Уул уурхайШинэ мэдээ

Т.Батмөнх: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардал хэмнэнэ

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзаж, үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн ажил болон цаг үеийн асуудлыг хөндөн ярилцлаа.

-Ярилцлагынхаа эхэнд та, Онцгой дэглэмийн үед шат дараатай авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд үйлдвэрийн Ерөнхий захирлын А/139 тоот тушаал гарсан. Уг тушаалын дагуу тасралтгүй ажиллагаатай дөрвөн чиглэлийн штаб байгуулсан. Миний хариуцсан штаб үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллана. Тус штаб нь гурван багц ажил хариуцан хийж байна. Нэгдүгээрт, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн нэмэлт орлого олох даалгавартай. Зах зээл дээр зэсийн ханш унаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед харилцагч орнуудад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдсон. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр нийт 120-иод нэр төрлийн бүтээгдэхүүн авч үйлдвэрлэлийнхээ технологид ашигладаг. Үүний 50-иад нэр төрлийн бүтээг-дэхүүнийг өмнөд хөршийн үйлдвэрүүдээс шууд авдаг. Энэ бүтээг-дэхүүнийг үйлдвэрлэдэг үйлд-вэрүүдийн үйл ажиллагаа зогссон. Иймээс үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах манай штаб нөөц бүрдүүлэх ажлыг хийж эхэлснээр харьцангуй энэ цаг үед бэлтгэлтэй орсон. Тухайлбал, үйлдвэр маань гадна, дотнын байгууллагад өр төлбөргүй байгаа. Өөрсдийн хэмжээнд хэрэгцээтэй бараа, материалаа нөөцөлж чадсан нь бидэнд давуу тал олгосон. Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгаврын хүрээнд бид 300 мянган тонн хүдрийг жилд төлөвлөгөөнөөс илүү боловсруулах болсон. Зэсийн металл авалтыг 0,4 хувиар, молибдены металл авалтыг 3,5 хувиар өсгөнө. Өөрөөр хэлбэл металл авалтаа өсгөн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, орлого нэмж олох зорилготой ажиллаж байна. Одоогийн байдлаар бид үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон нэмэлт даалгавраа биелүүлээд явж байна.

-Танай штаб гурван цогц асуудал хариуцан ажиллана гэж дурдлаа. Нөгөө хоёр нь ямар ажил хийхээр төлөвлөөд байна?

-Хоёрдугаарх нь, томоохон төслүүдээ хөдөлгөн үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил байгаа. Ингэснээр ирээдүйд үйлдвэрийнхээ найдвартай ажиллагааг хангана. Жишээ нь: Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг барина. Энэ ажлын гэрээ байгуулагдаад явж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл эхэлчихсэн. Зураг, төсвийн ажил хийгдсэн. Барилга байгууламж, суурийн ажлын зургийг цахимаар хүлээж аваад хөндлөнгийн хяналтаар оруулах шатанд явж байна. Энэ ажлыг бид төлөвлөгөөгөөр 2021 оны наймдугаар сард дуусгаж, залгах ёстой. Одоогийн байдлаар гаднын мэргэжилтнүүд ирэх боломжгүй ч бид энэ ажлыг цахимаар хийж байна. Мөн ЗМЗ-ын Цутгуурын цехийн хэвний технологид хүйтнээр хатуурах холимгоор хэв барих хагас автомат шугам нэвтрүүлэх ажлыг бид гүйцэтгэсэн. Ингэхдээ, Цутгуурын цехийн үйл ажиллагааг зургаан сар зогсоож технологийн шинэчлэлийн ажлыг хугацаандаа дуусгалаа. Герман улсын мэргэжилтнүүд ирж тохируулга, залгалтын ажил хийх байсан нь коронавирусээс шалтгаалан ирж чадаагүй. Манай инженер, техникийн ажилтнууд Германы мэргэжилтнүүдээс цахимаар зөвлөмж авсны дагуу тохируулга, залгалтын ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Одоо бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байна. Түүнчлэн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар секцийг 12 сая тонн хүдэр хүлээн авах хүчин чадалд хүргэн өргөтгөх ажил байгаа. Уг ажлын тендерийг шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдаад явж байна. Гурав дахь нь, Эмульсний тэсрэх бодисын үйлдвэр барьж байгуулах ажил байна. Манай тэсрэх бодисын үйлдвэрийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглочихсон. Энэ нь тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг онцгой объект. Тэгэхээр үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд энэ үйлдвэрийг шинээр барих ёстой. Уг үйлдвэр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад явж байна. 

