Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав
Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдах ажилтнуудын ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, нийгмийн цехүүдийн удирдлагууд, эдийн засагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат Эрдэнэт үйлдвэр 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойших нийгмийн бодлогын хэрэгжилтийн түүхэн товчоон, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажил, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилаа. Түүнчлэн ажиллагсдын аюулгүй байдлыг ханган, хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, байгалийн баялгаас олох орлогод тулгуурлан, төрийн зохицуулалттай нийгмийн хамгааллыг хэрэгжүүлж, ажиллах хүчний материаллаг, оюун санааны, нийгмийн хэрэгцээг зохистой түвшинд ханган, амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлж ирснийг онцлов. Энэ үеэр нийгмийн цех, нэгжид олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Орхон аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнав. Мөн таван жилийн хугацаанд монгол стандартад тохирсон сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг орос сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс