ЭМЯЭрүүл мэнд

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 1 иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагийн дотор шинээр дөрвөн оронд халдвар бүртгэгдэж, нийт 200 оронд халдвар гарлаа. АНУ-д халдвар хамгийн эрчтэй байна, түүний дараагаар Итали орж, Испанид мөн халдвар эрчимжиж байна. Тус улсад бүртгэгдэж буй тохиолдол БНХАУ-ыг давах магадлал өндөр байна. Дэлхийн маш олон орон хөл хорио, хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Ингээд хязгаарлалтын арга хэмжээг зөрчвөл өндөр торгуультай байх зохицуулалт хийсэн.

Манай улс өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж, халдвар тархах эрсдэл МАШ ӨНДӨР гэж үнэлсэн” гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч иргэддээ хандан мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгосон байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Путин онцолсон байна.

Украин улс нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа. Энэ хүрээнд гуравдугаар сарын 27-ноос эхлэн агаарын болон төмөр замын хилээ хааж байна.

Финланд улсын нийслэлд халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан нислэлийг тойрсон бүсэд хөл хорио тогтоолоо. Одоогийн байдлаар тус улсад бүртгэгдсэн халдварын тоо 880, нас баралт 3 байна.

Арабын Нэгдсэн Эмират улсад өнөөдрөөс эхлэн Ням гараг хүртэл оройны 20:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээвэр болон хүмүүсийн хөдөлгөөнийг бүрэн хориглож, гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болсон байна.

БНСУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ халдвар 104, нас баралт 5 бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд тус улсад гаднаас халдвар импортлогдон ирэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ Баасан гарагаас эхлэн АНУ-аас ирэх иргэд өөрийгөө 14 хоног тусгаарлах журам мөрдүүлэхээр болсон.

Гуравдугаар сарын 25-ны өдрийн мэдээгээр дэлхийн 165 улс үндэсний хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Үүн дээр 10 гаруй улс хэсэгчилсэн байдлаар зогсоогоод байгаа. Ингээд нийтдээ 1.5 тэрбум буюу нийт суралцагсдын 87 хувь сургууль завсардсан байдалтай байна” гэв.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:  Он гарсаар нийт 3500 хүн тусгаарласнаас яг одоо 2126 иргэн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 хүн тусгаарлагдсан бөгөөд хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан.

Энэ хоёр иргэний нэг нь Монгол, Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж явсан иргэн бөгөөд 37.2 хэмийн халуунтай, хоолой өвдсөн зовуурьтайгаар тусгаарлагдсан.Одоогоор халуун нь буурсан байна. Хоёр дахь иргэн нь бие зарайж байна гэсэн зовуурьтайгаар Якутаас дамжиж ирсэн.

Түүнчлэн Замын-Үүдээр 33 иргэн орж ирснийг мөн тусгаарласан. Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна” гэлээ.

Үргэлжлүүлэн “Бид тусгаарлах байруудын бэлэн байдлыг хангах, бэлтгэхэд нэлээд анхаарч байна. Ялангуяа, тусгай үүргийн онгоцоор гаднаас иргэдийг авчрах шийдвэр гарвал тохирсон бэлтгэлүүдийг хийж байна. Тусгаарлах байруудыг амралт, сувилал, зочид буудал, их, дээд сургуулийн болон МСҮТ-ийн дотуур байрууд гэсэн эрэмбээр гаргахаар судалж байна. Ингээд эхний удаад Улаанбаатар хотод болон хотыг тойрсон тусгаарлах байранд нийт 20,000 хүнийг хэрхэн тусгаарлаж болох талаар судалгаа гаргасан.

Түүнчлэн орон нутгийн чиглэлийн бүх галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа бөгөөд галт тэргэнд явж буй бүх хүний халууныг 2-3 удаа үзэж, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлаж байгаа. Мөн Түргэн тусламжийн дуудлагад маш сайн хяналт тавьж байна. ЯТТТөв нь 1,393 дуудлага авснаас ихэнх нь 0-5 хүртэлх насны хүүхдийн болон төрөхийн, осол гэмтлийн дуудлага байжээ. Харин томуу, томуу төст өвчин амбулаторийн 1.8 хувийг эзэлж байна” гэлээ.

