ЭМЯЭрүүл мэнд

“Иргэд үргэлжлүүлэн 14 хоног гэртээ тусгаарлах үүргээ зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ”

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд нийт 191 улсад COVID-19 өвчлөл бүртгэгдсэн байна. Өвчлөл бүртгэгдсэн орнуудаас Итали, Испани, АНУ-д өвчлөлийн тархац, нас баралтын тоо өндөр байна. Байдал өдөр тутамд өөрчлөгдөж байна. Тухайлбал, өнөөдрөөс эхлээд хоёроос дээш хүн нэг дор цуглавал үүнийг бөөгнөрөл гэж үзэхээр болсон. Хоёр хүн хоорондоо хамгийн багадаа хоёр метрийн зайтай харьцах шаардлагатай байна. Ажиглалтаас гарсан хүмүүсүргэлжлүүлэн гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлана. Гэхдээ эмнэлэгт гурван удаа даван шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.

Баримтлах дэглэм нь:

  • Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарлахаас гадна ажиглана,
  • Гар утасныхаа байршил тогтоогчийг байнга асаалттай байлгана,
  • Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзэж, харьяалах эмчид утсаар болон цахимаар мэдээлнэ,
  • Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл 119,103, 80086829 зэрэг утсанд мэдээлэх ёстой.
  • Гэрээсээ гарахыг хориглоно. Гэр бүлийн гишүүнтэй ойр байхгүйг хичээх,
  • Хэрвээ тухайн иргэд гэрээсээ гадагшаа гарах, интернэтээ унтраасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Мөн энэ хүмүүсийг сум, дүүргийн засаг захиргаа болон хүчний байгууллага хамтран гэртээ 14 хоног байхад нь хяналт тавина” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэлэхдээ “COVID-19 халдварын 292,142 тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдэж, нас баралт 12,784 бүртгэгдсэн байна. Африкийн бүсийн дөрвөн улсад шинээр халдвар бүртгэгдсэн бол дэгдэлт эрчимтэй байгаа Европын бүсэд нэг хоногийн дотор 20 мянга орчим тохиолдол шинээр нэмэгдэж, 1,000 хол давсан нас баралт бүртгэгджээ.

Ихэнх улс орнууд иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Сургууль цэцэрлэгийг хаах, зорчигч тээврийг хязгаарлах, зогсоох зэрэг арга хэмжээ авахын зэрэгцээ шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. ДЭМБ-аас Европын бүсэд зориулан гэртээ тусгаарлагдах үедээ дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх заавар гаргасан байна. ДЭМБ-аас батлагдсан хөнгөн, хүнд гээд бүх тохиолдол болон тэдгээрийн бүх хавьтлыг тусгаарлахыг зөвлөж байгаа.

Иймд тархалтын дараагийн шатанд бэлдэхдээ аймаг, дүүргүүд харьяаллын хүн амдаа зориулж хэдэн тусгаарлах байр хаана гаргахыг урьдчилан тодорхойлох ажлыг хийж байна.  Түүнчлэн ДЭМБ-ын нэрийг ашигласан цахим гэмт хэрэг ихсэх  хандлагатай байгаа тул иргэд, байгууллагууд “ДЭМБ-аас” гэсэн утга бүхий  и-мэйл ирсэн тохиолдолд нягтлан шалгаж, хувийн мэдээллээ алдахгүй байхыг анхааруулж байна” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл нийт 3,222 хүнийг тусгаарлан ажиглалтад авжээ. Одоогийн байдлаар 2,033 иргэн тусгаарлалтад байна. Өчигдрийн байдлаар Орхон аймагт 44 сэжигтэй тохиолдол нэмэгдэж, нийт 86 хүн тусгаарлалтад байгаа. Харин бусад аймгууд болон сувиллын газруудад 24 цагийн дотор хүн нэмэгдээгүй байна. Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гудамж талбайд халдваргүйтгэл хэрхэн хийх талаар болон ажиглалтаас гарч буй иргэдийг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах шийдвэрийг гаргасан.

