“Дэлхий даяар байдал хүнд байхад бид сонор сэрэмжээ алдаж болохгүй”

Эрүүл мэндийн яамнаас Шинэ коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 11,537,000 хүн өвчилж, 536,000 хүн эндсэн байна. 6.5 сая хүн эдгэрсэн бол 4.4 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 165,000 хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барсан.
Сүүлийн хоногт АНУ-д 52,000, Бразилд 26,000, Энэтхэгт 23,000 хүн шинээр халдвар авсан байна. Энэтхэгт анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн олон халдвар бүртгэгдсэн нь өчигдөр байлаа. ОХУ-д өчигдөр 6,736 хүн халдвар авч, 134 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүс нутгуудад 29-130 тохиолдлоор халдвар нэмэгдсэн.
Манай улсын хувьд өчигдөр 134 хүн шинээр ажиглалтад орж, 89 хүн ажиглалтаас гарлаа. Одоо ажиглалтад 2,763 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 89 хүн эмчлэгдэж байгаагийн гурвынх нь бие хүнд байна. Гэрийн ажиглалтад 563 хүн байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хяналт тавьж байгаа.
Сүүлийн 24 цагт 119 дугаарт 154 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, БНСУ-аас гурван иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа” гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд шинээр 203,000 тохиолдол, 5,000 гаруй нас баралт бүртгэгдлээ. Халдварын тоогоор АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Их Британи, Перу, Итали, Чили зэрэг улс тэргүүлж байна.
АНУ: Долдугаар сарын 5-ны өдөр АНУ-д 52,000 гаруй тохиолдол 271 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 2,841,000 гаруй болж, 129 мянган хүн эндээд байна.
Бразил: Тус улсад өчигдөр 26,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 602 хүн нас барлаа. Тус улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 1,603,000-д хүрч, 64,800 гаруй энджээ. Халдвар авсан хүмүүсээс нийт 906,000 гаруй нь бүрэн эдгэрсэн бол одоогоор 631,000 хүн идэвхтэй халдвартай байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
БНЭУ: Тус улсад өчигдөр 24,800 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 673,000-д хүрлээ. Энэ нь халдвар анх дэгдсэн цагаас хойших тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Халдвар улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон нутгийн захиргаанаас Таж Махалыг хаах шийдвэр гаргажээ.
ОХУ: ОХУ-д халдвар өссөн дүнгээр 681,00 гаруй болж, 10,100-д хүрлээ.
Казахстан: Тус улсад III сарын 14-нд анх халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 47,000 гаруй халдвар бүртгэгдэж, 240 хүн эндээд байна. Гуравдугаар сарын сүүлээс эхлэн хатуу хөл хорио тогтоож байгаад тавдугаар сараас хязгаарлалтын арга хэмжээг цуцалж эхэлсэн. Ийм шийдвэр гаргах хүртэл тус улсад бүртгэгдсэн халдвар 8,000 гаруй байсан бол хязгаарлалтыг цуцалснаас хойш ердөө сар гаруйн хугацаанд халдвар тав дахин нэмэгдэж 47 мянгад хүрээд байна. Иймд Казахстан улс хязгаарлалтын арга хэмжээг дахин хэрэгжүүлж, үсчин гоо сайхан, фитнес, дэлгүүр зэрэг нийтийн үйлчилгээний бүх газрыг хоёр долоо хоногийн хугацаатай хаахаар болжээ.
Солонгос: Тус улсад өчигдөр 48 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн эндлээ. Шинэ тохиолдлуудын 24 нь дотоодын халдвар бол 24 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
Япон: Тус улсад өчигдөр 208 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн 111 нь зөвхөн Токио хотод бүртгэгдсэн байна.
Австрали: Тус улсад сүүлийн 24 цагийн дотор 94 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 74 нь Виктория мужид бүртгэгдсэн байна. Тус мужид зайнаас харилцах дүрмийг мөрдүүлэхээс гадна халдвар дэгдсэн орон нутгуудад бүрэн хөл хорио тогтоогоод байгаа юм.