Дараагийн Тусгаарлах байранд сувилал амралт, оюутны дотуур байрыг ашиглах гэсэн судалгаа гарсан. Эхний ээлжинд 20 мянган хүнийг хэрхэн тусгаарлах вэ гэсэн чиглэлд судалгаа гаргаж, бэлтгэл хангаж байна. Орон нутгийн галт тэргэнд мэргэжлийн эмч нар ажиллаж зорчиж буй иргэдийн биеийн халууныг үзэж байна. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол галт тэрэг дотор гараагүй” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нийт 221 хүнд шинжилгээ хийж дууслаа. Үүний дотроос нэг иргэн шинэ коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдлоо. Мөн тандалтын зорилгоор цуглуулсан нийт 25 сорьцод коронавирус илрээгүй байна. Нэг сэжигтэй тохиолдол өчигдөр /2020.03.25/ ХӨСҮТ-д ирсэн бөгөөд нийт 184 хүн хянагдаж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг бид байнга хянаж байна. Өнөөдрийн илэрсэн шинэ тохиолдол хяналт дотор байсан хүмүүсээс илэрсэн” гэв.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал болон ХӨСҮТ-ийн ерөнхий захиарал Д.Нямхүү нар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

-Одоо шаардлагатай байгаа эмнэлгийн ямар ямар тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байна вэ?

Я.Буянжаргал: -Бид эмнэлгийн ямар нэг тоног төхөөрөмжийг захиалахдаа ДЭМБ-аас COVID-19 халдварын эмчилгээ оношилгоонд зайлшгүй шаардлагатай гэж гаргасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг хамгийн түрүүнд хардаг.

Дараа нь нэгдсэн эмнэлгүүд болон төрөлжсөн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартад байдаг амьсгалын болон халдвартын чиглэлийн тоног төхөөрөмжийнхөө жагсаалтыг харж, өмнө нь маш олон рентген болон амьсгалын аппарат авсан.

Одоо дараагийн захиалгадаа дээрх тооцооллоо хийсний үндсэн дээр шинээр дэлгэх гэж байгаа орнууд, тэр дундаа эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чиглэлээр дэлгэх орнууддаа нэн шаардлагатай амьсгалын аппарат, зөөврийн болон суурин рентген аппарат, хэт авианы аппарат зэргийг захиалж авч байгаа. Шат дараатайгаар тоног төхөөрөмжөө захиалан авч байна.

-Нэг хүний эмчилгээний зардал хэдэн төгрөг болж байгаа бол?

Д.Нямхүү: -Хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд нэг хүний эмчилгээний зардалд өдөрт 800 мянга орчим төгрөг зарцуулагдаж байна. Учир нь манай нэг баг сувилагч, асрагч, үйлчлэгч, эмч нартайгаа нийлээд долоон хүний бүрэлдэхүүнтэй. Хоногт тухайн өвчтөн дээр эмч, сувилагч хэдэн ч удаа орж, гарах шаардлага тулгарч болно. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж, эмчилгээ хийх, өвчтөнөө эргэх хугацаа харилцан адилгүй.

– Тусгаарлалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэдээс давтан шинжилгээ авах уу?

Д.Нямхүү: -Бид тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсийг бүгдийг нь хянаж байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр хүмүүсийг хяналтад байх хугацаанд нь шинжилгээ хийж байгаа. Тусгаарлах байрааас гараад гэртээ дахин 14 хоног тусгаарлагдах хугацаанд нь ч давтан шинжилгээ хийнэ.

– Сүүлд илэрсэн тохиолдлын хавьтлууд тодорхой болсон болов уу?

Д.Нямхүү: -Бид одоогоор сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад тандалт судалгааг хийж байна. Бидний зорилго бол энэ халдварын цааш тархаахгүй байх явдал юм.  Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс нэлээд зохион байгуулалттайгаар ирсэн нь бидний давуу тал болж байна.

Холбоотой мэдээ

Back to top button
Close