Тэднийг тусгаарлан ажиглах хяналтыг орон нутгийн нэгжүүд буюу хороон дарга, сайн дурын идэвхитэн, хэсгийн ахлагч нартай хамтран ажиллахаар болсон. Мөн бид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дархлааг дэмжих талаар Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банк болон НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бид эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байранд нь дадлага сургалтуудыг хийгээд явж байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад байгаа болон эмчлэгдэж буй өвчтөнүүдтэйгээ хамт 14 хоног тусгаарлагдан ажиллаж буй эмч, сувилагч ариутгал үйлчилгээний ажилтан гээд нийт 206 хүн байна. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээнд хувийн эмнэлэг болон сувиллын орыг дайчилж байгаа. Мөн цаашид дайчлах 243 эмнэлэг, сувиллын орны тоог гаргаж байна. Эрчимт эмчилгээний эмч нарын тоог овог нэртэй нь гаргаж, шаардлага гарсан тохиолдолд сэлгүүлэн ажиллах тооцооллыг бүрэн хийсэн.

Түүнчлэн COVID-19 халдварт дайчилж болохгүй яаралтай тусламжийн буюу гэмтлийн, хүүхдийн, төмөр замын эрчимт эмчилгээний орууд, төрийн тусгай хамгаалалтын болон төрөх тасгийн орууд бий. Тэдгээрийг эхний ээлжид дайчлахгүй ч шаардлага гарсан тохиолдолд тэнд ажиллаж буй эмч нарыг сэлгэх төлөвлөгөө боловсруулсан” гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ “Итали, Испани, Франц, Герман болон АНУ, Иран зэрэг улсуудад халдвар хамгийн өндөр тархалттай байна. Итали улсад Ням гарагт нас баралтын 651 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс бага зэрэг буурсан үзүүлэлт хэдий ч шинэ халдварын тохиолдол 5,000 орчмоор нэмэгдсэн байна. Франц улсад өдөрт 4,000 гаруй сорьцод лабораторийн шинжилгээ хийж байгаа ч төдийлөн хангалттай биш байна. Энэ хугацаанд халдвар тээгч иргэд халдварыг цааш улам тараах аюултай учраас бүртгэгдсэн албан ёсны тоо нь бодит биш гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. АНУ-ын хувьд халдварын голомтын цөм нь Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужууд байна. Эдгээр мужид холбооны Засгийн газраас туслалцаа үзүүлэх шийдвэр гаргажээ. Тухайлбал, Калифорн мужид нийт 2,000 ор, үлдсэн хоёр мужид тус бүр 1,000 ор дэлгэх хүчин чадалтай зөөврийн эмнэлгийг хувийн хамгаалах хэрэгсэл болон эм, эмнэлгийн хэрэгсэлтэй яаралтай хүргүүлэх арга хэмжээ авжээ.

АНУ-д үндэсний хэмжээнд 30,000 гаруй хүн халдвар авч, 400 гаруй хүн нас бараад буй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нью-Йорк мужийн захирагч мэдээлэл өгөхдөө “Манай улсад 1930-аад оноос хойш хамгийн хүнд хэцүү цаг үе тулгараад байна. Нөхцөл байдал 4,5 дугаар сард болон цаашид улам хүндрэх төлөвтэй байна” хэмээн мэдэгдсэн.

Халдварын тархалтыг хумих зорилгоор улс, орнууд хөл хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, БНСУ-д COVID-19 халдварыг гаднаас зөөвөрлөх тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор Европын улсаас ирсэн бүх зорчигчдод заавал шинжилгээ хийх, тусгаарлах арга хэмжээ авах болжээ. Ням гарагт тус улсад халдварын тохиолдол шинээр 98 бүртгэгдсэний 15 нь Европ болон Америк тивд зорчсон иргэдтэй холбоотой байжээ. Мөн АНЭУ-д хоёр долоо хоногийн хугацаанд гадаадаас ямар зорчигч тээврийн онгоц хүлээж авахгүйгээ мэдэгдсэн. Түүнчлэн тус улсын нислэг үйлдэгч компани гуравдугаар сарын 25-наас эхлэн ачаа тээврээс бусад бүх нислэгээ үйлдэхгүй болж байгаа аж.

