Орон нутагЭрүүл мэнд

Д.Алтанзул: Олон улсын Сувилагчдын нийгэмлэгээс биднийг үнэллээ

Жил бүрийн 5 дугаар сарын 12-нд Олон улсын Сувилагчдын өдрийг тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оныг “Сувилахуй, эх барихуй”-н жил болгож, эл өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагчийн оролцоо” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч энэ оны эхээр дэлхий нийтийг түгшээж, олон оронд цар тахлын хэмжээнд тархаад буй шинэ төрлийн коронавирус буюу “ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах хорио цээрийн дэглэмээс шалтгаалан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хойшлоод байгаа юм.

Тэр тусмаа “ковид-19” халдварын эрсдэл бүхий иргэдтэй нүүр тулж,  ажиглалт, тусгаарлалтын халуун цэгт эмч, сувилагч, эмнэлгийн арын албаны ажилтнууд амралт чөлөөт цагаа хойш тавин, амсхийх завгүй ажиллаж байна. Ачааны хүндийг үүрч буй сувилагчдын ажил байдлын талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Сувилахуйн албаны дарга Д.Ариунзултай ярилцлаа.

-“Ковид 19”-тэй тэмцэх онцгой цаг үед та бүхэн ажиллаж байна. Их ачаалал үүрэхийн зэрэгцээ хариуцлага ч нэмэгдэж буй. Хэчнээн сувилагч, ямар горимоор ажиллаж байна вэ?

-“Эрдэнэт” сувиллын цогцолборт 50 гаруй сувилагч харьяалагдаж, зарим нь үйлдвэрийн нийгмийн цехүүдэд байршиж ажилладаг. Оны эхнээс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд зөвлөмж заавар өгөх гээд амралт, чөлөөт цаг багатай ажиллаж байна. Бид Эрдэнэт үйлдвэрийн ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр тутам ажилчдын автобусанд биеийн дулааныг нь үзэж байна. Мөн ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байр болон цех нэгжүүд, үйлдвэрийн бүсэд шалган нэвтрүүлэх байранд биеийн дулаан үзэх, хяналт тавих ажлыг тогтмолжууллаа. Шалган нэвтрүүлэх байранд манай сувилагч нар 24 цагийн ээлжээр ажиллаж байна.

Ажилтан бүрд гар угаах, амны хаалт тогтмол зөв зүүх зэрэг урьдчилан сэргийлэх бүх талын заавар зөвлөмж өгч, хэвшүүллээ. Ажиглалтын байранд 109 иргэний тандалт шинжилгээ хийх, тусгаарлалтад манай сувилагч нар дөрвөн ээлжээр ажилласан. Эхний ээлжид Франц иргэнтэй ойрын байж болзошгүй 12 иргэнийг тусгаарлаж, тэнд 5 эмч, 9 сувилагч, 5 үйлчилгээний ажилтан ажилласан бол дараа нь Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 97 иргэнийг ажиглалтын байранд байрлуулж, хамгаалах хувцсаа хэрхэн өмсөх, халдвар хамгааллыг хэрхэн авах болон эмнэл зүй, сэтгэл зүйн зөвлөмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэлээ. Удахгүй дараагийн ээлжийн буюу ОХУ-аас ирэх иргэдийг хүлээж авч, байрлуулах ажиглалтын байрны бэлтгэлээ бүрэн хангаад ажиллаж байна.

Үүний зэрэгцээ Сувилахуйн албанаас сувилагч, мэргэжилтнүүд, үйлчилгээний болон хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын онцгой нөхцөл байдалд ажиллах чадамжийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Олон төрлийн цахим сургалт зохион байгуулж, мэргэжлийн нарийн зөвлөмж бүхий 9 төрлийн хичээл зааж байна. Тухайлбал, тоног төхөөрөмжөө бүрэн эзэмших, хамгаалах хувцас хэрэглэх, уян зүүг яаж тавих гэх зэрэг цуврал хичээл бэлтгэн мэргэжилтнүүдээ сургаж байна. Ажиглалтын байранд эмч бүр нэвтэрч, хүн бүхэнд биечлэн зөвлөгөө өгөх боломжгүй тул бид бүх заавар зөвлөмж  багтаасан “Дуугүй хөтөч” мэдээллийн цомгийг өөрсдөө хийж, өрөө бүрд байрлуулсан. Эндээс тусгаарлалтад буй иргэд хууль, эрх зүйн болоод өөрсдийн хүлээх үүрэг, эрхтэй танилцахаас гадна ажиглалтын байранд ямар дүрэм заавар дагаж мөрдөх, дархлаа дэмжих эрүүл хэв маягийн талаарх мэдлэг мэдээллийг эзэмших боломжтой.