-Үйлдвэрлэлийн шинэчлэлийн бодлогын хүрээнд өөр ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Химийн төв лаборатори барьж ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна. Зураг төслийн тендерийн шалгаруулалт явагдаж байна. Гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг явуулж, уг ажлыг энэ онд эхлүүлнэ. Дараагийн ажил нь Цэвэр усны гуравдугаар шугамыг барьж байгуулна. 2021 он гэхэд бид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг өргөтгөн жилд  35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрэх ёстой. 2023 онд манай хүдэр дэх зэсийн агуулга  эрс буурна. Иймээс 2021 оны 8-р сард Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг нэмж барихаар төлөвлөөд байна. Ингэснээр зургаан сая тонн хүдэр нэмж боловсруулна. Энэ ажил эхэлсэн. Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар секцийг өргөтгөх ажил  явагдаж байна. Үүнтэй уялдаж цахилгаан хангамжийн асуудал гарч ирдэг. Хуучин 63 МВт-ийн трансформатор ашиглан цахилгаанаар хангадаг байсан. Энэ хүчин чадлаа 80 МВт хүргэн өргөтгөх шинэчлэлийн ажил 2020 онд хийгдэнэ.                    

-Таны дурдсан шинэчлэлийн ажлуудыг хийхэд хүндрэлтэй асуудал бий юу?

-Ус хангамжийн асуудал байна. Манай үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэнээр технологид шаардлагатай усан хангамж хүрэлцэхгүйд хүрнэ. Тэгэхээр бид цэвэр усны гуравдугаар шугамыг зайлшгүй барьж байгуулах ёстой. Уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар Ерөнхий эрчим зүйчээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгэхээр Хятадын компани шалгарууллаа гэх юм уу, тендерт оролцогчдоос ямар нэгэн гомдол гардаг учраас үүнийг би дахин тодруулж хэлж байна.                 

-Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унасан, нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан улс орон даяар эдийн засгийн хэмнэлтийн бодлого барьж байна. Манай үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өртөг зардлаа бууруулах зорилт тавьсан. Энэ талаар жаахан тодруулна уу? 

-Зардал хэмнэх ажил явагдаж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүд нэгдсэн төлөвлөгөө боловсруулсан. Нэг талаас нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Нөгөө талаас зардал хэмнэнэ гэсэн үг. Тэгэхээр сайн зохион байгуулалт, сахилга дэг журам, мэргэжилтнүүдээс ур чадвар шаардана. Энэ ажлыг хэрэгжүүлснээр оны төгсгөлд  25,9 тэрбум төгрөгийн зардал хэмнэж 17,6 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Оны эхний дөрвөн сард бид үйлдвэрийн төлөвлөгөөнөөс илүү 6,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. 1,9 тэрбум төгрөгийн зардал хэмнэлээ. Ийм байдлаар явбал оны төгсгөлд бидний зардлын болон нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөө хангалттай биелнэ. Энэ ажилд манай штаб хяналт тавьж, зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.  

-Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн нөөцгүй ажилладаг, тоног төхөөрөмжийг жилд нэг удаа зогсоож, дараагийн жил найдвартай ажиллах боломжийг хангах зорилгоор их засвар хийдэг. Энэ онд тоног төхөөрөмжүүдийн их засварын ажил хэдийд хийгдэх вэ?

