Хаврын тариалалт 73,4 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээгээр 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 356.8 мянган га-д улаанбуудай, 38.2 мянган га-д малын тэжээл, 41.0 мянган га-д тосны ургамал, 14.9 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн байна.
Өнөөдрийн байдлаар хаврын тариалалт улсын хэмжээгээр 73,4 хувьтай явагдаж байна. Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ,тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт ажлын байрыг хадгалах, газар тариалангийн гаралтай бараа бүтээгдэхүүний хангамж нөөцийг нэмэгдүүлж дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах зорилгоор энэ жил хаврын тариалалтыг нэмэгдүүлэхээр ХХААХҮЯам тариаланчид ногоочидтой хамтран ажиллаж ажиллаж байна.
Салбарын сайд Ч.Улаан өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн зарим бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц байдалтай танилцлаа. Улсын хэмжээнд үр тариа 83.6 хувь үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 40 хувьтай явагдаж байна. Улаанбуудайн тариалалт ихэнхи нутгаар дуусч, малын тэжээл, тосны ургамлын тариалалт газар тариалангийн бүс нутагт ид явагдаж байна.
Төв аймгийн хувьд энэ жил үр тариа 87,7 мян.га, үүнээс улаанбуудай 78,5 мян.га, төмс 7,8 мян.га, хүнсний ногоо 1,6 мян.га, таримал тэжээлийн ургамал 11,5 мян.га, тосны ургамал 10,5 мян.га-д тариалахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээгээр хаврын чийг хаалтын ажлыг 26730 га талбайд, хийж, өнөөдрийн байдлаар \2020.06.04\ аймгийн хэмжээгээр үр тарианы тариалалт 53,3 мян.га буюу 68,3 хувьтай, улаанбуудай 50,9 мян.га 64,8 хувь, тосны ургамал 2,5 мян.га 24,3 хувь, төмс 7,8 мян.га 99,6 хувь, хүнсний ногоо 575,3 мян.га 36,0 хувьтай тус тус тариалалт үргэлжилж байна гэж Төв аймгийн ХААГ-ын дарга Б.Жамбалдорж танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Энэ жил нийтдээ 495.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Гэвч гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хаврын тариалалтыг 15-20 хувиар нэмэгдүүлэхээр ХХААХҮЯам ажиллаж байна. Хаврын тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тариалалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, үр шатахуун, бордоо ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг шуурхай зохион байгуулах аж.
Мөн улаанбуудай, төмс хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний тарималуудын хангамжийг тогтворжуулах зорилгоор тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор ажиллаж байна. Нөхцөл байдалтай уялдуулаад хүнсний нөөцөө бүрдүүлэх, хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангахын тулд аль болох тариалалтыг нэмэгдүүлэх бодлогыг хаа хаанаа сайн ойлгож, тариалалтдаа тусгаж байгаа тариаланчид, ногоочиддоо талархаж байна гэлээ.