ЭМЯВидеоЭрүүл мэнд

Дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас 2020.04.13-ний өөдрийн ээлжит мэдээллийг хийлээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  Азийн орнуудын хувьд Япон улс нэлээд анхаарал татаж байна. Сүүлийн 24 цагийн дотор тус улсад 500 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Ингэхдээ эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг дагаж ирсэн ар гэрийн хүмүүс өвдөж, эмнэлгээс шалтгаалсан халдвар маягаар тархаж байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас аль болох эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсаар байгаа юм.

Манай хойд хөршөд халдвар нэлээд эрчтэй нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт л гэхэд ОХУ-д 2,186 шинэ тохиолдол бүртгэгдэж,24 хүн нас барсан. Улаан-Үдэ хотод нийт 77 хүн өвчилсөн, үүнээс 13 нь бага насны хүүхэд байна. Эрхүү мужид 33 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь хүүхэд байна. Тус улсад бага насны хүүхэд өвдөх нь их байгаа учраас манай улсын иргэд ч хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөж байна.

Дөрөвдүгээр сарын 11-нд Алтанбулагийн боомтоор 281 зорчигч орж ирж тусгаарлагдсан. Эдгээр хүмүүс нь 2-3 газрыг дамжиж ирсэн эрсдэлтэй. Өнөөдрийн байдлаар нийт 1,678 хүн ажиглалтад байгаа бөгөөд жирэмсэн болон зүрх, судасны өвчтэй 14 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Одоогоор тэдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн байна” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: “Сүүлийн 24 цагийн дотор COVID-19 халдвар АНУ-д  долоо дахин нэмэгдэж нэг хоногийн дотор 31,606 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1,620 хүн нас баржээ. Испани улсад дөрөв дахин, Итали улсад гурав дахин, Франц улсад халдварын тархалт тав дахин нэмэгджээ. Харин нас баралтын хувиар, Франц улс хамгийн өндөр буюу 13 хувьтай байна. Түүнчлэн Итали, Испани, Франц, Герман зэрэг өвчлөл өндөр байсан орнуудад өнгөрсөн долоо хоногт халдвар буурах хандлага ажиглагдаж эхэлсэн. Дэлхий дахинд өнөөдөр 213 улс, орон нутаг дэвсгэрт COVID-19 бүртгэгдэж, нийт 1.8 сая хүн энэ өвчнөөр өвчилж 1.3 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна.

Энэ өвчин эрүүл мэндийн салбарын нөөцийг шавхаж, дэлхийн эдийн засгийн хямрал, нийгмийн байдлыг алдагдуулаад байна. Мөн энэ халдварын нас баралтын хувь нь томуугаас 10 дахин өндөр байна. COVID-19 цар тахал зөвхөн эрүүл мэндийн гамшиг биш учир олон салбар, нийгмийн бүх давхаргын хамтын ажиллагааг шаардсаар байгаа юм. Зарим улс хөл хориог цуцлах шийдвэр гаргаж байгаа.  Гэхдээ ийм шийдвэр гаргахдаа:

  • Тархалтыг хяналтдаа авсан эсэх,
  • Нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдаагүй байгаа эсэх,
  • Асрамжийн газар болон хорих анги зэрэг тусгай нөхцлүүдэд халдвар тархах эрсдлийг бууруулсан эсэх,
  • Ажлын байр, сургууль зэрэгт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх,
  • Зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг хянаж чадаж буй эсэх,
  • Иргэд нь урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг дагаж мөрдөж байгаа үед хөл хориог цуцлахыг ДЭМБ-аас улс, орнуудад зөвлөж байна” гэсэн мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 532,000 гаруй, нас баралт 21,400 гаруй болсон байна. Халдварын цөм Нью-Йорк мужид эсрэг бие үзэх шинжилгээ хийх талаар мужийн захирагч шийдвэр гаргажээ. Халдвар аваад эдгэрсэн хүнд дархлаа тогтсон байх учиртай тул хүн амын дунд тархалтыг тогтоох зорилгоор энэ төрлийн шинжилгээг өргөжүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Мөн олон нийттэй харилцаж байгаа ажилчдад амны хаалтыг үнэгүй олгох чиглэлийг бүх ажил олгогч нарт үүрэг болгосон тушаалыг Нью-Йорк мужийн захирагч гаргажээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Франц улсад 315, Италид 431 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс буурсан байгаа бол Испанид 619 нас баралт бүртгэгдэж, өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна.