-Энэ жилийн сувилагчдын өдөр коронавирусын хорио цээрийн улмаас ажил ихтэй өнгөрөх бололтой. Хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөтэй байна вэ?  

-Бид жил бүрийн Сувилагчдын өдрийг угтаж, олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөдөг. Энэ жилийн тухайд ч төлөвлөгөө боловсруулсан. “Ковид-19” тархалттай холбоотойгоор төлөвлөгөөнд өөрчлөлт орж, зарим үйл ажиллагаагаа өөр хэлбэрээр зохион байгуулах болсон. Тухайлбал, сувилагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилготой онол практикийн бага хурлаа цахим хэлбэрээр хийнэ. Онол практикийн бага хурал “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагчийн оролцоо” сэдвээр хоёр үе шаттай явагдана. Энэ сарын сүүлээр шилдэг илтгэлүүдийг тодруулна. Манай сувиллын сувилагч нарын илтгэл сүүлийн таван жил аймаг, улсад төдийгүй олон улсад тасралтгүй шалгарсан. АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган”-д амжилттай оролцож байна. Мөн сувилагчдын ажил үйлсийг сурталчлах, алдаршуулах үйл ажиллагаа цаг хугацааны хувьд хойшилж байгаа ч ондоо багтаан төлөвлөгөөт бүх ажлаа хэрэгжүүлнэ.

-Саяхан олон улсын Сувилагчдын нийгэмлэгээс хоёр сувилагч шагнагдсан байна. Манай сувилагчдыг мэргэжлийн байгууллагаас нь үнэлсэн үнэлгээ байх?

-Монголын Сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн саяхан манай аймагт TV5 телевизийн “Хүн чанар” нэвтрүүлгийн зураг авалтын багтай ирсэн. Тус нэвтрүүлэгт гурван аймгийн сувилагчдын төлөөллийг оролцуулахаар сонгосны нэг нь манай Орхон аймаг. Энэ үеэр “ковид-19” тархалтаас сэргийлэх, ажиглалт тусгаарлалтын  байранд  идэвх зүтгэлтэй ажилласан 5 сувилагчийн хөдөлмөрийг үнэлэн Олон улсын болон Монголын сувилагчдын нийгэмлэгүүдийн дээд шагнал болох “Цагаан зүрх, “Алтан гарт сувилагч” шагналуудыг гардууллаа.

“Эрдэнэт” сувиллын цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасгийн бага эмч Я.Цэцэгмаа Олон улсын Сувилагчийн нийгэмлэгийн “Цагаан зүрх” шагнал хүртсэн бол сувилагч Д.Лхагважав  Монголын Сувилагчдын нийгэмлэгийн “Алтан гарт сувилагч” шагналын эзэн боллоо. Энэ сувилагч нар маань ажиглалтын байранд 36 хоногийн турш тусгаарлагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөмж заавар өгч ажилласан. Манай ажилтнуудын ажлыг газар дээр нь үзэж, үнэлсэнд бид баяртай байгаа. Ингээд хүнд хэцүү үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, хариуцсан ажил үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа нийт сувилагч, мэргэжилтнүүд хамтран зүтгэгчдэдээ Олон улсын Сувилагчдын баярын мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн биднийг дэмжин, нэг баг болон  ажилладаг удирдлага, хамт олондоо талархлаа илэрхийлье.

Холбоотой мэдээ

Back to top button
Close