БНХАУ: Тус улсад өчигдөр шинээр 4 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 3 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол нэг нь Бээжин хотод бүртгэгдсэн байна. Бээжин хотын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр зургаадугаар сарын 11-ний өдрөөс хойш Шинфади хүнсний захтай ойролцоо дүүргүүдэд ихэвчлэн өвчлөл бүртгэгдсэн байна. Мөн нийт тохиолдлуудын 47 хувь нь дээрх захад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байжээ. Өссөн дүнгээр 335 болсноос 11 нь эдгэрсэн байна.
Хонг Конг: Өчигдөр 10 шинэ тохиолдол бүртгэгдсэний найм нь гаднаас зөөвөрлөгдсөн бол хоёр нь дотоодын халдвар байжээ. Дотоодод бүртгэгдсэн тохиолдлын нэг нь нийтийн хоолны газарт, нөгөө нь хувийн клиник эмнэлэгт ажилладаг бөгөөд гадагшаа зорчсон аяллын түүхгүй гэж мэдээлсэн байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 5-ны өдөр гурван лабораторид нийт 334 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор хийсэн долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан 220 тохиолдлоос 188 хүнийг эмчилж эдгээлээ. 32 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл, 30 нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа.
Мөн ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. Охинтой болсон. Өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 134 хүнийг Дархан-Уул аймагт тусгаарласан” гэв
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Иргэд гадуур амны хаалтгүй явах нь ихэслээ. Мэргэжлийн байгууллагын зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
Д.Нарангэрэл: Халдвар дэлхий даяар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Халдварын тохиолдол эхний гурван сарын хугацаанд нэг саяар тоологдож байсан бол одоо зургаахан хоногийн хугацаанд сая, саяар нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас ч цар тахлын байдал улам дордож байгааг анхааруулж буй. Гэвч манай иргэдийн анхаарал нь суларч байгаа нь харамсалтай.
Дэлхий даяар байдал ийм хүнд байх үед иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй. Алхам тутамдаа гараа савандаж угааж, амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай байна.
-Тусгаарлалтын 21 хоногийн хугацааг багасгах боломжгүй юу?
А.Амбасэлмаа: Бид тусгаарлан ажиглах хугацааг 21 хоног болгосноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Өвчлөл ямар байгаа улсаас иргэд ирж байгааг харж байж шийднэ.
Ямартай ч сүүлд ирсэн таван онгоцноос халдварын батлагдсан тохиолдол илэрсэнгүй. Нөгөө талаар, одоогоор бид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор иргэдээ татаж байна.
Бид тусгаарлалтын хоногийг заавал 21 гээд хатуу бариад байхгүй. Улс, орнуудаас татан авч байгаа иргэдийн дотроос батлагдсан тохиолдол илэрвэл нарийвчлан судалдаг.
УОК-ын шийдвэрээр долдугаар сарын 15-ныг хүртэл тусгаарлалтын хугацаа 21 хоног хэвээр байна. Цаашдаа иргэдийн татан авалт болон өвчлөлийн нөхцөл байдлаас хамаарч бид мэргэжлийн зүгээс энэ асуудлыг тавина.
-Ирүүлгийг иргэдийн дунд шинжилгээ хийх үү ?
А.Амбасэлмаа: ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу коронавирусийг илрүүлэхдээ PCR-ийн найдвартай шинжилгээг хийж байгаа. Цар тахал өргөн тархсан бүс нутагт халдвар авсан эсэхийг түргэвчилсэн тестээр эхлээд илрүүлэг хийдэг.
Харин манай улсын хувьд, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа найдвартай оношлохын тулд улсын хэмжээний зургаан лабораторид хангалттайгаар хийж байгаа. Тийм учраас хэрвээ манай улсад дотоодод өвчлөл тархвал төлөвлөлтийнхөө дагуу л үйл ажиллагаагаа зохион байгуулна.
-ДЭМБ-ын оношийн хар жагсаалтад манай улс орсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
А.Амбасэлмаа: Тэр бол худлаа мэдээлэл байна. Харин бидний зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлоо оношилж, эмчилж байгааг ДЭМБ-аас үнэлсэн. Цаашид өөрийн улсад тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүл гэсэн зөвлөмжийг өгсөн.



