлэлцүүлгийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Тайваний Худалдаа, Эдийн Засгийн Төлөөлөгчийн Газрын төлөөллүүд оролцсон бөгөөд Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгийг төлөөлж “Эмнэлгийн халдвар хяналтын төв”-ийн профессор Yee-Chun Chen, Улсын гуравдугаар төв эмнэлгийг төлөөлж Зүрх судлалын тасгийн их эмч, АУ-ны магистр, клиникийн профессор Х.Мөнгөн-Өлзий нар “Коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний талаар туршлага солилцох илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Тус эмнэлэг, “Монгол Тайваний итгэл” буюу “NTUH-HOPE” хөтөлбөрийн хүрээнд 2009-2020 оны хооронд байгууллагынхаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Тайваний үндэсний их сургуулийн эмнэлэгт тархины харвалт, мэдрэлийн эмгэгийн дүрс оношилгоо, харвалтын үеийн сэргээн засах эмчилгээ, бөөр орлуулах эмчилгээ, хоол боловсруулах эрхтэн судлал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний чиглэлүүдээр урт, богино хугацааны сургалтанд хамруулж, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ Тайваний үндэсний их сургуулийн эмнэлгээс дээрх чиглэлүүдээр зочин профессорын багийг урьж ажлын байран дээрх сургалт, семинарыг үе шаттайгаар зохион байгуулан ажилладаг билээ.