Турк улсад халдвар эрчимтэй тархаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдлын тоо 4,789-өөр нэмэгдэж, нийт халдвар авсан тохиолдлын тоо 56,956 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.

Ням гарагт Япон улсын нийслэл Токио хотод халдварын шинэ тохиолдол 166 бүртгэгдсэнээр нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 2,000 гаруй болжээ. Бүс нутгаар нь харах юм бол Токио хот тэргүүлж, Осака, Канагава, Чиба, Сайтама хотууд удаалсан байна. Япон улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 7,400-д хүрсэн бөгөөд 150 нас баралт бүртгэгджээ. Үүнээс 12 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч байсан байна. Японы Засгийн газраас гар утасны байршлаар хүмүүсийн хөдөлгөөн, бөөгнөрлийг хянаж байгаа. Онц байдал зарласан ч хүмүүс томоохон худалдааны төвөөр үйлчлүүлсэн хэвээр байгаа учир бөөгнөрлийг багасгах талаар ард иргэддээ анхааруулсаар байна.

 БНСУ-д эдгэрсэн 111 хүнээс дахин халдвар илэрсэн талаар тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн албаны газрын захирал мэдээлжээ. Эдгээрийн дийлэнх нь Тэгү болон хойд Кёнсан аймагт бүртгэгдсэн байна. Өвчтөнүүдэд эсрэг бие үзэх шинжилгээ хийж эхэлжээ. Эсрэг бие үүссэн тохиолдолд тухайн хүн халдвар аваад эдгэрсэн гэж үзэх ба цааш дамжуулахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

 ДЭМБ-ын мэдээлснээр өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын эсрэг гурван вакциныг эмнэл зүйн туршилтын шат буюу хүний бие дээр туршиж үзэх үйл ажиллагаа ид хийгдэж байна. Мөн 67 нэрийн вакцин эмнэл зүйн туршилтын өмнөх шатандаа байгаа.

  1. Эмнэл зүйн туршилтыг хамгийн анх гуравдугаар сарын 16-нд АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн болон “Moderna” компанийн хамтран гаргаж авсан вакцин дээр эхлүүлсэн байгаа.
  2. Түүний дараа дөрөвдүгээр сард АНУ-ын “iNova Pharmaceuticals” компанийн вакциныг хүний бие дээр турших ажлыг эхлүүлсэн.
  3. Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотын биотехнологийн хүрээлэнгийн гаргаж авсан вакциныг гуравдугаар сараас эмнэл зүйн туршилтад оруулжээ” гэв

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм. Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарч, хяналтад байна. 13 хүн эмчилгээ хийлгэж, лабораторийн хяналтад байна.

Өчигдөр/2020.04.12/ 232 шинжилгээ хийлээ. Үүнээс дээрх нэг батлагдсан тохиолдол илэрч, бусдаас нь коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ажиглах байранд байгаа БНСУ-аас ирсэн 110, Цэргийн төв эмнэлэг дэх 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4, тандалтын шугамаар шинжилгээ хийсэн 13 хүнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар 225 хүн ажиглалт, эмчилгээ, эмчийн хяналт дор байна. Эдгэрч гарсан хоёр хүн ажиглах байранд 14 хоног байгаад гарсан. Давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Одоо гэрийн хяналтад шилжсэн ч 14 хоног шинжилгээг авч, хяналт дороо байлгана” гэсэн мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа.ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ОХУ-аас орж ирсэн иргэдийг хаана, хаана тусгаарласан бэ?

А.Амбасэлмаа: ОХУ-аас нийт 282 хүн хилээр орж ирснээс 111 нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бол Улаанбаатарт 169 хүн ирсэн. Улаанбаатарт орж ирсэн хүмүүсээс 149-г нь ажиглах гурван байранд тусгаарласан бол 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

ХӨСҮТ- тусгаарласан 20 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа бөгөөд тэдгээрээс нэг нь одоогоор коронавирусийн халдвар авсан нь батлагдаад байна.

