Нийгэм7 хоног

У.Хүрэлсүх: Засгийн газар нийгмийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

–  Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдлээ. Улсын хэмжээнд 1088 сургалтын төв байна. Мөн төгсөх ангийн сурагчдад танхимын сургалтаар сургууль тус бүр давтлага өгч их дээд сургуулийн элсэлтэд бэлдэх нөхцлөөр хангахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав. Давтлагыг УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг удаад  анги танхимд 10-аас хэтрэхгүй сурагч, сургуулийн хэмжээнд 40-50 хүртэл сурагч байхаар тооцож ажиллахыг үүрэг болгов.

–  Улсын тэргүүний сумдыг шалгарууллаа. Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Ховд аймгийн Булган, Хэнтий аймгийн йБаян-Овоо сум Улсын тэргүүний /загвар/ сумд болжээ.

Мөн өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан дууссаны дараа ээлжит бус хуралдааныг яаралтай горимоор зарлан хуралдуулж, Коронавируст халдвар /COVID-19/-ын тархалттай холбогдуулан эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн яамнаас санаачлан боловсруулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулснаар Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж баталлаа. Үүнд дараах дөрвөн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.

1.  0-18 насны хүүхэд бүрт 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 70.000 төгрөгөөр нэмэгдүүлж 100.000 болгон олгоно. Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авна.

2.  Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд  олгож байгаа хүнсний талоныг 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр 122 мянган  насанд хүрэгч 32.000 төгрөг,  118.2 мянган хүүхэд  тус бүр 16.000 төгрөгийн хүнсний талоны дэмжлэг авч байх юм.

3.  Нийгмийн халамжийн сангаас сар бүр дараах иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн  нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01- ний өдөр хүртэл хугацаанд тус бүр 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Үүнд, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, одой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 62,6  мянган иргэн хамрагдана.

4.  Малчдын орлогыг нэмэгдүүлж, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу малчдад тушаасан ноолуурын нэг килограмм тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.  Урамшууллыг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын А данс дахь ямааны тоог үндэслэн олгох аж.

Эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 793 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Санхүүжилтийн эх үүсвээрийг Төсвийн тухай, Засгийн газрын нөөц сангийн тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг холбогдох хуулиудад нийцүүлэн шийдвэрлэсэн гэв.

Дэлхийн нийтийг хамраад буй Коронавируст цар тахлын улмаас цуцлагдсан улс, тив дамнасан томоохон арга хэмжээнүүдэд зарцуулагдахаар төсөвлөсөн мөнгө, сургууль боловсролын үйл ажиллагааг зогсоосноос хэмнэгдсэн зарим төсөв гэгчилэн хуримтлагдсан мөнгийг зориулалтыг нь өөрчлөх байдлаар дээрхи багц арга хэмжээний санхүүжилтийг хийх боломжтой гэж үзжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүн бүрт тааруулж биш, нийгмийн эрх ашгийн төлөө Засгийн газар шийдвэр гаргалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэлхий нийтийг заналхийлж буй Коронавируст халдварын тархалтын үед иргэдээ улс орноо, иргэдийнхээ амь насыг хамгаалахын тулд УОК-ын шийдвэрийг дагаж биелүүлнэ ”гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close