Саудын Арабт өнөөдрөөс эхлэх 19:00-06:00 цагийн хооронд иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон бөгөөд энэ хориг гурван долоо хоногийн хугацаанд үргэлжлэхээр болжээ. ЮНЕСКО-гийн мэдээллээр дэлхийн 124 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Энэ шийдвэрт нийт 1.2 тэрбум сурагч хамрагдаад байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэхдээ “Гуравдугаар сарын 18-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн архаг хууч өвчтэй, өндөр настай 24 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүйг мэдээлж байсан. Уг онгоцоор ирээд Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

10 хүний биеийн байдлын талаар мэдээ өгье. Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Бусад иргэний биеийн байдал дунд зэрэг, тогтвортой байна. Франц иргэний уушгийг CTI аппаратаар оношлоход нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь хэлсэн. Гарахад нь “Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе” гэсэн мэссэжийг араас нь бичжээ. Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ” гэсэн мэдээллийг өглөө.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Халдвар батлагдсан тохиолдол нэмэгдвэл амьсгалын аппарат дутагдах эрсдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Амьсгалын аппаратны хүрэлцээ манай улсад ямар байгаа вэ?

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Монгол Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 633 ор байгаа. Эдгээрээс хүүхэд, төрөх, гэмтэл болон бусад чиглэлээр ажиллаж байгаа орнуудыг хасаад цаана нь 273 орыг насанд хүрэгчдэд ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Мөн нэмж орнуудыг тоноглож эхэлсэн. Азийн хөгжлийн банк, Засгийн газраас олгосон санхүүжилтээр бид амьсгалын аппаратуудыг нэмж аваад эмнэлгүүдэд хуваарилж байгаа. Ингэхдээ хамгийн их ачаалал авч байгаа ХӨСҮТ-д эрчимт  эмчилгээний 10 орыг нэмэлтээр дэлгээд ажиллаж байна.

Мөн хилийн боомтууд бүхий аймгууд эрсдэлтэй байгаа тул Баян-Өлгий, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төв зэрэг хилийн аймаг, сумдын эрчимт эмчилгээг чадавхжуулж буй. Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээнийх нь орыг нэмэлтээр тоноглоход анхаарч ажиллаж байгаа. Зөвхөн эрчимт эмчилгээний орноос гадна энэ өвчний үед хүчилтөрөгчийн хэрэгцээ маш их байгаа тул эмнэлгийн оруудыг ханаар нь хүчилтөрөгтэй холбох ажлуудыг хийж байна. Мөн хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа.

-Манай улсад иргэд 14 хоног тусгаарлагдахдаа өөрсдөө мөнгөө төлж байгаа. Бусад улс орнуудад ямар арга хэмжээ явуулж байна вэ?

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Гадаад улс орнууд ихэвчлэн олон улсын нислэгүүдийг хаасан. Гэсэн хэдий ч нислэг хүлээн авч байгаа улс орнуудын хувьд, ялангуяа халдвар голомтлон тархаж байгаа Европын бүс нутаг, Иран гэх мэт улсуудаас ирж байгаа иргэдийг улсаар нь ангилж байгаа. Ингээд шинж тэмдэгтэй байвал эмнэлэгт бүрэн тусгаарлаж, шинж тэмдэггүй өвчтөнүүдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Зарим улс орон зочид буудлуудыг бэлтгэсэн байна. Энэ хугацаанд эмнэлгийн бус байранд тусгаарлахад шаардлагатай зардлыг иргэд өөрсдөө төлж байгаа. Зарим улс орны хувьд тухайн улсын иргэн юм уу оршин суугч байвал гэр орондоо тусгаарлагдаж, харин богино хугаацанд ирсэн, гаднын хүмүүс өөрийн зардлаар тусгаарлагдаж байна.

-Карантины хугацааг 30 хоногоор хэрэгжүүлдэг улс орнууд байдаг юм байна. Манай улс гаднаас ирж байгаа иргэдээ 14-өөс дээш хоног тусгаарлавал яасан юм бэ. Тийм боломжтой юу?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Хөл хорио, карантиныг халдварт өвчин гарсан үед тавьдаг. Халдварт өвчин болгон өөрийн онцлогтой, өвөрмөц, нууц үеийн хугацаатай байдаг. Энэ үеийн хугацаанаас шалтгаалан халдварт өвчин болгон дээр хөл хорио тогтоох дэглэмтэй. Коронавирусийн халдварын тухайд ДЭМБ-аас тогтоосон албан ёсны нууц үеийн хугацаа 1-14 хоног гэж үзэж байгаа тул эхний ээлжинд бид хүмүүсээ 14 хоног тусгаарлдаж байгаа. Үүнээс цааш хүмүүс гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах журам мөрдөж ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button
Close