-Жил бүр 7-р сарын эхэнд 48 цаг зогсоод тоног төхөөрөмжөө залгадаг. Энэ жил сонгууль давхацсан учраас 7-р сарын 31-ээс 8-р сарын 2-ны өдрүүдэд байнгын ажиллагаатай тоног төхөөрөмжөө зогсоох төлөвлөгөө гарсан. Ерөнхий захирлын А/56 тоот тушаалын дагуу их зогсолт хийх, бэлтгэл ажлыг хангана. Үүнтэй уялдуулан Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн 52-р шийдвэр гарсан. Ингэснээр их зогсолт хийх, бэлтгэл ажлыг хангах штаб байгуулагдаад ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрөв дэх удаагаа штаб хуралдлаа. Хүн хүч, тоо хэмжээ, хийх ажлын цар хүрээ гарсан. Их зогсолттой холбоотой сэлбэг, хэрэгсэл материалын худалдан авалтын ажиллагаа ид явагдаж байна. Одоогийн байдлаар их засварын ажилд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, сэлбэг материалын 20 хувийг үйлдвэртээ хүлээж аваад байна. Үлдсэн хувийг нь 7-р сарын сүүлч хүртэл хүлээн авна. Манай үйлдвэрийн Худалдан авах бодлогын газар тодорхой төлөвлөгөө гарган долоо хоног бүр штабын хурлаар биелэлтээ танилцуулж байгаа.

-Дэлхий нийтэд тархсан коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Дэлхий нийтэд цар тахлын дэгдэлт тархсанаас Монгол улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэр дундаа Эрдэнэт үйлдвэр онцгой дэглэмтэй, өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж буйг та бүхэн мэднэ. Үйлдвэрийн дүүрэгт гамшгаас хамгаалах 24 цагийн тасралтгүй үүрэг бүхий штаб Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ахлуулан ажиллаж байна. Улс, орон нутгийн Онцгой комиссоос өгсөн шийдвэрүүдийг Эрдэнэт үйлдвэр маш өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэвэл хамгийн их хүний урсгал бий болж буй газар Эрдэнэт үйлдвэр. Нэг ээлжинд 30 гаруй автобус дүүрэн хүн ирдэг. Тэгэхээр улсын Онцгой комиссоос нэг дор олон хүн бөөгнөрүүлэхгүй байх чиглэл өгсөн. Иймд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өндөр түвшинд хийж байна. Нийгмийн цехүүдэд хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллагчдынхаа цалинг бүтэн өгч ажиллуулж байна. Иймээс энэ цехийн хүмүүсийг ариутгал халдваргүйтгэлийн ажилд хяналт тавин ажиллуулж байгаа. Нөгөө талаар, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өдөрт гурван удаа хийж байна. Энд онцгой комисс ажиллаж, орж гарсан хүмүүсийн биеийн халууныг үзэж байна. Гаднын байгууллагуудын хүмүүсийн хөдөлгөөнийг хориглосон. Ажиллагчдын нэг автобус хүнээ буулгасны хойно дараагийн автобус зорчигчдоо буулгах жишээтэй. Нөгөө талаар, “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлалтын бүс бий болгоод орж ирсэн хүмүүсийг тусгаарлах арга хэмжээ авч байна. Тэнд ажиллаж буй эмнэлгийн хүмүүсээ аюулгүй ажиллах хувцас, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, хяналтын камер бусад хэрэгцээтэй зүйлсээр хангаад явж байна.

-Үйлдвэрлэлийн технологит ашигладаг бодис, сэлбэг хэрэгсэл, бараа материалын хүрэлцээ хэр байна вэ?

Хангалттай байна. Бид аваарын нөөц бүрдүүлж ажилладаг. Өөрөөр хэлбэл үйлдвэр тасралтгүй хоёр сар ажиллах нөөц бүрдүүлж явдаг. Технологийн материалууд дээр нөөц бүрдүүлж ашиглаад, нөхөж бүрдүүлээд явж байгаа. Үйлдвэрлэлийн хувьд хэцүүдэж тасалдах юм алга. Манай үйлдвэрийн уурхайчид хагас цэрэгжилтийн байдлаар ажилладаг. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралд бид бэлтгэлтэй ажиллаад сурчихсан. Эрдэнэт үйлдвэр дансандаа мөнгөтэй байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бараа материалаа худалдаж аваад нөөцөлсөн байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш төлөвлөснөөс унасан ч нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэг авсан штабууд үйлдвэрлэлээ хэвийн явуулж байна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close