Бид эдгээр хүмүүст тандалт судалгаа хийж байна. Мөн тэдэнтэй хамт хойд хилээр орж ирсэн бүх хүнийг нэг, нэгээр нь тусгаарласан байгаа учраас бидний ажиглалт, тандалтад байгаа. Энэ нь бүх хавьтлуудыг хяналтдаа авсан гэсэн үг. Бид нийт 149 хүнээс шинжилгээ авсан. Маргааш гэхэд хариу нь гарна.

-ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа франц иргэний биеийн байдал ямар байгаа бол?

А.Амбасэлмаа: Франц улсын иргэний биеийн байдал сайн байгаа. Гэхдээ бид тухайн вирус ялгараагүй болсон цагт нь эмнэлгээс гаргана.

Тодруулбал, бид өвчтөнүүдээс гурван өдөр дараалсан, таван төрлийн шинжилгээгээр коронавирус илрээгүй бол эмнэлгээс гаргана гэсэн үг.  Шинжилгээ тандалтад хяналтад байна.

-ОХУ-д халдвар авсан хоёр хүн байгаа. Тэр хоёр хүн дээрх хүмүүстэй хамт орж ирсэн үү?

Д.Нарангэрэл: ОХУ-д халдвар авсан хоёр иргэнийг авчраагүй. Хэрвээ Улсын онцгой комиссоос авчрах шийдвэр гаргавал Эрүүл мэндийн яам халдвар хамгааллын дэглэмийг нь сайн сахиулан авчрах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Хүний газар өвчтэй байгаа иргэнээ орхих нь манай улсын Үндсэн хуульд нийцэхгүй.Хэрвээ тухайн хоёр иргэнийг авчрахаар бол бусдад халдвар тараахгүйгээр, халдвар хамгааллын бүх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг тавьж байгаа.

-Дэлхийн бусад улс, орнууд гадаадад халдвар авчирсан иргэнээ тээвэрлэн эх оронд нь аваачсан тохиолдол бий болов уу?

Б.Янжмаа: Халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан тохиолдлуудыг эрүүл хүмүүстэй хамт тээвэрлэн авчрах нь халдвар хамгааллын дэглэмийг зөрчих учраас олон улсын дүрэмд хориглодог. Тиймээс ч халдвартай иргэдийг аль улсын нутаг дэвсгэрт байгаагаас үл хамааран тэнд нь эмчлүүлж эдгэрсний дараа зөөвөрлөдөг. Ийм тохиолдлууд өнгөрсөн хугацаанд маш олон улсад гарсан. Тухайлбал, Япон улсын Diamond Princess усан онгоцонд 50 гаруй өөр улсын иргэншил бүхий хүмүүс байсан ч тэдгээр улс, орнууд өөрийн иргэдээ Япон улсын эмнэлгүүдэд эмчлүүлэн халдваргүй болсных нь дараа тээвэрлэсэн гэдгийг онцлох ёстой. Өөрөөр хэлбэл улс, орнууд халдвар авсан өөрийн иргэдээ тус улсад эмчлэгдээд, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд татаж авч байсан. Харин тусгаарлан тээвэрлэж, зөөсөн ганц л тохиолдол байгаа нь АНУ уг хүлэг онгоц дээр халдварын тохиолдол улам нэмэгдэж байсан учраас бүх халдвартай иргэнээ цэргийн нэгдсэн онгоцоор тээвэрлэн өөрийн улсад карантилж эмчилсэн байдаг.

-Автомашиныг улсын дугаар нь тэгш, сондгойгоор явуулах асуудал яригдаж байна. Үүнд Эрүүл мэндийн яам ямар байр суурьтай байгаа вэ?

Д.Нарангэрэл: Автомашиныг тэгш, сондгой дугаараар нь явуулах асуудлыг мэргэжлийн байгууллагын хувьд бид дэмжихгүй байгаа. Учир нь хүмүүсийг хоорондоо дөрвөн метрийн зайнаас харьцахыг ДЭМБ-аас зөвлөж байна. Тийм байхад тэгш, сондгой дугаараар нь явуулах шийдвэр гаргавал нийтийн тээврийн хэрэгсэлд иргэдийн бөөгнөрөл үүснэ.

Холбоотой мэдээ

Back to top button
Close