Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай болно
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон 14 гишүүдийн өргөн барьсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.
Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7 дахь заалтад Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж заасан.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой байдал, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн билээ.
Хуулийн эцсийн хэлэлцүүлгээр төслийн талаарх зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулжээ. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Урт хугацааны буюу Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа” 30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжпийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байна.” гэснийг “30 хүртэл жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Алсын хараа” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого байна.” гэж, төслийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтын “бодлогын үндэс байх бөгөөд улсын, салбар, салбар хоорондын, бүсийн болон орон нутгийн урт хугацааны бодлогыг бүс нутаг, байршлаар төлөвлөсөн байна.” гэснийг “бодлого, төлөвлөлтийн үндэс байна.” гэж тус тус өөрчлөхөөр боллоо.
Мөн төслийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “09 дүгээр сарын 01-ний” гэснийг “2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “7/Эдийн засаг, хөгжил, төлөвлөлтийн яам” гэснийг “Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам” гэж тус тус өөрчлөх Ажлын хэсгийн санал дэмжигдлээ.
Түүнчлэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр зүйлд “1/Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;” гэсэн агуулгатай заалт нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ингээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь дэмжин хууль батлагдлаа.
Тус хууль батлагдсанаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг хангаж боловсруулан батлах шинэ тогтолцоо бий болох ач холбогдолтой.
Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад тавигдах шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан бодлого батлах таатай нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байна.
Улмаар салбар, бүс, засаг захиргааны нэгж тус бүр алс хэтийн бодлогогүй, уялдаа муутай бодлогын баримт бичгийг тус тусдаа боловсруулдаг байдал цэгцэрнэ. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа сайжирснаар улс, орон нутгийн төсвийн, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд илүү оновчтой болж, үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах ач холбогдолтой.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын чиг үүргийг зохистой ялгамжтайгаар тодорхой заасан нь оролцогчдын хариуцлагыг бодитой болгох зэрэг эерэг үр дүнтэй юм.